Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-аас дэмжлэг авч чадах уу
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Ерөнхийлөгчийн Тамгын газар хоригоо УИХ-ын Тамгын газарт хүргүүлээд байгаа. Харин Төрийн тэргүүний тавьсан хоригийг Их хурал хүлээж авах уу? Энэ л том асуулт болоод байна. УИХ-ын гишүүд хүлээж авахгүй бол Ерөнхийлөгчийн хориг ямар ч үнэ цэнгүй болж, хориг тавьсан нэртэй л хоцорно. Түүний хориг тавьж буйгийн цаана авлига, албан тушаалын гэмт хэргээр шалгагдаж буй хэргүүд замхарна тэр дундаа МАХН-ын дарга Н.Энхбаяр өршөөгдөх гэдэг байгаа юм. Уг хуулиар авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа 40 гаруй хэрэг үндсэндээ хэрэгсэхгүй болох аж. Авлига албан тушаалын хэрэгт тогтоогдсон 32 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа юм байна. Нийт 150 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг шийдэгдэхгүй орхигдох аж.
Ерөнхийлөгчийн зүгээс ийм байдалтай санал нийлэхгүй учраас л хориг тавиад байгаа. Өршөөлд хамрагдах хүмүүсийн дийлэнх нь Ардын намын гишүүд байгаа гэх мэдээлэл цацагдах болов. Ардчилсан намын гишүүд ч бий. МАХН-ын хувьд дарга нь өршөөгдөх учир тэд хоригийг хүлээж авахгүй нь мэдээж. Энэ бүгдээс харахад Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг тэд хүлээж авч, хэрэгжүүлэх нь юу л бол.
Төрийн тэргүүн Өршөөлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, долоодугаар зүйл дээр хэсэгчилсэн байдлаар хориг тавьсан. Энэ хуулийн 9 дүгээр зүйл дээр өршөөлд хамруулахгүй хэргүүдийг зүйлчилж өгсөн. Үүнд тэр бүр үйлдэгддэггүй хэргүүд буюу агаарын хөлөг авч зугтаах, терроризмыг санхүүжүүлэх гэх мэт хэргүүдийг хамруулахгүй гэж заасан байсан. Гэтэл гол үйлдэгддэг, хохирол ихтэй хэргүүдийг өршөөлд хамруулахаар тусгасан байгаа юм. Ялангуяа авлига албан тушаалын, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулан залилсан хэргүүд багтжээ.
Үүнийг л эсэргүүцэж тэр хориг тавьсан. Тийм боловч хоригийг нь дэмжих гишүүд УИХ-д хэр олон байна вэ?