НҮБ-ын 70-р чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлнэ

2015 оны 9 сарын 22

    НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт Нью-Йорк хотноо энэ сарын 25-27-ны өдрүүдэд болно. Дээд хэмжээний уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батална. Дээд хэмжээний уулзалтад 160 гаруй улс Төр, засгийн тэргүүн, 30 гаруй улс Гадаад хэргийн сайдын түвшинд оролцох аж. Дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, эхний өдөр есдүгээр сарын 25-ны өдөр байр сууриа илэрхийлж үг хэлнэ.  Мөн Дээд хэмжээний уулзалтын хүрээнд зургаан үндсэн сэдвээр өндөр түвшний хэлэлцүүлэг болох бөгөөд есдүгээр сарын 27-ны өдөр болох "Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх нь" сэдэвчилсэн хэлэлцүүлэгт манай улс Ерөнхийлөгчийн түвшинд оролцож, байр сууриа илэрхийлэх юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган энэ сарын 15-ны өдөр ажлаа эхлэв. Энэ удаагийн чуулганаар олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах, энхийг сахиулах ажиллагаа, үндэстэн дамнасан гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх, олон улсын эрх зүй, нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх, НҮБ-аас үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, НҮБ-ын төсвийн санхүүжилт, үндсэн болон системийн байгууллагуудын сонгууль зэрэг дэлхийн улс түмний өмнө чухлаар тавигдаж буй 170 гаруй багц асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргах болно.

Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы даргаар Дани Улсын Парламентын дарга Могенс Ликкетофт сонгогдсон бөгөөд тэрээр 70 дугаар чуулганыг "НҮБ 70 жилд-Шинэ үүрэг амлалт" (The United Nations at 70 — A New Commitment to Action) сэдвийн хүрээнд явуулах аж.

Чуулганы Ерөнхий санал шүүмжлэл энэ сарын 28-наас аравдугаар сарын 06-ны өдрүүдэд болно. Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаадбодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж үг хэлнэ.

Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 23-30-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллахдаа зарим улсын Төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, холбогдох бусад арга хэмжээнд оролцоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25345
0 эможи
keyboard_arrow_up