Ц.Элбэгдорж:.Шууд ардчилал, төлөөллийн ардчиллыг бий болгох суурийг тавьсан

2015 оны 4 сарын 13

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.04.10.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайланг сонслоо.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тайлангийн эхэнд хэлэхдээ, “ Улсын Их Хурал болон Улсын Их Хурлаар дамжуулан нийт ард иргэддээ өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, мөн цаашид хийх ажлынхаа талаар ярих боломж гарсанд туйлын баяртай байна. Ийм боломж олгосон Улсын Их Хурлын дарга, Эрхэм гишүүдэд талархал илэрхийлье. Тайлангаа эхлэхийн өмнө хоёр санааг онцолж хэлье гэж бодсон юм. Нэгд, миний хийсэн гэж ярих гэж байгаа ажил зөвхөн ганц хүний биш олон хүний ажил. Иймээс олон хүний хийсэн ажилтай өнөөдөр миний ярих гэж байгаа зүйл давхцах байх гэж бодож байна. Би зөвхөн тэдгээр хүмүүсийг болон өөрийгөө төлөөлж энд ярьж байгаа гэдгийг хэлье. Хоёрт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод үндсэн зорилгоо хэлж байсан. Би өөрийн бодсон, дэвшүүлсэн зорилго, ажлаа бүтээхийн тулд ганцаараа зүтгэхээс илүүтэй олон түмнээс гарч байгаа сайн санаа, санаачлага, тэдний хичээл зүтгэлийг ажил болгоход, үр дүнд хүргэхэд туслах, дэмжих, хамтрах болно. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа харахад миний хийсэн ажлын ихэнх нь энэ агуулгад багтаж байгаа юм. Ингээд 2009 оны 6 дугаар сарын 18-нд Тангараг өргөж Ерөнхийлөгчийн албан үүрэгт ажилд орсон. Энэ тухай өнгөрсөн хугацааны ажлуудыг өнөөдөр анх удаа ярих боломж гарч байгаа учраас энэ хүрээнээс эхэлж ярина гэж бодож байна. Нэг жилийн хугацааны бус нийт ажилласан хугацааны хийсэн ажлын талаар товчхон тодорхой чиглэлээр ярья гэж бодсон. Иймд өнөөдрийн тайланг 9 чиглэлд ярихаар бэлдсэн” гэдгээ тодотгов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Иргэдийн оролцоо, орон нутгийн эрхийг нэмэгдүүлэх”, “Үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх”, “Хууль, шударга ёсыг бэхжүүлэх, хуулийн засаглалтай улс болох”, “Монгол монголоо дэмжих, бүтээгчдээ дэмжих бодлого”, “Хүрээлэн байгаа орчин, байгальд ээлтэй хөгжил”, “Монгол хүн монголын түүх, уламжлал, соёл, ёс заншил түүнийг дэлгэрүүлэх, түгээх, дэмжих” , “Гадаад бодлого буюу Монгол Улсын Олон улсын нэр хүндийг өсгөх”, “Олон нийтээс гарсан санал санаачлагыг хэрэгжүүлж ажиллах”, “Цаашид юу хийх вэ” гэсэн үндсэн есөн чиглэлээр тайлагналаа. Тайланд дурдагдсанаар, “...Шууд ардчилал, төлөөллийн ардчиллыг бий болгох суурийг тавьсан. Одоо энэ тогтолцоог иргэний оролцоогоор баяжуулж, улс орныг иргэний санаачлагаар хэрхэн яаж авч явах вэ гэдэг бодлогыг гаргах ёстой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүрдүүлдэг. Үүнээс гадна Үндэсний Аюулгүй байдлын гишүүн байсан улсуудаар өргөтгөж, хуралдаан хийж, санал бодлыг нь сонсдог. Цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл авдаг, тайлан, зөвлөмж гаргадаг. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд газар хөдлөлт, цацрагийн нөхцөл байдал, халдварт өвчний тухай асуудлыг ярьж тодорхой мэргэжлийн хүмүүст нь зөвлөмж өгч ажилласан. Одоо ч энэ ажил үргэлжилж байна. Мөн цэрэгжсэн байгууллагууд үүргээ сайн биелүүлж байгаа. Үүнээс гадна төрийн цэргийн бодлогын хүрээнд Цэргийн их сургуулийн дэргэд “Тэмүүжин өрлөг” сургуулийг нээсэн. Энэ нь хүүхэд, залуучууд цэргийн эрдмийг багаасаа сурдаг байх боломж бий болгох зорилготой. Аймгийн төв бүрт барилга инженерийн ангийг байгуулья, цэргийн албан хаагчийг мэргэшүүлье. Шүүх эрх мэдлийн шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар 2012 оны дөрөвдүгээр сард хэлэлцүүлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын гавьяат хуульч асан Б.Чимид, мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан одоогийн Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нар их ажил нугалсан. Шүүх байгууллага ил тод хяналттай, хариуцлагатай болох эхлэл тавигдсан. Шүүгч болох, ажиллах үйл ажиллагаа илүү нээлттэй, өрсөлдөөнтэй болсон. Шүүгч нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болсон. Ард иргэдэд хамгийн их очиж байгаа үйлчилгээ бол эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ. Монголд хуульч гэдэг мэргэжлийг тодорхой шалгуур, үүрэг хариуцлагатай болгосон. Хууль шүүхийн шинэчлэлийн зорилго албан тушаалтны засаглал биш хуулийн засаглал тогтооход оршиж байгаа. Энэ үйл ажиллагаа хойшид ч хийгдэх ёстой...” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн чуулганы нэгдсэн хуралдаанд тавьсан тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, О.Содбилэг, Ө.Энхтүвшин, З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг, Сү.Батболд, А.Бакей, С.Одонтуяа, Д.Арвин, Х.Болорчулуун, Л.Болд, С.Дэмбэрэл, Г.Уянга, Д.Сарангэрэл, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн нарын гишүүд асуулт асууж хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл: - Намуудын асуудлаар болон Таван толгойн талаар ямар байр суурьтай байна вэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Өнгөрсөн 25 жилд бидний явж ирсэн зам, сургамждаа үндэслээд улс төрийн намын тухай хууль, санхүүжилтийнх нь асуудал, ер нь цаашдаа улс төрийн сан гэж байвал ямар байдлаар байх вэ гэдэг чиглэл рүү орох хэрэгтэй болсон. Одоо шилжилт хүлээж суух хэрэггүй. Ардчилсан улс оронд улс төрийн намууд ямар байдалтай байх вэ, монголд ямар онцлогтой байх юм бэ гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй гэж бодож байгаа. Үүн дээр намуудын тодорхой санал санаачлага байвал Тамгын газар дээр нэгтгэж ярилцья гэж бодож байна. Мэдээж хуулийн төслөө өргөн барихын өмнө эргээд сонирхсон нам, хүмүүст танилцуулах боломжийг гаргана. Гэхдээ сонгуулиас өмнө Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх эхлэхээс өмнө энэ асуудлыг нэг тийш нь шийдэх нь зүйтэй гэж бодож байна. Тавантолгойтой холбогдсон асуудалд хариулахад, өнөөгийн нөхцөлд Монгол Улсын үндэсний эрх ашиг гэдэг бол хөгжил юм. Энэ хөгжилд хувь нэмэр болох энэ үйл ажиллагааг дэмжиж үндэсний эрх ашиг дээрээ нэгдэнэ гэдэг бол хөгжлийн асуудал дээр нэгдэж ажиллах хэрэгтэй. Хоёрт, цагийн юмыг цагт нь хийхгүй бол бидэнд цаг хугацаа, бусад улс орон гэсэн том өрсөлдөгч байгаа. Цагийн юмыг цагт нь хийж чадахгүй бол цаашаа улам их илүү зардал гардаг. Гуравт, Улсын Их Хурал асуудлыг хэлэлцэж чадна, чадахгүй гэсэн асуудал биш. Улсын Их Хуралд өөрийнх нь хийх ёстой ажил байгаа, Засгийн газарт, аж ахуйн нэгжүүдэд өөр өөрийнх нь хийх ажил бий. Миний өмнөх байр суурь хэвээрээ байгаа. Аж ахуйн нэгжийнхээ хүрээнд хоорондоо гэрээ, хэлэлцээрээ хийгээд явчих боломжтой асуудал. Хөрөнгө оруулалтын хуулиар хэдэн төрлийн татвараа яаж тогтворжуулах юм бэ гэдэг асуудлаа Засгийн газар хуулийн дагуу шийдэхэд л энэ асуудал бүрэн явах боломжтой шүү дээ. Бид асуудлаа шийдчихээд өмнө нь хууль гаргаагүй юм шиг, ийм бүтэц байхгүй юм шиг харах хэрэггүй. Ер нь муухай хэрүүл, талцал, сүйтгэл рүү бид явж ормооргүй байгаа юм. Монголчуудын хоорондоо талцаж, хэрэлдэж байгаа байдал бол монголыг мохоох гэсэн тэр хэсгийнхний хувьд хүчилтөрөгч шүү дээ. Ийм юмыг бид бага гаргаж нийлж, нэгдэж, хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн бодолтой байгаа. Та бүхэнд ганц жишээ хэлэхэд, 39 сая тонн нүүрсийг жилдээ төмөр замаар зөөнө гэж бодоход өдөртөө 1400 вагон ачна . Өдөртөө 1400 тэвш нүүрс явж байж 39 саяд арай гэж хүрч байгаа. Та нар суугаад 1400 тэвш зурах гээд оролд. Залхуу чинь хүрнэ. Энэ бол зураг эвлүүлэхээс шал өөр асуудал. Тийм учраас энд хөрөнгө оруулалт хийнэ, бүтээн байгуулалт хийнэ гэдэг бол үнэхээр чухал асуудал. Тэгэхээр түвшин түвшиндээ, хуулийнхаа хүрээнд л асуудлаа шийдсэн нь зөв болов уу гэж бодож байна.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей:- Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралтай харилцах харилцаа, Ерөнхийлөгчөөс Засгийн газартай, Шүүх засаглалтай харилцах харилцаа буюу төрийн байгууллага хоорондын институци хоорондын харилцаанд өнгөрсөн хугацаанд засаж сайжруулах зүйл юу байна гэж үзэж байна вэ. Энэ чуулганы хугацаанд багтаж олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Тэрний нэг нь улс төрийн намын тухай хууль, улс төрийн намын санхүүжилттэй холбоотой асуудал. Энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж оруулж ирэх гэж байгаа нь сайшаалтай байна. Иймд энэ хуулийн төслийг аль болох эрт оруулж ирэхийг хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурал хоорондын харилцааны асуудалд хүндрэлтэй, болохгүй зүйл байхгүй. Өнөөдрийн байгаа хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулж явуулах боломжтой байгаа. Зарим нэг тулгамдаж байгаа асуудлыг шийдье гэвэл Үндсэн хуулиас гадна Үндсэн хуулийг дэлгэрүүлсэн тулгуур гол хуулиудаар энэ асуудлыг яриад явах боломжтой. Улс төрийн намын санхүүжилт, намтай холбогдсон асуудлыг хууль болгоод Улсын Их Хурал дээр хэлэлцээд явбал шаардлагатай бол саналаа өгөөд явья гэж бодож байсан. Гэтэл бичээд гаргасан хуулийн төсөл байхгүй, цаг алдаж байгаа. Энэ асуудлыг үнэхээр шийдэх шаардлагатай байдал харагдаж байна. Иймд энэ сонгуулийн өмнө шийдье гэвэл шийдсэн шиг шийдэх хэрэгтэй. Одоогоор хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах шатанд байна. Цаашид хуулийн төслийг үр бүтээлтэй батлах, хэрэгжүүлэх дээр шаардлагатай бол хамтарч ярилцья гэсэн бодолтой байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайлантай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20437
0 эможи
keyboard_arrow_up