Ц.Элбэгдорж: Монгол кино улам хөгжин дэлгэрэх болтугай
Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойд зориулан Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлжээ.
Монголын кино урлагийн үе үеийн зүтгэлтэн, нийт ажилтан, уран бүтээлчид ээ,
Анх үүссэн цагаасаа монгол түмнийг соён гэгээрүүлэх, шинэ соёлд уриалан дуудах, залуу үеийг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн Монголын кино урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол киноны үе үеийн уран бүтээлчдийн сэтгэл оюунаас ундарга авсан “Монгол хүү”, “Цогт тайж”, “Ардын элч”, “Сэрэлт”, “Энэ хүүхнүүд үү”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Тунгалаг Тамир”, “Мандухай сэцэн хатан” зэрэг олон сайхан бүтээл Монголын кино урлагийн өнгө төрх, нүүр царай болон мөнхөрсөн билээ. 1935 оноос хойш Монгол оронд болж өнгөрсөн түүхэн гол гол үйл явдлуудыг манай баримтат киноныхон дуу дүрстэйгээр баримтжуулан авсан нь өнөөдөр төдийгүй ирээдүй хойчид ч Монголын түүхийн гайхамшигт баталгаа болон үлдэж байна.
Монгол кино анхнаасаа гараагаа амжилттай эхэлж, олон улсын нэр хүндтэй шагналуудыг удаа дараа хүртсээр ирлээ. Анхдагчдын тавьсан зөв суурин дээр киноны дараа дараагийн үе өсөж өндийж, бүтээж туурвисаар монгол кино 80 нас хүрчээ.
Зах зээлийн харилцаанд шилжсэн он жилүүдэд манай киночид их урлагийн төлөөллөө хадгалахын зэрэгцээ арилжааны зорилготой бүтээлүүд нэлээд хийж байна. Энэ бол зах зээлийн жам ёсны хөгжил юм. Гэхдээ аль ч тохиолдолд гоо сайхны хэмжүүр, мэргэжлийн шалгуур, ёсзүйн босго, соён гэгээрүүлэгч үүргээ Монголын киночид умартаагүй юм.
Угтан ирэх он жилүүдийн уртад Монголын кино урлаг ямагт шилдэг нь байж, алтан үеийнхний дархалсан алдар сууг хадгалж, улс орон, ард түмнийхээ төлөө ихийг хийж бүтээхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье.
Монгол кино улам хөгжин дэлгэрэх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
Улаанбаатар хот