Монгол Улсын гадаад үйл ажиллагаа өндөр түвшинд хүрснийг харууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ро-г эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд Ли Тэ Ро Монголд ажилласан гурван жилийн хугацаанд хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглээд саяхан болсон Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хуралдаанаар хоёр тал дипломат харилцаа тогтоосон өнгөрсөн 25 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлуудыг дүгнэж, ирэх 25 жилд хийх ажлаа төлөвлөн хэлэлцсэнийг дурдав.
Элчин сайд Ли Тэ Ро энэ үеэр АСЕМ-ийн 2016 оны чуулга уулзалтыг эх орондоо хийхээр болсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид онцгойлон баяр хүргэсэн юм. Түүнийг гурван жил Монголд ажилласан хугацаанд Монгол Улсын олон улсын тавцан дахь үүрэг роль, гадаад нэр хүнд байнга өсч ирснийг онцлон тэмдэглэж байлаа. “Үүний онцгой илрэл нь АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтыг Монголд хийх болсон явдал юм гэж үзэж байна. АСЕМ-ийн уулзалтыг эх орондоо хийхээр болсон нь Монгол Улсын гадаад үйл ажиллагаа өндөр түвшинд хүрснийг харууллаа” хэмээн Элчин сайд Ли Тэ Ро онцолсон юм.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зүүн хойд Азийн яриа хэлэлцээ гэсэн санаачилга дэвшүүлж, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд байнга анхаарч ирсэнд талархал илэрхийлэв. БНСУ-ын Ерөнхийлөгч болон Засгийн газар Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдалд анхаарал тавьж, Аюулгүй байдлын санаачилга дэвшүүлснийг мөн дурдаж, үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Зүүн хойд Азийн яриа хэлэлцээтэй ижил төстэй зүйл байгаа тул эдгээрийг уялдуулан хамтарч ажиллавал бүс нутгийн хүрээнд илүү үр дүнтэй болох талаар дурдлаа.
Уулзалтын үеэр БНСУ-ын тал Монголд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх тал дээр анхаарч буйгаа хэлж, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцаа өргөжиж байгааг тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Элчин сайдын Монголд ажилласан гурван жилд хоёр орны харилцаанд тодорхой ахиц дэвшлүүд гарч, улс төрийн өндөр дээд хэмжээний харилцаа тасралтгүй явж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн дипломат харилцаа тогтоосноос хойших 25 жилд хоёр орны харилцаа олон салбарт тууштай хөгжиж ирсэнд баяртай байдгаа илэрхийлж, БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-тэй олон улсын арга хэмжээнүүд дээр уулзаж санал бодлоо байнга солилцдог гэлээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Ли Тэ Ро-д эрүүл энх сайн сайхныг хүсч, цаашдын ажилд нь өндөр амжилт ерөөв.