Ц.Элбэгдорж: Онлайн эрх чөлөө бол хүний эрх, эрх чөлөөний чухал хэсэг юм

2015 оны 5 сарын 05

Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас уг эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод өнөөдөр эхлүүллээ.

 

Төрийн ордонд болсон уг хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр  “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурлыг улсынхаа нийслэлд хүлээн авч байгаад их баяртай байгаагаа үгийнхээ эхэнд тэмдэглэв.

Онлайн эрх чөлөөний сэдэв бол үнэхээр цагаа олсон чухал сэдэв юм. Бид энэхүү Онлайн эрх чөлөө эвслийн үүсгэн байгуулагч, гишүүн орнуудын нэг гэдэгтээ бахархалтай байдаг. Энэ бол үнэхээр байр сууриа олсон, засгийн газар хоорондын, олон салбарыг хамарсан байгууллага юм. Мөн цаг хугацаагаа олж байгуулагджээ гэж би үздэг. Монгол гурван сая хүн амтай, хоёр сая гаруй интернет хэрэглэгчтэй, манай улсад нийт 34 мянган км шилэн кабель суурилагдсан. Өнөөдөр Монголд үүрэн телефоны таван сая хэрэглэгч бүртгүүлээд байгаагийн 1.8 сая нь ухаалаг гар утас ашиглаж байна гэж тэр онцоллоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ердөө 20-25-хан жилийн өмнө ярьдаг утас маш ховор, гадаад орнуудтай юм уу орон нутагтай холбоо барихын тулд хөдөө бол аймгийн шуудан дээр, нийслэлд бол Төв шууданд очиж дугаарлан ярьдаг байсныг дурсаад сүүлийн богино хугацаанд Монголд интернэтийн хэрэглээ асар хурдтай өсч монголчууд ийнхүү хүн амаасаа олон гар утастай болсныг хуралд оролцогчдод сонирхуулсан юм. Тэрээр өөрөө малчны гэрт төрсөн, эмч хэрэгтэй боллоо гэхэд хоногийн 24 цагт ч хөтөлгөө мориор явж эмчид дуудлага хүргэдэг байсныг мөн дурслаа.

Өнөөгийн дэлхий ертөнц эрс өөрчлөгдөж байна. Намайг энд яриад зогсох ганц минутын хугацаанд интернэтийн Wikipedia сайтад 500 мянган хандалт бүртгэгдэж, 47 сая СМС илгээгдэж байна. Нэг минутад интернэтэд зар сурталчилгааны 12 сая самбар толилуулагдаж, 400 мянган жиргээ бүртгэгдэж, Facebook дээр 4.3 сая мэдээлэл цацагдаж, долоон сая захидал илгээгдэж байна. Амазон сайтад минутын дотор 160 сая долларын ном болон бусад бараа бүтээгдэхүүний гүйлгээ хийгдэж байна. Энэ хугацаанд Google дээр дөрвөн сая хайлт бүртгэгдэж, Youtube сайтад 138 мянган цагийн бичлэг хэрэглэгчдэд хүрч байна. Энэ бол үнэхээр гайхамшиг гэдгийг тэрээр үгэндээ онцлов.

"Цахим эрх чөлөө бол нийтийн өмч юм. Онлайн эрх чөлөө харь гаригаас ирээгүй, энэ нь хүн төрөлхтний бүтээлч чанар, ой ухааны ачаар бий болсон. Интернэт нь тохиолдлоор биш, бидний хүсэл зоригоор бий болсон зүйл юм. Цахим эрх чөлөөний салбарт үүсээд буй сорилт бэрхшээлийг оюун ухаант хүн төрөлхтөн шийдэж чадна. Бид үргэлж нээлттэй ил тод байдлыг эрхэмлэж, инноваци шинэ техник технологийг нэвтрүүлэн, хамтран ажиллах ёстой. Цахим мэдээлэл, медиа, харилцаа холбооны салбарт хууль эрх зүй, аюулгүй байдалтай холбоотой асуудал цөөнгүй бий.

Бүр нээлттэй улс орнуудад хүртэл цахим эрх чөлөөний тал дээр асуудал үүсч байна.  Цахим засаглал бол хүний эрх, эрх чөлөөний салшгүй нэгэн чухал хэсэг юм. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, Хүний эрх, хүний нэр хүндийг хүндэтгэх, Хүний эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор л тодорхой хэмжээнд хязгаарладаг. Үүнээс бусад тохиолдолд хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хорих ёсгүй. Онлайн эрх чөлөө бол хүний эрх, эрх чөлөөний хамгийн чухал зүйл болоод байна. Бид үүнийг ойлгох ёстой.

Засаглалын хувьд бид хүний эрх, хуулийн засаглалаа дээдэлж, ил тод байдлаа эрхэмлэх ёстой. Харин иргэд, интернет хэрэглэгчдийн хувьд хийж буй алхамдаа хариуцлагатай хандах ёстой. Онлайн эрх чөлөөг хөгжүүлэх нь зөвхөн Засгийн газраас шалтгаалах зүйл бус бие хүмүүсээс өөрсдөөс нь шалтгаалах зүйл юм. Мөн бүтээлч хамтын ажиллагаа хамгаас чухал. Аливаа асуудлыг төр засгийн хүчээр бус ард иргэдийн эрх чөлөө, хамтын ажиллагааны хүчээр шийдвэрлэж болно. Бид ард иргэддээ илүү их эрх мэдэл, боломж, үг хэлэх эрх чөлөө олгож байж хөгжинө. Ийм эрхээр хангагдсан иргэд улам бүтээлч, хариуцлагатай болдог учиртай.

Ардчилал бол үргэлж суралцах үйл явц. Иймээс үг хэлэх эрх чөлөөг боомилчихоод суралцах боломжгүй. Иргэдийн шүүмжлэл заримдаа ор үндэслэлгүй байдаг. Гэвч иргэд шүүмжлэх, хардаж сэрдэх эрхтэй. Тэглээ гээд тэдний эрхийг зөрчиж, хязгаарлаж болохгүй. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эвлэлдэн нэгдэх эрхтэй. Манай нийгмийн гайхамшиг бол бид энэ эрх чөлөөг иргэддээ өгсөнд л оршиж байгаа юм. Бид энэ эрх чөлөөг бүрэн өгч, цаашид хамгаалах болно.

Одоо бидний өмнө сорилт тулгарч байна. Өнөөдөр гар утас, нийгмийн харилцаа, олон нийтийн мэдээллийн сүлжээ зэрэг нь нийгмийг хөдөлгөөнд оруулахад хялбар дөхөм болгож байна” гэлээ. Үүндээ тэрээр “Арабын хавар” зэрэг сүүлийн үеийн хөдөлгөөнүүдээс иш татав.

Өнөөдөр энэ салбарт тулгамдаад буй олон сорилт бэрхшээлийн гурвыг энд жишээ татъя гэж бодлоо.  Тэртээ 26 жилийн өмнө ардчилсан хувьсгал эхлэх  үед Монголд телевизийн зөвхөн нэг суваг, радиогийн нэг станц, сонины зургаан редакц л байсан. Гэтэл өнөөгийн нийгэм, 20 жил арван жилийн өмнөхтэй харьцуулахад эрс өөрчлөгдөөд байна шүү дээ.

Жишээлбэл компьютерээр зүйрлэхэд, төр засаг бол Hardware буюу/техник хангамж/ дэд бүтэц, энэ өөрчлөгдөөгүй. Харин Software буюу /програм хангамж/ ард иргэд нь хэдийнэ өөрчлөгдсөн байна. Өнөөдрийн асуудлыг өчигдрийн аргаар шийдэж чадахгүй.

Энэ бол анхны гар утас. Өнөөдөр бидний хэрэглэж байгаа гар утас улам бүр овор багатай, ухаалаг болсоор байна. Харин төр засаг улам бүр томорч, болхи болж, иргэдээсээ улам бүр хөндийрэх хандлагатай болж байна. Үүний дагуу би жилийн өмнө “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгыг дэвшүүлсэн. Улс орны хөгжлийн нэгэн арга хэрэгсэл бол мэдээллийн технологийн дэвшил юм гэж бид харж чадсан.

Иргэд мэдлэгтэй болохын хэрээр улам эрэлттэй болдог. Иймээс төр засаг нээлттэй байх ёстой.  Цахим эрх чөлөө, мэдээллийн технологи бол бидний хөгжлийн салшгүй хэсэг юм. Үүнийг төр засаг асуудал бэрхшээл гэж харах ёсгүй. Цахим эрх чөлөөг хязгаарлах хууль гаргаж болохгүй” гэж би хувьдаа үздэг. Аливаа нийгэм, сошиал ертөнц өөрөө сэргэж, өөрийгөө эмчлэх тогтолцоотой. Тэгэхээр бид цахим эрх чөлөө, мэдээллийн технологийг ашиглан хөгжиж, эндээс суралцан туршлагжиж урагшлах ёстой. Энэ нөхцөл байдлыг ухаарч ойлгон, дэмжихийг би бусад улс орны төр засгийн тэргүүнүүдэд уриалж байна.

Энэ хуралдаанаас их үр дүн хүлээж байгаа. НҮБ ээлжит чуулганаар цахим эрх чөлөөг хамгаалахтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Энэ тал дээр Монгол Улс манлайлж, шинэ санаачилга, шилдэг шийдлийг дэвшүүлэх ёстой. Энэ бүхний дүнд цахим эрх чөлөөний тал дээр дэлхий нийтийн нэгдсэн хууль тогтоомж батлах ёстой. Учир нь цахим эрх чөлөө бол хүний эрх, хүний амьдралын хөгжлийн салшгүй нэгээхэн хэсэг юм" хэмээн хэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтийн хурлын төгсгөлд мөн товч үг хэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Онлайн эрх чөлөө эвслийн энэ удаагийн хурал чухал арга хэмжээ болж байна. 800 жилийн тэртээ Монголын эзэнт гүрэн морин өртөөгөөр мессенжерийн үүргийг гүйцэтгэж байлаа. 30 км тус бүрт өртөө байрлуулж, морьдоо солин Монголын их хаад, Монголын төрийн захидал харилцааг цаг алдалгүй түргэн шуурхай залгуулж анхны интернэтийн үүрэг гүйцэтгэж байв. Нэг долоо хоногийн дотор Бээжинд хүрч, 30 хоногийн дотор Европ тивд хүрдэг байв. Монгол Улсын нийгэм, эдийн засаг өнөөдөр уул уурхайгаас хамааралтай байгаа нь үнэн хэдий ч 20 жилийн дараа гэхэд Монголын эдийн засаг мэдлэгийн эдийн засаг, програм хангамж, мэдээллийн технологиос ихээхэн хамааралтай болно гэдэгт итгэлтэй байгаа. Монголчууд авьяслаг, чадварлаг ард түмэн. Тэр зорилтын төлөө Монголын маш олон залуус өндөр мэдлэгийн төлөө шамдан суралцаж байна.

Мөн өнөөдрийн энэ арга хэмжээнд Олон улсад өндөр нэр хүнд бүхий дэлхийд тэргүүлэгч технологийн компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Microsoft, Google, Oracle гэх зэрэг тэргүүлэгчид иржээ. Та бүхэнд хандаж хэлэхэд Монгол Улс ардчилсан, нээлттэй, итгэлтэй, хариуцлагатай улс. Монгол Улс мэдээллийн технологи, цахим хөгжилтэй хөл нийлүүлэн дэлхийтэй зэрэгцэн алхаж байгаа. Манай орны байршил бол Ази тивдээ ихээхэн онцлог, хоёр том хөршид та бүхний бүтээгдэхүүн үйлчилгээ гарах боломжтой чухал газар. Ийм учир Монголын мэдээллийн технологийн компаиудтай хамтран ажиллах, мөн дата центр мэдээллээ найдвартай газар хадгалах итгэлтэй улс болж түншлэн хамтран ажиллах боломж байна. Маш том зах зээл биднийг хүрээлж байна. Ирээдүйд Facebook, Тwitter, Linked In гэх мэт нийгмийн том сүлжээнүүдийн дата мэдээллийг Монгол Улс найдвартай хадгалах, хамтран ажиллах хүсэлтэй байна. Технологийн тийм боломж, эзлэхүүн манай оронд бий.

“Онлайн эрх чөлөө” эвслийн үндсэн оффисийг Улаанбаатарт нээх санаачилгa гарваас бид бүх талаар дэмжих болно. 800 гаруй жилийн тэртээ Их эзэн Чингис хаан хэлэхдээ “Морин дэл дээрээс дэлхийг эзлэх амархан. Мориноосоо буугаад дэлхийг засаглах хэцүү” гэж хэлсэн шиг онлайн эрх чөлөө эвслийг улам олон орны төлөөлөл, дэмжлэгтэй болгож зөв засаглаж, зөв ажил хэрэг болгож өндөр амжилтанд хүрэхийг хүсэн ерөөе.

Та бүхэн Монгол Улсад тавтай саатахыг хүсье.

Арга хэмжээнд амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21502
0 эможи
keyboard_arrow_up