Монгол Улсын Ерөнхийлөгч Японы КЭЙДАНРЭН байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

2015 оны 8 сарын 26

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо буюу КЭЙДАНРЭН-ийн Ерөнхийлөгч Садаюки Сакакибара тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүс байлцав.

 

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Эрхэм хүндэт, ноён Сакакибара болон КЭЙДАНРЭН байгууллагын төлөөлөгч та бүхэнтэй уулзахад туйлын таатай байна. Тус байгууллага нь Японы нийслэл Токио хотноо өнгөрсөн хугацаанд Монгол, Японы бизнесийн байгууллагуудын  уулзалтыг хоёр удаа зохион байгуулсан. Өнөөдөр та бүхэн ийм өргөн бүрэлдэхүүнтэй ирж, Монголын бизнес эрхлэгчид, төр засгийн албан тушаалтнууд, шийдвэр гаргагчидтэй уулзаж байгаа нь үнэхээр чухал юм. Монгол, Японы харилцаа, ялангуяа улс төрийн салбарын хамтын ажиллагаа, итгэлцэл маш өндөр түвшинд байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.

Одоо бид эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх шаардлагатай байгаа. Иймээс та бүхний айлчлал цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой айлчлал болж байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абе гуай хүртэл манай хоёр орны харилцааг “эрч”, “эрч +” гэж тодорхойлсон. Үүнийг илүү их эрчтэй, хурдтай, илүү их агуулгатай хамтран ажиллая гэсэн санаа гэж бид ойлгож байгаа. Манай хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ байгуулсан сайн мэдээтэй.

Аливаа улс орны төр засгийн үйл ажиллагаа ард иргэдийнхээ хүсэл зоригийг хэрэгжүүлэх, бизнесийн бүтээлч үйл ажиллагааг дэмжихэд чиглэгддэг. Энэхүү хэлэлцээр нь манай хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн гол баримт бичиг, ололт амжилт юм. Эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхэд КЭЙДАНРЭН байгууллагын манлайлал маш чухал юм.

Та бүхэн Монголд айлчлах үеэрээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон бусад сайд нартай уулзана гэж сонссон. Иймээс богино хугацаанд их мэдээлэл авна гэж найдаж байна. Амжилт хүсье” гэв.

КЭЙДАНРЭН-ийн Ерөнхийлөгч Садаюки Сакакибара хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд “Юуны өмнө Монголд ардчилсан хувьсгал ялсны 25 жилийн ой тэмдэглэж байгааг тохиолдуулан баяр хүргэе. Ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засгийг амжилттай хөгжүүлж байгаа Монголын ард түмэнд баяр хүргэе.

Эрхэмсэг ноён, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд өнгөрсөн тавдугаар сард айлчлахад би бараалхаж байсан. Тухайн үед танай зүгээс Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны удирдлагыг Монголд урьсан. Энэхүү урилгын дагуу бид нийт 39 хүний бүрэлдэхүүнтэй Монголд хүрэлцэн ирээд байгаадаа нэн таатай байна” хэмээв.

Мөн уулзалтын үеэр Японы хөрөнгө оруулалт, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, дотоодын бүтээгдэхүүнээ Японы болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх талаар ярилцлаа. Түүнчлэн Монгол, Японы хоорондын уул уурхай, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, энэ салбарт Японы технологийг өргөнөөр нэвтрүүлэх тухай санал болилцлоо.

КЭЙДАНРЭН нь 2002 оны тавдугаар сард “Эдийн засгийн нэгдсэн холбоо”, “Японы эдийн засгийн удирдагчдын холбоо” гэсэн салангид үйл ажиллагаа явуулж байсан холбоод нэгдсэнээр эдийн засгийн нэгдсэн холбоо болон байгуулагдсан түүхтэй.

Одоо тус холбоо нь нийт 1623 гишүүн компаниас бүрддэг. Үүний дотор Японы дэлхийд нэр хүндтэй 1308 компани, үйлдвэр үйлчилгээний 114 холбоо, орон нутгийн эдийн засгийн 47 холбоо байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24625
0 эможи
keyboard_arrow_up