Төрийн түшээдийн хөрөнгө орлогын мэдүүлэг үнэмшил төрүүлсэнгүй

2015 оны 4 сарын 22

АТГ-аас төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ)-ийг нийтэд ил болголоо. Энэ мэдээллийг хүмүүс шоолсон, итгэж ядсан хандлагаар уншиж байна. Хамгийн баян улстөрч гэхэд АНУ-ын захын залуу компьютерийнхоо ард суугаад хувьцаа арилжиж олдог мөнгөтэй дүйцэх хөрөнгөтэй байгаа юм. Ингэхээр ХОМ үнэн эсэхэд эргэлзэхэд хүрч байна. Тухайлбал, хэдхэн сарын өмнө олон машинаараа, түүнийхээ ид шидийг олон нийтийн сүлжээгээр гайхуулаад байсан Л.Эрдэнэчимэг гишүүн бенз бүү хэл унах унаагүй гэж мэдүүлснээс харахад нүд хуурах мэдүүлэг төдий зүйл бөглөдөг нь харагдаж байгаа юм. ХОМ-ийг хараад итгэл үнэмшил төрөхгүй, бодит байдалтай нийцэхгүй байгааг олон хүн ярьж байна. Ямартай ч төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын мэдүүлсэн ХОМ-ийг тоймлон хүргэе.


ЕРӨНХИЙ САЙД ГУРВАН МАШИНТАЙ

Ерөнхий сайд Ч.Сайхан-билэгийнх нэг орон сууцтай. Өөрөө жилд 21 сая төгрөг олдог бол гэр бүлийнх нь гишүүд 140 сая төгрөгийн орлоготой. Тэднийх дансандаа 121 сая төгрөгтэй аж. “И энд Ти”, “АСУ", “Байгаль бюти” компаниудад хувьцаа эзэмшдэг. УИХ-ын дарга З.Энхболд 270 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг барилгатай. Хоёр адуу, 50 хонио 12 сая төгрөгөөр үнэлжээ. “Интер” компанийг зуун хувь эзэмшдэг. Тэднийх хадгаламжиндаа 22.9 сая төгрөгтэй аж. УИХ-ын дарга хувьдаа машингүй бол Ерөнхий сайд Land Rover, Land Rover V, Lexus-570 машинтай.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж малгүй, хоёр орон сууцтай. “Туул кашмер” компаниас 18 мянган ширхэг хувьцаа эзэмшдэг. МАН-ын дарга М.Энхболд хоёр орон сууц, нэг барилгатай. 320 адуутайгаас 60 нь хурдан удмынх. Нийтдээ найман компанийн хувьцаа эзэмшдэг бөгөөд өөрийгөө 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдүүлжээ.


Г.БАТХҮҮГИЙН ЭЗЭМШЛИЙН КОМПАНИУДЫН ХӨРӨНГӨ 26.4 ТЭРБУМААР ӨСЧЭЭ

УИХ-ын гишүүн, “АПУ”-ын Г.Батхүү хамгийн баян гишүүнээр тодорч байгаа юм. Өмнөх онд тэрбээр 24 компанийн 46.2 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшдэг байсан. Харин энэ онд 21 компанийн 72.6 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшдэг гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл компаниудынхаа хөрөнгийг 26.4 тэрбум төгрөгөөр өсгөсөн байна. Энэ бол АНУ-ын захын залуу гэрээсээ хувьцаа филжаад олох хэмжээний мөнгө. Монголын хамгийн баян улстөрчийн 20 гаруй компанийн хөрөнгө жилийн дотор 26.4 тэрбум төдий л төгрөгөөр өссөн гэхэд үнэмшилгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Түүний дараа 54.6 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшдэгээрээ “Монгол шуудан”-гийн гэгдэх Д.Зоригт гишүүн эрэмбэлэгдлээ. “МСS” Л.Энх-Амгалан 54.1 тэрбумаар, 52 тэрбумаар М.Зоригт нар айргийн тавд багтлаа. Тэдний араас Лу.Болд 21.1, Сү.Батболд 15.8, М.Сономпил 10.6, Ж.Энхбаяр 10.5, Б.Гарамгайбаатар 4.3 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшдэг гэдгээрээ эрэмбэлэгдэв. Д.Зоригт гишүүн өөрийнхөө “АСУ”, “Одод” болон иргэн Д.Ганбаатар, “Эрдэнэжинс” компаниас 10.4 тэрбум төгрөгийн авлагатай. Сү.Батболд “Алтай кашмер”, “Алтай холдинг”, “Скай трейдинг” компаниудаас нэг тэрбум төгрөгийн авлагатай гэжээ.


Л.ЭРДЭНЭЧИМЭГ ГИШҮҮН БУСДЫН “БЕНЗ”-ЭЭР ГАНГАРДАГ БАЙЖ

Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “бенз” машиныхаа ид шидийг гайхуулаад байсан Л.Эрдэнэчимэг гишүүн унах унаагүй юм байна. Тэгэхээр бусдын унаагаар гангардаг байсан бололтой. “Монос”-ын харьяа компаниудаас 1.9 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшдэг тэрбээр жилд ердөө л 480 сая төгрөг олдог. Нөхөр нь 23 сая төгрөгийн орлоготой бөгөөд тэднийх хоёр орон сууцтай. Дансандаа 55 сая төгрөг хадгалж байдаг аж.

Жийп хөлөглөөд ан хийж яваа зургаараа гангардаг Ж.Энхбаяр гишүүн бас л унаагүй юм байна. Хөлдүүжлэх унаагүй Ж.Энхбаяр гишүүн хамгийн их орлого олсон гишүүнээр тодорчээ. Тэрбээр өнгөрсөн онд 3.5 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Харин гэр бүлийн гишүүдийн орлого 30 сая төгрөг. Тэрбээр хувьдаа машингүй ч 200 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн 49 адуутай, нэг орон сууцтай. Дансандаа 2 тэрбум төгрөгтэй. Тэднээс гадна машингүй 12 гишүүн УИХ-д байна. Тухайлбал, УИХ-ын дарга, дэд дарга хоёроос гадна Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, С.Оюун, Б.Гарамгайбаатар, Л.Болд, Ж.Батзандан, Я.Содбаатар, Б.Чойжилсүрэн, С.Одонтуяа нар машингүй гэдгээ мэдүүлжээ. С.Оюун гишүүн жилд 21 сая төгрөг олдог. Сард 1.75 сая төгрөгийн орлоготой гэсэн үг. Тэднийх орон сууцнаас гадна нэг хурдан удмын адуутай. Хоёр сая төгрөгийн үнэт эдлэл, 11 сая төгрөгийн хадгаламжтай аж. С.Одонтуяа гишүүн хамгийн олон орон сууцтай гишүүний тоонд багтдаг. Таван орон сууцтай тэрбээр 279 сая төгрөгийн орлоготой. Машин сонирхдоггүйн дээр үнэт эдлэл ойшоодоггүй бололтой. Тэднийх дансандаа 40 сая төгрөгтэй аж. “Хурд групп”-ийн Б.Чойжилсүрэн гишүүн нэг орон сууцтай. Жилд 28 сая төгрөг олдог бөгөөд дансандаа 15 сая төгрөгтэй. Тэднийх найман адуунаас өөр малгүй аж. Гэр бүлийнх нь гишүүн 15 сая төгрөг олдог. Группээсээ нэг тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшдэг юм байна. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар өөрийн гэсэн машингүй ч 700 сая төгрөгийн хоёр орон сууцтай. Дансандаа 31 сая төгрөгтэй. Жилийн орлого нь 370 сая төгрөг. Гэр бүлийн гишүүдийнхээ орлогыг хоёр сая төгрөг гэж мэдүүлжээ. Л.Болд гишүүн машин унадаггүй ч дансандаа хамгийн их мөнгөтэй. 19.61 тэрбум төгрөгийн хадгаламжтай тэрбээр жилд 244 сая төгрөг олдог. Гурван орон сууц дөрвөн адуутай юм билээ.

Огт машингүй 14 гишүүн байхад тэдний ангид хурд хүчний илэрхийлэл, нэр хүндийн баталгаа болох төмөр хүлгүүдийг хэд, хэдээрээ сойчихсон гишүүд ч байна. Н.Номтойбаяр гишүүн Lexus-570, Mercedes benz G500, Landcruiser 200, Mercedes benz, Mercedes benz 300, Mercedes benz G55 AMG гээд зургаан машинтай. Тэрбээр машинуудаа есөн тэрбум төгрөгөөр үнэлжээ.

H.Номтойбаяр гишүүний жилийн орлбго 29 сая төгрөг. Тэднийх дансандаа 13 сая төгрөгтэй аж. Б.Наранхүүд ч бас “Мегсеdes benz G500”, Landcruiser Standart”-аас гадна “Rollsroyce Phantom” загварын дөрвөн машин байдаг. Тэдгээр машинуудаа 1.6тэрбум төгрөгөөр үнэлжээ. Машиныхаа тоогоор толгой цохидог Б.Наранхүү гишүүн дансандаа долоон тэрбум есөн сая төгрөг хадгалуулчихсан. 109 хурдан удмын адуутай, хоёр байртай юм билээ. Тэрбээр хадгаламжаасаа гадна авлагаараа энэ жил толгой цохижээ. Өөрийнхөө “Дүнжингарав” компаниас 33.7 тэрбум төгрөгийн өр нэхээд сууж байдаг юм байна.


З.БАЯНСЭЛЭНГЭ ГИШҮҮН 100 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ

Гэр хороололд амьдардаг гэж тодотгодог байсан З.Баянсэлэнгэ гишүүн байранд оржээ. Орон сууцнаас гадна хоёр барилга эзэмшдэг юм байна. Тэднийгээ 240 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн тэднийх суудлын тэрэг болон дунд гарын жийптэй. Тэднийгээ 50 сая төгрөгөөр үнэлжээ. Адуу, үхэр нийлсэн 29 бод, 60 богтой. Тэрбээр Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Худалдаа хөгжлийн банкинд нийлээд 100 сая төгрөгийн зээлтэй юм байна. Орон сууцаа зээлээр авсан гэж ярьж байсан нь энэ бололтой. Түүнтэй хамт УИХ-д орж ирсэн, намынх нь гишүүн О.Баасанхүү 100 үхэртэй. Гурван хүнээс авлагатай бөгөөд нэг орон сууц хоёр барилгатай аж. Тэрбээр “Эрдэнэс таван толгой” компаниас 2144 ширхэг хувьцаа эзэмшдэг. Түрээсийн байранд амьдардаг гэж шуугиан тарьж байсан Ц.Нямдорж гишүүн 150 сая төгрөгийн үнэтэй орон сууцтай аж. О.Баасанхүү гишүүний адил “Эрдэнэс таван толгой” компаниас хувьцаа эзэмшдэг.

Бие даагч С.Ганбаатар 70 сая төгрөгийн үнэтэй орон сууцанд амьдардаг. “Тоуоta rav 4” машин хөлөглөдөг тэрбээр 52 үхэр, хурдан удмын гурван адуу, 36 хоньтой аж. Ариг банк, Хас банкинд 100 сая төгрөгийн зээл тавьжээ.


ДАНСАНДАА НЭГ ТЭРБУМЫГ ХАДГАЛААД БАНКНААС 34 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧЭЭ

УИХ-д зээлтэй гишүүд цөөнгүй байна. Сү.Батболд гишүүн нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай. Тэгсэн атлаа Хас банк, Голомт банкнаас 34 сая төгрөгийн зээл авчээ. Түүний жилийн орлого 57 сая, гэр бүлийн гишүүдийнх нь 240 сая төгрөг. “Мегcedes benz GL 500” маркийн машинтай. Хамгийн баян гишүүнээр тодорсон Г.Батхүү “Шунхлай” группээсээ 300 сая төгрөгийн зээлтэй юм байна. Д.Зоригт гишүүн Худалдаа хөгжлийн банкинд дөрвөн тэрбум төгрөгийн зээлтэй. Гэхдээ арван тэрбумын авлагатай юм билээ. 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй тэрбээр дансандаа 117 сая төгрөг хадгалуулжээ. Хамгийн өндөр орлоготой Ж.Энхбаяр гишүүн Хас банкнаас 1.8 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэхдээ “Газар Шигтгээ” ХХК-наас 1. 5 тэрбум төгрөгийн авлагатай. Таван байртай, хадгаламжгүй С.Одонтуяа гишүүн Улаанбаатар хотын банкнаас 280 сая төгрөгийн зээл авчээ. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Мастер Карт Виза карт, Фримонт банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкинд 580 сая төгрөгийн зээлтэй. Өөрөө жилд 73 сая, нөхөр нь 220 сая төгрөг олдог. Гурван орон сууцтай, приус маркийн машин унадаг юм билээ. “Залуу Монгол корпораци”, “Чингис шар айраг”, “Палас" зочид буудлаас хувь эзэмшдэг М.Сономпил гишүүн Хаан банкнаас 5.7 тэрбум төгрөг зээлжээ. Түүний жилийн орлого 92 сая төгрөг, хоёр жийп, 20 адуу, 50 хоньтой. 184 сая төгрөгийн орон сууцтай. УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар 10 компаниас 16 тэрбум гаруй төгрөгийн хувьцаа эзэмшдэг бөгөөд Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкнаас 859 сая төгрөгийн зээл авчээ. Түүний жилийн орлого 240 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого 44 сая төгрөг. 138 хонь, 221 адуутай. 618 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 66 сая төгрөгтэй юм билээ. 160 адуу, дөрвөн үхэр, 430 сая төгрөгийн үнэтэй орон сууц, барилгатай Ч.Улаан гишүүн Төрийн банкнаас 130 сая төгрөг зээлжээ. Үүнээс гадна Ж.Батзандан 30, М.Батчимэг 74, Ц.Даваасүрэн 71, Д.Лүндээжанцан 20, Д.Хаянхярваа 68 сая, Ж.Эрдэнэбат гишүүн 50 сая төгрөгийн зээлтэй. УИХ-ын гишүүн Н.Энхболд Голомт банк, Ньюком пропертигээс 287 сая төгрөгийн зээл авчээ. Түүний жилийн орлого 20 сая төгрөг. Гэр бүлийн гишүүдийн орлого 204 сая төгрөг. 2 орон сууцтай. 45 сая төгрөгийн үнэтэй Lехus 470 машинтай. 12 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 189 сая төгрөгтэй. Ө.Энхтүвшин гишүүн Голомт банкнаас 290 сая төгрөг зээлжээ. Түүний жилийн орлого 22 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого 127 сая төгрөг. 1 орон сууцтай. 40 сая төгрөгийн үнэтэй Lехus 470 машинтай. 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 500 мянган төгрөгтэй.


ХОЁР МЯНГАТ МАЛЧИН, ГАХАЙН АЖ АХУЙЧИН НЭГТЭЙ АНГИ

УИХ-ын гишүүдийн олонхи нь малтай. Эрэгтэй гишүүд гоё машинаас гадна хурдан удмын адуугаар ихэвчлэн гоёдог нь харагдаж байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ урьд жилүүдийн нэгэн адил малын тоо толгойгоороо бусдыгаа тэргүүллээ. 2013 онд 4020 толгой малтай байсан тэрбээр өнгөрсөн онд 430 адуу, 400 ямаа, 60 үхэр, 3000 хоньтой гэжээ. Д.Ганхуяг гишүүн 375 үхэр, 762 хонь, 368 ямаа, 52 адуутай аж. Ингэхээр УИХ-д хоёр мянгат малчин байна. Дараа нь Г.Баярсайхан 788 толгой, Су.Батболд 842 толгой, Г.Батхүү 488 толгой малтай. Б.Наранхүү 109 хурдан удмын адуугаараа тэргүүлсэн бол араас нь алдарт уяач М.Энхболд 60 хурдан удмын адуугаараа нэхэж байна.

УИХ-д гахай малладаг нэг гишүүн байгаа нь Ш.Түвдэндорж. Тэднийх 427 гахайтай. Зургаан адуу, 427 гахайгаа нийтэд нь 242.8 сая төгрөгөөр үнэлжээ.


УИХ ДАХЬ ЧИНЭЭЛЭГ ГИШҮҮД

Өөрсдийнх нь мэдүүлсэн хөрөнгөөс харахад УИХ-ын хамгийн баян нь Г.Батхүү юм. 76.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй түүний араас Л.Энх-Амгалан гишүүн 60.5 тэрбум, Д.Зоригт 57.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөрөө орлоо. Дараа нь УИХ-ын гишүүн М.3оригт 53.1 тэрбум, Лу.Болд 43.7 тэрбум, Д.Сумъяабазар 19.4 тэрбум, Сү.Батболд 18.9 тэрбум, М.Сономпил 13.2 тэрбум, Ж.Энхбаяр 11.2 тэрбум, Б.Наранхүү 11.1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болсноо чинээлэг гишүүдийн тоонд яах аргагүй баталлаа. Харин компаниараа овоглодог, хөрөнгө чинээгээрээ Монголд дээгүүрт гэгддэг эрхмүүд нэрэлхсэн үү, хэл амнаас болгоомжилсон уу нэлээд хойгуур бичигдэхээр мэдүүлэг өгчээ. Тухайлбал, “Ажнай" Д.Бат-Эрдэнэ 5.8 тэрбум, “Женко" Х.Баттулга 1.5 тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байх юм. Мөн “Монроуд” Б.Гарамгайбаатар 5.0 тэрбум, “Бридж” Д.Ганхуяг 2.9 тэрбум, “Хурд” Б.Чойжилсүрэн 2.1 тэрбум, “Нью прогресс” С.Бямбацогт 3.6 тэрбум, “Дорнод гурил”-ын Х.Болорчулуун 4.9 тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20979
0 эможи
keyboard_arrow_up