Ерөнхийлөгчийн хоригийг иргэд 100 хувь дэмжсэн гэв
УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн тухай хуулиар авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахаар тусгасан нь өнгөрсөн хугацаанд энэ төрлийн хэрэгтэй тэмцэж ирсэн ажлыг үгүйсгэсэн хэрэг боллоо гэж ИЗНН-ын удирдлагууд мэдэгдлээ.
Тус нам Өршөөлийн хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг дэмжиж, наймдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Чингисийн талбайд санал асуулга зохион байгуулжээ. Санал асуулгад 5000 гаруй иргэн оролцоход 100 хувь “Авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөлд хамруулах нь буруу. Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна” гэжээ.
Иргэдийн энэхүү саналыг УИХ-ын 76 гишүүнд хүргүүлж, ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой гэж тус нам үзжээ.
Нөгөө талаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг зарим улстөрийн хүчин тайлбарлахдаа “УИХ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авбал нэг ч иргэн суллагдахгүй” гэж мушгиж байна. Хоригийг мушгин гуйвуулж иргэдийг төөрөгдүүлсэн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох ёстой” гэж тэд мэдэгдэв.
Энэ үеэр ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Янаас дараах асуултад хариулт авлаа.
-Ээлжит бус чуулган зарлах эсэх тодорхойгүйгээс Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэх хугацаа хойшлогдсоор байна?
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэнтэй тэмцэх ажлыг зогсоохгүй, цаашид улам илүү эрчимтэй, улам хүчтэй явуулах болно. Засгийн газрыг бүрдүүлэлгүй удаж байгаа нь эдийн засгийн хөгжилд маш сөрөг нөлөөтэй. Засгийн газар бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаагаас ажил цалгардаж буйг үгүйсгэх аргагүй. Ган гачиг, ургац алдалт, дэлхийн эдийн засгийн уналт гээд асуудал их байна, энэ бүгдэд Засгийн газар бэлтгэлгүй байна.
Бичин жилийн зудын тухай ярьж байна. Гэтэл өвөлжилтөд яаж бэлтгэх юм. Дараа нь сонгуулийн жил залгана, эдийн засгаа яаж босгох ёстой юм. Үүн дээр Засгийн газар төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой. Хэдэн нөхөр албан тушаалтай болохын төлөө улсын ажлыг хойш чангааж цаг алдах нь илүү хохиролтой. Дээр нь сайдыг тодруулахдаа аль нэг фракцийн эрх ашиг харахаас илүү чадвартай хүнээ л томилох ёстой.
-ИЗНН-ын дарга Ц.Ганхуягийг дэд сайдаар томилно гэх мэдээлэл байна. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнээс МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийг гаргаж, ИЗНН, бие даагчдаар бүрдүүлнэ гэх яриа ч бий. Энэ талаар тодорхой мэдээлэл байна, танай намд санал ирсэн юм уу?
-Таамаг төдий асуудал байна.
-Санал ирвэл хүлээж авах уу?
-Улс төрийн зөвлөлөөрөө хэлэлцэж шийдвэрээ гаргана.
-Өршөөлийн хуулийг УИХ-аар хэлэлцэхэд танай намын гишүүд хоригийг дэмжих үү.
-Дэмжинэ. С.Оюун, С.Дэмбэрэл нарын гишүүд ч энэ талаар байр сууриа маш тодорхой илэрхийлж байгаа.