Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАЛАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр БНАЛАУ /Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улс/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бүнньян Сайсановангийг эх орондоо бүр мөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн 3 жилд БНАЛАУ-ын Элчин сайдаар ажиллахдаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ноён Бүнньян Сайсановангийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгааг илэрхийлэв.
Элчин сайд Бүнньян Сайсанованг хариу талархал илэрхийлээд өнгөрсөн жилүүдэд Монгол, Лаосын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж 2012 онд Лаосын Үндэсний ассамблейн дарга хатагтай Пани Ятодү Монгол Улсад албан ёсны айлчлал хийснийг онцлон дурдаж байлаа.
Хоёр орны улс төр, эдийн засгийн харилцаа үр дүнтэй хөгжиж байгааг тэрээр тэмдэглэж хоёр орны хөгжил цэцэглэлтэд өндөр амжилт хүсэн ерөөж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг БНАЛАУ-д айлчлахыг урьсан урилгыг уламжиллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлсэн үгэндээ “АСЕМ-ийн хурал 2012 онд Лаосын нийслэлд болоход би оролцож, Лаосын Ерөнхийлөгч болон удирдагчидтай уулзсандаа баяртай байдаг. Монгол Улсад 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болох гэж байгаа. Үүнд танай орноос өндөр дээд хэмжээний төлөөлөгчид оролцоно гэдэгт бид итгэж байна. Бусад айлчлал, албан ёсны уулзалтуудын үеэр ярилцаж хэлэлцсэн ажлуудыг бид хэрэгжүүлнэ. Лаосын зүгээс ХАА, үйлдвэрлэл гээд олон салбарт хамтран ажиллах үйл ажиллагааны талаар ярилцсан. Эдгээрийг цааш үргэлжлүүлэхэд би анхаарч ажиллана” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Намайг Лаос улсад айлчлахыг урьсанд баяртай байна.Та эх орондоо буцаж очоод Лаосын эрхэм хүндэт Ерөнхийлөгчид миний халуун дотно мэндчилгээг уламжлаарай. Лаосын ард түмэнд амжилт хүсэн ерөөе. Элчин сайд таны цаашдын ажилд амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе” гэв.
Мэдээний дүрсийг доорх холбоосоор үзнэ үү