“Оны тэргүүн алдартан”аар ерөнхийлөгч хоёр дахиа тодорлоо
Нэгэн жилийн уртад монгол түмнээ манлайлсан эрхмүүдийг “Өнөөдөр” сонин арван хоёр дахь жилдээ могой жилд анх удаа тодруулсан. 2002 оноос нааш харван одсон арван хоёр жилийн уртад тухайн оны алдартнуудыг олон нийтийн саналаар тосон авсан “Өнөөдөр” уламжлалаа даган усан могой жилийн алдартнуудаа хаврын тэргүүн сарын шинэ дээр тодруулж, өчигдөр цом, өргөмжлөлийг нь гардууллаа.
Харин “Улаанбаатар” зочид буудлын “Хөх асар” танхимын үүдэнд хуурын эгшиг түрж, цагаан эсгий дэвсэн ёслол төгөлдөр зэхсэн нь “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн тэргүүн алдартнуудаа зарлахаар бэлтгэснийх аж. “Оны алдартан”-уудын эрэмбийг урьд өдрийн сонингоор дамжуулан нийтэд зарлаж, урилга заллагыг нь хүргээд байсан юм. Уулзах цаг 11.00 боловч хорин минутын өмнөөс л холхисон зочдын цувааг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал түүчээлэв. Араас нь Монгол Улсын Төрийн соёрхолт, инженер Н.Нацагням “Хөх асар”-ын хаалгыг татаж, тун удалгүй Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Оюунболд, кино найруулагч С.Бямбаагийн хүү Б.Хүслэнгийн бараа харагдаж, түүний хойноос спортын мастер М.Уранцэцэг, УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарын алдартнуудын хөлд “Хөх асар” дарагдав. Хамгийн сүүлд морин цагтай уралдан хотын мээр Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар ёслолын танхимд орж ирлээ. Эд бол усан могой жилийн монгол түмний манлай, тэдний бие төлөөлөл юм.
Харин өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ард түмнийхээ итгэлийг дахин хүлээсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санал асуулгад 145 оноо авч, “өрсөлдөгчөөсөө” 77 саналын илүүгээр “Оны тэргүүн алдартан”-аар хоёронтоо шалгарав. Тэрбээр ОХУ-ын Сочи хотноо эхлэх цагаан олимпод оролцох бэлтгэлээ базааж буй учраас түүнд хаягласан бадамлянхуа цэцгэн мөнгөн суурьтай, ногоон хаш чулуун биетэй, орой дээр нь улиран одсон жилийн могойн дүрсийг цул мөнгөөр урласан цомыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд гардуулав.