Ц.Элбэгдорж Аугаа их эх орны дайны ялалтын төв музейн “Алдарын танхим”-д цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

2015 оны 5 сарын 07

Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан  Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Москва хотноо байрлах Ёслолын дэнж буюу  “Поклонная гора” цогцолборын Аугаа эх орны дайны ялалтын төв музейн “Алдарын танхим”-д цэцэг  өргөж хүндэтгэл үзүүллээ.  

 

Ёслолын дэнж дэх дурсгал, хүндэтгэлийн цогцолбор нь нийт 135 га талбай эзэлдэг бөгөөд тус цогцолборт “Дэлхийн нэгдүгээр дайны баатруудад”, ”Орос орныг хамгаалагчдад”, “Амь үрэгдэгсдэд” тус тус зориулсан хөшөө, Ялалтын хөшөө, Интернационал-дайчдын хөшөө,”Ард түмнүүдийн эмгэнэл” сэдэвт хөшөө, Аугаа Эх орны дайны төв музей болон цэргийн зэвсэг, техникийн музей, Аугаа Эх орны дайнд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан сүм байдаг. Аугаа эх орны дайны ялалтын 50 жилийн ойгоор  буюу 1995 онд албан ёсоор нээж, ялалтын 65 жилийн ойгоор Мөнхийн гал асаажээ. 

Энэхүү цогцолбор дахь Аугаа Эх орны дайны Төв музейд  Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгийн Газрын дарга П.Цагаан, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нар  зочлов.1986 онд байгуулагдсан тус  музей нь хэд хэдэн байгууламжаас бүрдсэн уран барилгын цогцолбор бөгөөд 50 мянга гаруй үзмэртэй аж. Тус музейд байлдааны зэвсэг,техник хэрэгсэл, марк зоосны цуглуулга, гар бичмэл, гэрэл зураг зэрэг ховор үзмэрүүдийг дэлгэн харуулахын зэрэгцээ Аугаа эх орны дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн тулалдаануудын сэдэвтэй диорам болон номын сан, амь үрэгдэгсдийн цахим сан зэрэг байдаг.

Тус музейд Монголын стенд байдаг ба ЗХУ-д туслах тухай БНМАУ-ын Засгийн газрын 1941 оны 6-р сарын 22-ны  тогтоолын хуулбар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Басымаас фронтод морь бэлэглэсэн тухай 1942 оны 4-р сарын 28-нд бичсэн үнэмлэх, цагаан нэхий бээлий,дайны үеийн сонин гэх мэт үзмэрүүд байдаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 онд бэлэглэсэн “Монгол ард” эскадрилийн онгоцны макет тус музейн үзмэр болсон байлаа.   

 

Аугаа Эх орны дайны Төв музейд зочлох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Аугаа эх орны дайны үед Монголчуудын зүгээс зориулсан зүйлүүдийн талаарх үзмэрүүд энд байгааг харахад таатай байна. 1941 оны 6-р сарын 22-нд Гитлерийн Герман ,Зөвлөлт Холбоот Улс рүү дайрсан тэр өдөр Сталин үг хэлж, энэхүү мэдээг авсан манай улсын удирдлагууд Зөвлөлт Холбоот Улсыг дэмжиж энэ дайнд Холбоотноор оролцон бүхий л талаар тусалж дэмжих шийдвэр гаргасан байдаг. Дайны үед бэлэглэсэн морьд гэхэд таван зуун мянга гаруй, мах махан бүтээгдэхүүн мөн таван зуун мянга гаруй тонн, богино нэхий дээл, малгай, бээлий, эсгий гутал зэрэг зайлшгүй хэрэгцээтэй олон зүйлийг хийж явуулж байжээ. Москвагийн дэргэдэх, хүнд цохилт өгсөн тулаан болох сөрөг давшилтанд оролцсон Алс Дорнодоос  ирсэн цэргүүдийн дийлэнх нь  Монголоос ирсэн цагаан нэхий дээл, эсгий гутлыг өмсөж тулалдаж байсан түүх бий. Монголын ард түмэн дайн үргэлжилсэн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын гурван жилийн төсөвтэй  тэнцэхүйц хэмжээний  хөрөнгө мөнгийг цуглуулж ЗХУ-д өгсөн байдаг. Үүнийг ЗХУ болон удирдлагын зүгээс асар өндөр үнэлж үзсэн байдгийг хэлэх нь зүйтэй байх.  

Манай Зайсан толгой дээр байдаг Зөвлөлтийн дайчдад зориулж босгосон  хөшөөн дор “Тэнгэрт нартай хамт, газарт галтай хамт Зөвлөлтийн дайчдын дурсгалыг мөнхлөв”  гэсэн үг бий. Зөвлөлт Монголын дайчдын дурсгалыг  хойч үедээ дурсагдаж үлдээхийн төлөө хоёр улс ажиллаж ирсэнийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.” гэж хэллээ.  

Мөн Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэж буй “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний жижиг хувилбарыг тус музейд дурсгал болгон гардуулан өглөө.

Маргааш буюу 5-р сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской болон Евразийн Эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенко бараалхана.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзалт хийнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21573
0 эможи
keyboard_arrow_up