Монгол Улсын Ерөнхийлөгч Японы Ерөнхий сайдын тусгай элчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайдын тусгай элч Цүтомү Такэбэг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд ноён Цүтомү Такэбэ Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулан өгөв. Японы Ерөнхий сайдын тусгай элч уулзалтын эхэнд хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүчин зүтгэл их байдагт талархал илэрхийлээд зөвхөн энэ 2015 онд л гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд төрийн гурван өндөрлөг Япон Улсад айлчилсан нь харилцаа, хамтын ажиллагаа ямар өндөр хэмжээнд хүрээд байгааг илэрхийлж байна гэлээ. Тэрээр мөн Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/-т гарын үсэг зурж, хоёр орны Парламент соёрхон баталсанд Японы Ерөнхий сайд Ш.Абэ чухал ач холбогдол өгч байгааг тэмдэглэн хэллээ.
Ноён Цүтомү Такэбэ нь 1991 онд Японы Ерөнхий сайд асан Т.Кайфугийн айлчлалын үеэр Монгол Улсад анх ирж байснаа дурсч, түүнээс хойш 24 жилийн хугацаанд Монгол орон асар их өөрчлөгдөн хөгжсөнийг дурдаад Монголд ардчиллыг суурьшуулан хөгжүүлэхийн төлөө идэвх чармайлт гарган ажиллаж ирсэнд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүндэтгэл илэрхийлж, хоёр орны харилцааг өндөр түвшинд хүргэхийн төлөөх зүтгэлд нь талархал дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлсэн үгэндээ Монгол Улсад анхны чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн арга хэмжээнд Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн тусгай элчийн хувьд хүрэлцэн ирж оролцсонд нь ноён Цүтомү Такэбэд талархал илэрхийлэв. Мөн Японы Ерөнхий сайд Ш.Абэ халуун дотно үгтэй видео мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийллээ. Тэрээр мөн “Ардчилсан сонгуулийн ой бол бидний хамтын баяр юм. Бидний харилцааны хамгийн чухал амжилт бол Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг баталсан явдал юм. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болж байна. Энэ нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний урсгал болоод иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсыг бүс нутаг болон дэлхийн зах зээл, эдийн засгийн интеграцитай холбогдоход чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Ш.Абэд чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээ дэвшүүллээ.