“Төрийн эмхэтгэл”-д Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүрэн нийтлээгүй гэдэг нь үндэслэлгүй гэв

2015 оны 8 сарын 24

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 31 дэх дугаар  энэ сарын 21-нд буюу баасан гарагийн орой хэвлэгдэн гарсан.

 

Эмхэтгэлийн шинэ дугаарт Өршөөл үзүүлэх тухай хууль, Комисс байгуулах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ. Гэтэл Өршөөлийн тухай хуулийг нийтлэхдээ Ерөнхийлөгчийн уг хуульд тавьсан хоригийг хэсэгчлэн оруулсан талаар МАН-ын хуулийн зөвлөх Б.Энхбаяр онцолсон.

Түүний дамжуулснаар Ерөнхийлөгч Өршөөлийн тухай хуулийн 4, 7, 5.1 болон 9.1.3 гэсэн заалтуудад хориг тавьсан. Гэтэл "Төрийн мэдээлэл"-ийг хэвлэхдээ дээрх хоригийн заримыг огт тусгаагүй гэжээ. Мөн Төрийн мэдээлэлд хэвлэгдсэн бол тухайн хууль хүчинтэйд тооцогддог. Иймд Ерөнхийлөгчийн хоригийг орхигдуулсан нь ноцтой үр дагавартай гэж  жиргэн, дараах зургуудыг хавсаргажээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим сүлжээгээр тарсан дээрх мэдэгдлийн талаар бид УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад дараах хариултыг өглөө.

"Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 болон 7 дугаар зүйлүүдэд хориг тавьсан. Ерөнхийлөгчийн тамгын газраас бидэнд ирүүлсэн албант тоотын дагуу бид "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд хуулийг оруулахдаа заасан цагт нь, зохих журмын дагуу нийтэлсэн. Хэрэв бид Ерөнхийлагч хориг тавиагүй байхад 5 болон 9 дүгээр зүйлүүдэд тэмдэглэгээ хийсэн бол эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт унана. Бидэнд редакцийн засвар хийх эрх байдаггүй. МАН-ын зарим албан тушаалтан хуулиа  сайн ойлгоогүй" байна гэсэн хариулт өглөө.

Дашрамд хэлэхэд Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө "Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүллээ. Холбогдох хууль, журмын дагуу УИХ Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцэх байх" гэсэн юм..

Өршөөлийн хуулийн тухайд

Засгийн газар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг 2015 оны долдугаар сарын 03-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.

УИХ уг хуулийн төслийг УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулганаараа хэлэлцэн наймдугаар сарын 11-ний өдөр баталсан.

Энэ хуулиар 2015 оны долдугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан.

Өршөөлийн тухай хуулиар өршөөлийг дараах байдлаар үзүүлэхээр зохицуулсан. Үүнд:

-Зарим этгээдийг ял, шийтгэлээс бүрэн өршөөн хэлтрүүлэх;

-Зарим этгээдийн ялаас тодорхой хугацааг өршөөн хасах;

-Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох;

-Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор заажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24555
0 эможи
keyboard_arrow_up