Монгол Улсын Элчин сайдын яамны шинэ байрны нээлтэд оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж богино хугацаанд шахуу хөтөлбөртэй хийгдэж байгаа ажлын айлчлалынхаа үеэр ХБНГУ-ын Берлин хотын төвд Монгол Улсын Элчин сайдын яамны шинэ байрны нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл, Германы талаас ХБНГУ-ын гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер, Төрийн сайд Михаел Роот, Гадаад хэргийн яамны Улс төрийн газрын захирал Клеменс фон Гетце болон албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцов. Хоёр улсын хамтын ажиллагааны гүүр болон ажилладаг Элчин сайдын яамны хувьд ажиллах нөхцөл боломж сайжирч байгаа нь Герман улстай харилцах харилцаанд маш том ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байгаагаа нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илэрхийлж амжилт хүслээ.