Монгол Улсын Ерөнхийлөгчид БНТУ-ын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу бараалхав

2015 оны 4 сарын 13

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав.

Уулзалтын эхэнд ноён Мевлүт Чавушолу БНТУ-ын Гадаад хэргийн сайдын хувьд Монголд анх удаа айлчилж буйдаа баяртай байгаагаа тэмдэглэж, хоёр орны хооронд уламжлалт сайн харилцаа тогтмол хөгжиж ирсэнд талархал илэрхийллээ. Уг айлчлал нь Бүгд Найрамдах Турк улсын Гадаад хэргийн сайдын түвшинд хийгдэж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.

БНТУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад Түрэгийн үеийн олон хөшөө, дурсгал байдгийг дурдаж, хоёр тал гуравдагч хөрш, иж бүрэн түншлэлийн харилцааг амжилттай хэрэгжүүлж ирснийг тэмдэглэж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоантай Ерөнхий сайд байх үеэс нь олон удаа уулзаж, 2005 онд Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа түүнтэй хамт Хархорин, Орхоны Хөшөө цайдамд очиж Түрэгийн үеийн хөшөө, дурсгалуудыг үзэж, авто зам тавих төслийг эхлүүлж байсан талаараа ярилаа.

БНТУ-ын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу өнгөрсөн гуравдугаар сард Берлинд болсон “ITB Берлин” үзэсгэлэнд Монгол Улс амжилттай оролцож, улс орон, аялал жуулчлалын салбараа сурталчилсныг мөн онцлон тэмдэглэж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Туркийн жуулчид, хэвлэлийнхэн Монголд ирж эртний Түрэгийн үеийн түүхэнд холбогдох хөшөө, дурсгалтай танилцах өргөн боломж байгааг хэллээ.

Уулзалтын үеэр хоёр тал хөдөө аж ахуй, уул уурхай, ялангуяа боловсролын салбарын харилцаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар болон тодорхой салбаруудад хөрөнгө оруулалт хийх талаар ярилцав. Мөн бүс нутаг, олон улсын зарим асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан болон Ерөнхий сайдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж буйг уламжилж өгөхийг хүслээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20498
0 эможи
keyboard_arrow_up