О.Амгаланбаатар: Усны саван дээр зургаа байршуулсан маань хариуцагчийн баталгаа өгсөн явдал
-Танай аймагт сүүлийн үед ямар бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна?
-1000 айлын орон сууцны бүтээн байгууллалтыг онцолмоор байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 1000 айлын хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ч 3500 айлын орон сууц, үйлчилгээний төв, сургууль, цэцэрлэгийн дэд бүтэц шийдэгдэж байгаа юм.
Хамгийн гол нь Говь-Алтай аймагт өмнө нь хийгдэж байгаагүй хэрэглээний халуун устай орон сууцны асуудал шийдэгдэж байна. Учир нь манай аймагт өмнө нь баригдсан бүх байрнууд зөвхөн хүйтэн устай байсан. Гэтэл одоо баригдах орон сууцнууд маань халуун, хүйтэн ус нь шийдэгдсэн байгаа.
Үндсэндээ сүүлийн долоон сарын хугацаанд дэд бүтцийн ажил дуусч байна. Өнөө, маргаашгүй автомашины зам болон явган хүний, дугуйн зам ашиглалтанд хүлээгээд авчихвал дэд бүтцийн ажил эцсийн байдлаар дуусна гэж ойлгож болно.
Манай аймгийн төв Алтай хот ерөнхийдөө 4500 өрхтэй. Бидний хийж буй 3.8 км хатуу хучилттай зам, явган болон дугуйн зам томоохон бүтээн байгуулалтад орно. Цаашлаад 1.8 км газар доорх инженерийн шугам сүлжээний төлөвлөлт хийгдэж байна.
-Танай аймагт шинээр хорих анги баригдаж байна. Баригдах баригдахдаа бүр аймгийн төвдөө баригдаж байгаа нь гайхшрал төрүүлээд байна л даа?
-Энэхүү хорих анги улсын төсвөөр дэлхийн стандартын дагуу баригдаж байгаа. Энэ онд ашиглалтанд орно. Ер нь хөгжил ихтэй орнууд хотынхоо төвд шорон байгуулдаг жишиг бий. Учир нь хоригдож буй хүмүүсийн хувьд шоронгийнхоо цонхоор хараад энэ сайхан нутагтаа асуудал үүсгэлгүйгээр сайхан амьдрах юмсан гэж боддог гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.
Хол, ойроос шалтгаалж аюулгүй байдал өөрчлөгдөхгүй. Гол нь нийгмээс тусгаарлагдахгүй байж,эрүүл нийгэмд аж төрөх хүсэл тэмүүлэл бий болгохын тулд хорих ангийг хотын төвдөө шийдэж өгдөг.
-Алтайчуудын хувьд аймгийн төв нь Есөн булаг гэх энэхүү газарт нүүж ирсэнээс хойш 70 жилийн хугацаанд усны асуудлыг шийдэж чадаагүй байж байгаад саяхнаас шийдсэн гэдэг. Энэ талаар?
-Шийдэж чадаагүй хэд хэдэн асуудал байсны хамгийн чухал нь усны асуудал байсан. Усны асуудлыг шийдэх оролдлогыг үе үеийн удирдлагууд хийж байсан ч дорвитой үр дүнд хүрэхгүй байсаар өнөөг хүрсэн. Тухайлбал, 1960-1980 онд гурван удаа улс төрийн товчоо усны асуудлыг хэрхэн шийдэх талаар хуралдаж байсан. Хуралдааны эцсийн шийдвэрээр Алтай хотыг нүүлгэхээс өөр арга замгүй гэх шийдвэрийг гаргасан байдаг. Улмаар 1996 онд Засгийн газар хуралдаад Говь-Алтайн усны асуудлыг шийдэхээс өөр замгүй юм байна, гэхдээ гарц алга гэсэн байдаг. Гэхдээ өнөөдөр бид, ганцхан жилийн хугацаанд усны асуудлыг шийдэж чадлаа. Усны асуудлыг шийдэхдээ маш энгийн бөгөөд хялбарханаар шийдсэн. Өөрөөр хэлбэл, ердөө л 1.4 тэрбум төгрөгөөр шийдсэн.
-Иргэд усаа хэдэн төгрөгөөр худалдаж авч байгаа вэ?
-50 км-т усны үйлдвэрээ бариад усаа цэвэршүүлж, стандартад нийцүүлж 20 л-ийн усны саванд савлаад аймгийн төвийнхөндөө түгээчихэж байгаа юм.
20 л ус 500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Улаанбаатар төдийгүй бусад хөдөө орон нутагт 0.5 л ус 500 төгрөг байдаг. Гэтэл өнөөдөр 20 литрийн савлагаатай усыг 500 төгрөгөөр ууж байна гэдэг маш боломжийн хямд байгаа юм.
Ингэснээр нэг өрх жилд дунджаар 90 мянган төгрөгөөр ус худалдаж авах тооцоо гарсан. Бүтэн жилийн турш 90 мянган төгрөгийг өрх гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө усанд зарцуулна гэдэг бага мөнгө гэж бид бүхэн тооцож байгаа.
-Усны асуудлаа шийдэж чадаагүй байхад өвчлөлөөс эхлээд маш их асуудал гарч байсан гэсэн. Энэ талаар?
-Өнгөрсөн удаад хэрэглэж байсан харзадын усны хувьд эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байсан. Бүр энэ усыг хэрэглэхийг хориглосон шийдвэр удаа дараа гарч байлаа. Цаашлаад энэхүү усыг хэрэглэснээр хорт хавдар, ходоод гэдэсний өвчлөлийн үзүүлэлт улсын дунджаас дээгүүр байсан. Харин усны асуудлыг шийдсэнээр жил бүрийн нас баралт 11 хувиар, ходоод, элэг, цөсний өвчлөл 30 хүртэлх хувиар буурна гэсэн судалгаа гарсан. Тиймээс бид энэхүү судалгаа биелэлээ олно гэсэн итгэлтэй байгаа.
-Ус гэснээс усны саван дээр зургаа гаргасан явдал чин олон хүний шүүмжлэлийг дагуулсан. Энэ дээр тайлбар хийхгүй юу?
-Ер нь Монгол Улсад хариуцагч гэж зүйл байхаа больчихсон. Өөрөөр хэлбэл, энэ устай холбоотой ямар нэгэн асуудал гарвал үүнийг хариуцагч нь би юм аа гэх баталгаа өгдөггүй. Тэгвэл би энэхүү усанд баталгаа болсон.
Хоёрдугаарт, рекламны орон зай байгаа гэдгийг таниулсан. Үүн дээр аж ахуй нэгж маань рекламаа тавьбал Говь-Алтай аймгийн 4500 өрхөд өдөр бүр очиж чадах реклам шүү гэдгийг аж ахуй нэгжүүдэд өгсөн байгаа юм.
Өнөөдөр л гэхэд ЖИ МОБАЙЛ компани рекламаа байршуулчихсан байна. Цаашлаад аж ахуй нэгжүүд хөлс мөнгөө тохироод рекламаа тавия гэсэн саналаа тавьж байгаа юм билээ. Ийм саналаар би өөрийнхөө зургийг тавьсан. Говь-Алтайг мэдэхгүй хүмүүс Говь-Алтайчууд 70 жилийн хугацаанд шийдээгүй асуудлаа шийдсэн гэдгийг ойлгохгүй шүү дээ. Энэ байдлаас болж буруу зөрүү мэдээлэл их гарсан.
-Танай аймаг ирээдүй хойч үе болсон хүүхдүүд рүү чиглэсэн дорвитой ажлууд юу хийж байна. Төлөвлөгөөт ажлынхаа талаар?
-“Хот айл” нэртэй хүүхдийн хөдөлмөр зусланг ажлуулсан. Энэхүү ажлыг Монголын хүүхдийн байгууллага, зуслангийн холбоо зэрэг газрууд хамгийн шилдэг санаа гэж дүгнэсэн.
Энэхүү хүүхдийн хөдөлмөр зусланг бүх /17/ сумдадаа зэрэг ажлуулсан. Хамгийн гол нь эл зусланд амарсан хүүхдүүд монгол зан заншил уламжлалыг анхан шатны хэмжээнд эзэмшиж сурч байгаа.
Тухайлбал, тараг бүрэх, хонь мал хариулах арга барил, монголчуудын зан заншил зэргээс суралцаж байна. Цаашлаад удам угсаа, нутаг орных нь бахарлыг хүүхдүүдэд бий болгох юм.
-Зуслангийн хувьд төлбөртэй юу?
-Ямар ч төлбөр мөнгөгүй. Төсвөөс нэг ч төгрөг гаргалгүй энэ төслийг хийж байгаа нь давуу талтай юм. Хүүхдүүдэд зөвхөн дээлтэй ир гэдэг шаардлагыг тавьж байгаа.
-Алтай хотын хувьд энэ жил хэчнээн төгрөгний бүтээн байгуулалт хийгээд байгаа вэ?
-2014-2015 онд 80 тэрбум төгрөгний бүтээн байгуулалт хийсэн. Түүхэн 70 жилийнхээ хугацаанд 15 км хатуу хучилттай автомашины зам, 1.5 км явган хүний зам, 20 км газар доорх инженерийн шугамын дэд бүтцийг шийдэж чадсан. Сүүлийн нэг жилийн хувьд 15 км автомашины зам, 11 км явган хүний замыг мөн аймгийн төв маань 1000 гаруй км автомашины зогсоолтой байсныг 11 мянга болгож нэмэгдүүлсэн. Ингэхээр өнгөрсөн 70 жилтэй харьцуулахад тэрний 50 хувийн ажлыг ганцхан жилийн дотор хийсэн гэсэн үг.
-Бүтээн байгуулалтыг ер нь төсвийн мөнгөөр л хийж байгаа юу?
-Зөвхөн төсвийн мөнгөнд тулгуурлаж хийгээгүй. Аймгийн бизнес эрхлэгчидтэйгээ хамтраад нутаг орныхоо бүтээн байгуулалтад оролцохыг уриалж хамтарч ажилладаг. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхнийг уриалж, хамтран ажиллаж бүтээн байгуулалт, хотын өнгө үзэмжээ сайжруулдаг.
Тухайлбал, манай аймгийн бизнес эрхлэгчид автомашины зогсоол хийсэн. Бизнес эрхлэгчид маань харилцан ойлгож аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулснаараа нэг ч төгрөг аваагүй. Аймгийн төв гэлтгүй бусад сумдууддаа ч нэлээдгүй хөрөнгө оруулалтыг хийсэн.
-Цэцэрлэг, сургуулийн хувьд хүрэлцээ хэр вэ?
-Говь-Алтай аймгийн хувьд гурван сумдад 100 хүүхдийн цэцэрлэг бариулж, энэ жил ашиглалтанд хүлээж авах гэж байна. Аймгаасаа 30 хувийн хөрөнгө гаргаж, үлдэх хөрөнгийг нь концессийн гэрээгээр хийлгэх замаар цэцэрлэгийн асуудлаа шийдэж байгаа.
Гурван суманд цэцэрлэг зэрэг ашиглалтанд оруулах явдал бусад аймгуудад байхгүй байх. Мөн төсөл хөтөлбөрүүдэд хандаж хоёр цэцэрлэг засварт орж, хүүхдүүдийн хүмүүжих нөхцөл сайжирсан.
-Эрчим хүчид холбогдоогүй сум байгаа юу?
-Монгол Улсын хэмжээгээр төвийн эрчим хүчид холбогдоогүй гурван сум байсны хоёр нь манай аймагт байсан. Тэгвэл энэ жилээс тэдгээр сумдаа төвийн эрчим хүчид холбож чадсан. Хамгийн гол нь төсвөө зөв хуваарилж аль болох бага зардлаар хүмүүсийн хүсэн хүлээсэн хэрэгтэй зүйлийг хийе гэж зорьсондоо энэ бүхнийг хийж чадсан гэж бид бүхэн харж байгаа.
Төсөв хүндрэлтэй байгаа. Гэхдээ төсөв хүндэрлээ гээд бид зүгээр суусангүй. Орж ирэх ёстой орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө 80 хувьтай явж байгаа. Гэхдээ бага мөнгөөр их ажил хийж болдог. Хамгийн гол нь зөв менежмент, арга барилаар ажиллавал болдог юм аа гэдгийг л манай аймгийнхан харуулж чадсан.
-Танай аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байна?
-Манай аймаг Монголын 21 аймгаас 100 хувийн зунтай байсан. Энэ жилийн хувьд бусад аймагт байгаагүй дэлгэр сайхан зун болсон. Малчдын хувьд зун сайхан болсон учир зуд гайгүй байх гэж дүгнэж байгаа. Төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл бол хангагдсан.
-Аймгийн хэмжээнд иргэдийн ахуй амьдрал, амжиргааны түвшин хэр вэ?
-Ажилгүйдэл ихтэй байгаа. Ажилгүйдлийн түвшинг бууруулах тал дээр бид төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Анх удаа орон нутгийн хөгжлийн сан дээр 200 гаруй сая төгрөг тавиад ажлын байр нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй явуулж байна.
Манай аймгийн хувьд ядуурал, тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэлээн байдаг. Энэ хүмүүсийг аль аль талаас нь дэмжиж ажилладаг.