Оюутан цэргүүд тангараг өргөлөө

2015 оны 8 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт чиглэл өгсөн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж 2014 оны дөрөвдүгээр сараас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлсэн билээ.

“Оюутан цэрэг-2015” хөтөлбөр амжилттай өндөрлөж, Чингисийн талбай дээр энэ оны оюутан цэргүүд эх орондоо үнэнч байхаа илэрхийлэн өнөөдөр тангараг өргөж Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэв.

Өнгөрсөн 2014 онд эхний ээлжийн “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж нийслэлийн 42 их, дээд сургуулийн 418 оюутан-дайчид дөрвөн сарын турш цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн тусгай  мэргэжлийн бэлтгэлд хамрагдан  тангараг өргөж байсан бол энэ 2015 онд нийслэл, орон нутгийн 66 их, дээд сургуулийн 1000 оюутан цэрэг хамрагдан тангараг өргөснөөрөө онцлог боллоо. Оюутан цэргүүд буудагч-тасгийн дарга бага мэргэжлээр бэлтгэгдсэн юм.

Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх, “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал Д.Даваа, БХЯ, ЗХЖШ, Монголын оюутны холбооны удирдлагууд, багш нар, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, оюутан дайчдыг төлөөлж МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийн Нано инженерчлэлийн ангийн 1 дүгээр курсын оюутан, онц буудагч Ц.Золбаяр нар үг хэллээ.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлсэн үгэндээ “Цэргийн тангараг өргөнө гэдэг бол ердийн ёслол биш, Үндсэн хуульд заасан эх орноо батлан хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлэхээ эх орондоо тангараглаж байгаа гүн хүндэтгэл юм. Энэ цаг мөчөөс та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж эх орон дуудсан цагт бэлэн байх үүрэг хүлээж, түүнийгээ ухамсарлан ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагаа улам бүр туршлагажиж чанаржин амжилттай хэрэгжлээ. Өнөөдөр цэргийн тангараг өргөж эх орны хүү, эр цэрэг болсон оюутан цэргүүддээ баяр хүргэж сурлагын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийн Нано инженерчлэлийн ангийн 1 дүгээр курсын оюутан, онц буудагч Ц.Золбаяр “Оюутан цэрэг” хөтөлбөрийн сургалт үнэхээр ачаалалтай хүнд байсан ч сургамжтай, сонирхолтой байлаа. Дөрвөн сарын өмнө “Оюутан цэрэг” хөтөлбөрийн цэргийн ерөнхий бэлтгэлийн хичээл эхэлж байсан бол өнөөдөр 1000 аав, ээжийн хүү 1000 эх орны хүү боллоо. Цэргийн хуаранд очсон эхний өдрөө захны даавуу хадах гэж хурууныхаа өндгийг зүүгээр шивж байсан бол өнөөдөр хувцасныхаа ханзархайг өөрөө оёдог болсон. Гутлын жийргээ ороож чадахгүй 3-хан км-т хөлөө холгуулж байсан бол өнөөдөр 30 км-т ч тоохгүй болсон. Энэ бол хамгийн энгийн жишээ. Хугацаат цэргийн албан хаагчдын бүтэн жил сурдаг цэргийн хэргийн мэдлэгийг 4-хөн сард багтаан сурахын тулд маш шахуу хуваариар хичээллэж, өөрсдийн боломж бололцоог бүрэн дайчлан суралцсан, үүгээрээ ч бид бахархаж байна. Хүний ёсоор хандаж цэргийн ёсоор ажиллана гэсэн алтан зарчимтай офицер, ахлагч нарын маань хичээл зүтгэлийн үр дүнд бид эр цэрэг, эх орны хүү боллоо. Бид цэргийн үндсэн бага мэргэжил болох буудагч мэргэжил эзэмшлээ. Бууг зөвхөн киноноос харж, компьютер дээр буудаж байсан оюутнууд одоо буудлагын бүх төрлийн зэвсэглэлээр мэргэн гал явуулж, байлдааны гранат ашиглаж, буудлагын үед гарсан гацаа гэмтлийг арилгаж, хагас задаргаа, угсаргаа хийж сурсан. Бидний бие бялдар ч чийрэгжлээ. Анх гар дээр 10 суниаж чаддаггүй байсан байлдагч одоо 60-70 суниадаг, ихэнх нь төвөггүй сонс эргэж байна. Манай ротын нэг байлдагч 110 кг жинтэй очоод одоо 80 кг болсон. Бас олон байлдагч тамхинаас гарсан. Үг дааж үглүүлж сурсан.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, БХЯ, БСШУЯ, ЗХЖШ, БХИС, МОХ-нд цэргийн тангаргаа өргөсөн дайчин нөхдөө төлөөлж чин сэтгэлээсээ баярлалаа гэж дахин хэлье” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24286
0 эможи
keyboard_arrow_up