Ерөнхийлөгч УИХ-ыг тараах хүслээ экс зөвлөхдөө дайсны учир

2015 оны 9 сарын 15

        Ням гарагт байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүмжлэлт илтгэл тавилаа.

 

Тэрээр хариуцлагатай, ёс зүйтэй улс төрийг хэрхэн бүрдүүлэх, засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хэрхэн явуулах болон гадаад бодлогын зарчмын тухай асуудлуудыг хөндсөн. Ерөнхийлөгчийн хэлсэн үгсээс Шийдлийн засгийн газрыг шийтгэхийг уриалсан үгс анхаарал татлаа.

 

Илтгэлийн дийлэнх нь өнөөгийн УИХ, засгийн газар болохгүй, бүтэхгүйн туйл болсон тул үүнийг өөрчилье, ямар нэгэн шийдэлд хүрье гэсэн санаа байв.

 

“Бүгдээрээ улсаа бодъё л доо. Заавал энэ улс төрд орчихоод, хариуцлага хүлээхгүй, бүдүүлэг зан гаргаад Монгол Улсыг хохироогоод явж болохгүй”


“Алдаа гаргасан бол хариуцлага хүлээдэггүй, засч залруулдаггүйгээс хүмүүсийн итгэл алдарч байгаа нь тогтворгүй байдал үүсгэж байна. Иймээс бид Монголын улс төрд хариуцлагыг авчрах цаг болсон”


“Төрийн албыг дураараа самардаг байдалд цэг тавья. Одоо бид нар энэ байгаа байдлаа ярьж, шийдвэрээ гаргах цаг болсон”


“Өвстэй хашаанд хургануудаа хөөж оруулаад таргалахаар нь нядалж иддэг шиг, иймэрхүү хувиа бодсон байдлаар хандаж болохгүй. Одоо зогсоё. Үүнээс цааш яаж явах юм бэ” хэмээн Ерөнхийлөгч уриаллаа.

 

Түүнийг ингэж хэлэнгүүт л хуулийг нь батлаад, хэлснээр нь явахгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ байдалдаа цэг тавья гэдэг нь 9-хөн сарын нас үлдсэн УИХ-ыг тараах ёстой гэсэн байр суурь хэмээн харж болох юм.

 

Учир нь өчигдөр Ерөнхийлөгч өөрийн твиттер хуудаснаа “УИХ-д хэлсэн үгнээс нэг зүйлийг тодотгоё. Ерөнхий сайдад УИХ-ын ээлжит бус сонгууль зарлах эрх олгоё гэж залруулж хэлснээр минь ойлгоно уу” хэмээн бичжээ.

 

 

Ийм дүгнэлт хийхэд хүргэсэн бас нэгэн шалтгаан нь түүний зөвлөх асан М.Батчимэгийн байр суурь. УИХ-ын гишүүн М.Батчимэг өнгөрсөн сараас эхлээд л УИХ тарах хэрэгтэй гэдэг байр сууриа мэдэгдсэн. Энэ тухайгаа долоо хоногийн эхэнд дахин ярихдаа “Бид ерөнхий сайд нь өөрөө танхимаа бүрдүүлдэг зарчмыг авах гэхчлэн Үндсэн хуульд оруулах зайлшгүй цөөн өөрчлөлтийг тусгаж батлаад, бусад зайлшгүй шаардлагатай хэдэн хуулийг баталчихмаар байна” гэсэн юм.

 

М.Батчимэг гишүүн АСЕМ зэрэг хүчин зүйлсийг харгалзаж үзээд дараагийн парламентын сонгуулийг урагшлуулах ёстой гэж тайлбарласан ч түүний хэлж буй үг, илэрхийлж буй байр суурь Ерөнхийлөгчийнхтэй яг давхцаж байгаа нь энгийн зүйл биш. Ерөнхийлөгч өөрийн үгээ экс зөвлөхдөө дайсан шинж тодоос тод харагдаж байна.

 

Нөгөө талаас Ерөнхийлөгч УИХ-ыг тараая гэсэн бас нэгэн шалтгаан байгаа нь 2017 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч буйтай холбогдож болох юм. Хууль ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөр нэг удаа улиран сонгогдох буюу дараалан найман жил суух эрхтэй. Тэгэхээр УИХ-ыг тараана гэсэн “ташуур”-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулж, тэрхүү өөрчлөлтөнд Ерөнхийлөгчид суух хугацааг 6 жил болгоно гэж оруулсан гэх шум сараал ордонд хөвөрч байна. Ц.Элбэгдорж, М.Батчимэг нар хоёулаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжиж байна.

 

Эв нэгдлийн бэлгэдэл болсон Ерөнхийлөгч УИХ-аа тараая гэж байгаа нь өөрийнх нь хэлсэн шиг хариуцлагагүйн хязгаарыг давж буйтай, мөн дээрх шалтгаантай холбогдож байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25141
0 эможи
keyboard_arrow_up