АН Ерөнхийлөгчийнхөө эсрэг Н.Энхбаярыг тавьж магадгүй

2015 оны 8 сарын 26

     -АН өршөөлийн хуулийг хэрэгжүүлэхээр МАХН-ыг турхирч эхэллээ-
АН ямар зорилгоор өршөөлийн хууль баталсан нь бараг л ил болсон энэ үед Ерөнхийлөгч ард түмний шахалтаар шахуу хориг тавьсан нь зарим хүнд таалагдахгүй, зарим хүнд таалагдаж байгаа нь илт байна. Энэ хоригийг таалахгүй байгаа хэсэг бүлэг этгээдүүд өршөөлийн хуулиа хэрэгжүүлэхээр бусдыг эгнээндээ нэгтгэн Ерөнхийлөгчийн өөдөөс “сул тавьж байна”. АН-ынхан дэлхийн хаана ч байхгүй зүйл, заалттай өршөөлийн хууль баталж, ил цагаандаа гарсан шигээ үйлдлүүдийг ойрын үед хийхээр төлөвлөсөн нь харагдаж эхэллээ.

Төлөвлөгөөт энэ ажил нь зургаан сайд албан тушаалдаа орсон цагаас эхлэн эрчимжиж эхлэх аж. 10 сарын 1 буюу намрын ээлжит чуулган зарлагдахад зургаан сайдыг албан тушаалд нь томилох ба өөрөөр хэлбэл 10 сарын 1-нээс эдийн засгийн өршөөлийн хуульд тавьсан хоригийг цуцлах зүйл бүрийн арга хэрэглэж эхлэх нь. Үүний эцсийн арга нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Ц.Элбэгдоржийн эсрэг тавих юм. Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийн хувьд эмзэг цэг гэдгийг АН-ынхан аль хэдийнэ ойлгосон ба саяхан баталсан өршөөлийн хуулиар эх орондоо ирсэн Н.Энхбаярыг хараад Ц.Элбэгдорж эвгүйтэж барьц алдсаныг АН-ынхан нь анзаарч, эцсийн найдвартай аргаараа нэрлэжээ. Н.Энхбаярыг харахаараа л  Ерөнхийлөгчийн намба төрхөө алддаг Ц.Элбэгдорж тэртээ бөхийн өргөөнд сууж байхад нь Н.Энхбаяр орж ирж ард иргэд гарыг барьж байгааг хараад мэл гайхаж, цэл хөхөрч байв. Ингэж л Ерөнхийлөгчийнхөө амин судсыг олж авсан АН-ынхан Н.Энхбаярыг эх оронд нь авчраад зогсохгүй, шадар сайдад хүртэл зүтгүүлж үзэн болохгүй болохоор нь  эцэстээ түүнтэй нууц тохироо хийгээд өнгөрөв. чухамхүү тэр тохироонд нь Ц.Элбэгдоржийг “Энхбаярдах” төлөвлөгөө байгаа эсэхийг би тааж мэдэхгүй юм. Н.Энхбаярыг Ц.Элбэгдоржоос илүү үзсэндээ хоёр сайдын суудал өгөхөөр төлөвлөж байсан ч түүнийг харуутаа гурвыг өгч доль харайсан юм байх. АН-ынханд өршөөлийн хууль л баталж байвал сайдын суудал, ирэх сонгууль ялалт байгуулах эсэх нь тийм ч чухал биш болжээ. Ерөнхийлөгч хориг тавьж АН-ынхны ашиг сонирхлын зөрчил нь хумигдаж, тарчилж байхад нэмэр дээр нэрмээс гэгчээр МАН-ынхан Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцсэн. Тиймээс АН-ын улстөрийн гурав дахь том хүчин болсон МАХН-ыг эгнээндээ нэгтгэж, тэр нь Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ. Ард түмний өмнө харагдах байдлаа бодсон ч, сонгууль дөхсөн энэ үед ирэх сонгуулиар хэдэн санал авахаа бодсон ч өршөөлийн хуулийг дэмжихгүй байх учиртай МАХН-д АН-ынхан юу амлав. МАН-ы зургаан сайдыг хөөж, сулласан зургаан яамнаас анхлан хоёрыг нь МАХН-д өгнө гэж ярьж байсан ч гурвыг өгөхөөр болсон. Тэгэхээр ганцхан сайдын суудлаар МАХН АН-д “биеэ худалдсан” болж таарч байна уу.

Угаасаа яах гээд байгаа нь мэдэгдэхгүй саармаг, бөөрөнхий байдлаараа улстөрийн намын эр зориггүй харагддаг МАХН өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсантай холбогдуулан улстөрчид, тэдгээрийн намууд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байхад ганцаар дуугүй сууж байсан. Тэгэхээр ганц суудлаар “биеэ худалдаагүй” юмаа гэхэд ямар ч байсан гурван суудлаар худалдсан болж таарч байна. Ерөнхийлөгч хориг тавиад багагүй хугацаа өнгөрч байхад МАХН-аас өчигдөр мэдэгдэл хийж, хоригийг хүлээж авахгүй гэв. Үүгээрээ МАХН ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлээд байна уу авлигачдын нам гэдгээ батлаад байна уу, ямартай ч нэг тийм дүр зураг харагдаад явчихлаа. Мөн өчигдрийнхөө мэдэгдэл дээр МАХН-ынхан сайдын суудалдаа залрахаар байж ядаж, багтаж шингэхгүй явж байгаагаа “илэрхийлэв”.

МАХН “биеэ худалдан” байж АН-аас олж авсан шадар сайд, Барилга хот байгуулалтын яам болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд сайд болох хүмүүс сонгосон МАХН-ынхан “АН оногдсон квотдоо сайд нараа тодруулж чадахгүй байна. МАХН аль хэдийнэ нэрсээ тодруулсан. Сайд нарын асуудлыг гацаах сонирхол алга” гэж 10 сарын 1-нд сайд болох нь хойшлогдчих вий гэж байж ядаж байгааг нь МАХН-ын бүлгийн дарга, шадар сайдад нэр дэвшээд буй Н.Батцэрэг хэлэв. МАН-ы зургаан сайд засгаас гарсан цагаас хойш шинэ сайдын суудалд алалцаж буй АН-ынхан одоог хүртэл сайд нараа тодруулж чадахгүй байгаа нь “алалцаан” нь хэрхэн ширүүн болж байгааг илтгэсээр л байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24621
0 эможи
keyboard_arrow_up