Израилийн Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Израиль улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Матан Вилнайг эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Матан Вилнай нь 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр талын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж талархал илэрхийллээ. Мөн 1991 онд хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын харилцаа тасралтгүй хөгжиж ирснийг тэмдэглэв.
Хоёр орны хооронд эрүүл мэнд, эрчим хүч, хөдөө аж ахуй, био технологи, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах боломж байгааг уулзалтын үеэр талууд тэмдэглэж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Матан Вилнайд эрүүл энхийг хүсч, цаашдын ажилд нь амжилт ерөөв.