ОХУ-ын монголч эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзав

2015 оны 4 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр ОХУ-ын монголч эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй "Монголчуудын  соёлын өв гар бичмэл, архивын баримтын цуглуулга" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа эрдэмтэн, судлаачид юм.

Уулзалтад ОХУ-ын Санкт-Петербург хот дахь ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн Төв Ази, Монголын салбарын эрхлэгч, доктор, профессор И.В. Кульганек, ОХУ-ын Санкт-Петербург хот дахь ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн Төв Ази ба Монголын судлалын тэргүүлэх ажилтан, доктор, профессор Н.С.Яхонтова,  ОХУ-ын Эрмитаж улсын музейн эрдэм шинжилгээний ажилтан И.М. Захарова, ОХУ-ын Татарын Бүгд Найрамдах улсын Казанийн их сургуулийн Дорно дахин, түүх, олон улсын харилцааны хүрээлэнгийн Ислам судлал, Дорно дахин судлалын салбарын профессор Р.М. Валеев, мөн тус сургуулийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Р.З. Валеева, Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун нар оролцлоо.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан монголч эрдэмтдийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулж, монгол судлалын баялаг уламжлалыг үргэлжлүүлэн ном товхимол хэвлүүлж, Европ дахь монгол судлалын томоохон голомтыг бадрааж байдагт нь ОХУ-ын эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийллээ. Тэрээр эрдэмтэн, судлаачдын ажлын жаргал, зовлонг мэддэгийн хувьд боломжийн хэрээр тусалж дэмжинэ гээд зочдынхоо байр суурь, санал хүсэлтийг сонссон юм.

Доктор, профессор И.В. Кульганек Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд ОХУ-д төрийн айлчлал хийх үеэрээ Санкт-Петербург хотод зочилж, тус хотын ШУА-ийн Дорно дахины хүрээлэн, Эрмитаж музейгээр орж, Ноён уулын булшнаас олдсон Хүннүгийн үеийн эд өлгийн дурсгалууд, Монголын эртний ном судрууд, гар бичмэлийн асар баялаг сангийн дээжээс үзэж сонирхон монголч эрдэмтэдтэй уулзаж байсныг дурсан ярилаа. Тэр үеэр Орос, Монголын түүх, хэл шинжлэл, утга зохиол зэрэг салбарын эрдэм шинжилгээ, судалгааны зарим байгууллагын хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсныг онцолж байв. ОХУ дахь монгол судлал нэг хэсэг намжмал байдалд орсон ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх айлчлал чухал түлхэц өгч, өдгөө дахин сэргэж, идэвхжиж буй талаар тэрээр танилцуулсан юм. Мөн гар бичмэл, архивын арвин баялаг санд буй бүтээлүүдийг эргэлтэд  оруулах, дүн шинжилгээ хийх нь чухал болохыг тэмдэглэв. Тиймээс "Монголчуудын  соёлын өв гар бичмэл, архивын баримтын цуглуулга" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа гэлээ. Зөвхөн энэ сэдвээр ч биш, шинжлэх ухааны түүхийн сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байжээ.

Казанийн их сургуулийн профессор Р.М. Валеев зөвхөн Москва, Санкт-Петербургт төдийгүй Татарстанд монгол судлалын нөлөө бүхий голомт байдгийг тэмдэглэсэн юм. Казанийн их сургуульд бүр 1830-аад оноос монгол судлалыг сонирхон хөгжүүлж байжээ. Тэнд Орост төдийгүй Европт анхны монгол судлалын тэнхим нээгдэж байсныг дурдлаа.

Судлаач эрдэмтэд шинэ залуу үеийн монгол судлаачдыг Монголд дор хаяж нэг, хоёр сарын хугацаатай ирүүлж, түүх, архив, соёлын өв, гар бичмэлүүдтэй танилцуулж байх талаар санал дэвшүүлж байв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан зөвхөн нэг талын төдийгүй хоёр талаас залуу эрдэмтэн, судлаачдаа харилцан солилцож, нэг, хоёр сараас жил хүртэл хугацаагаар архивын бичиг баримт судлуулж, түүх, хэл, утга зохиолын салбараар шинжилгээ, судалгааны ажил хийлгэж байх нь ач холбогдолтой гэж байлаа. Мөн өнгөрсөн 2014 онд Монголд хийсэн  ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр ерөнхий боловсролын дунд сургуулиудын дэргэд орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтын кабинетыг ээлж дараалан байгуулахаар ярилцсаныг дурдав.

Зочид уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимыг үзэж сонирхов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21118
0 эможи
keyboard_arrow_up