Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Карлын их сургуульд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЧУ-ын Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимд зочлов. Чех Улсын Карлын их сургууль нь 1348 онд байгуулагдсан 600 гаруй жилийн түүхтэй, дэлхийн ууган их сургуулиудын нэг юм. Уг сургууль нь Төв Европын анхны их сургууль байсан бөгөөд Чех улсын хамгийн том, нэр хүндтэй их сургууль төдийгүй Монгол судлалын тэнхим нь Европ дахь Монгол судлалын нэр хүндтэй том төвүүдийн нэг юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Эртний сайхан түүхтэй энэ сургуульд бид зочилж байгаадаа бид их баяртай байна. Үе үеийн нэртэй эрдэмтэд, бүтээлчдийн ажиллаж байсан алдартай сургуульд зочлоход тэр хүмүүсийн сайхан энерги, эрч хүчийг мэдэрч байна. Манай хоёр орны харилцаа урт удаан түүхтэй. Бидний өмнөх үеийнхэн эхлэлийг нгь тавьж, бэхшүүлсэн харилцаа юм. Социализмын үед танай орноос олон мэргэжилтэн, эрдэмтэд Монголд очиж их бүтээн байгуулалт хийсэн. Түүнчлэн геологийн судалгаа, эмнэлэг, бусад үйлдвэрийг барихад бидэнд тусалж, хамтран ажиллаж байсныг сайн мэднэ. Тэр үед Монголтой харилцаж байсан эдийн засгийн харилцаагаараа Чех улс Зөвлөлт холбоот улсын дараа ордог байсныг бид сайн мэднэ. Манай хоёр орны хувьд ерээд оны эхээр маш том нийгмийн өөрчлөлтийг хийж хүн төрөлхтөний нийтлэг дэг жаяг руу хамтдаа орсон түүхтэй, хамтын үнэт зүйлтэй улсууд. Аливаа айлчлал хийж байхдаа Монгол судлалыг дэмжихийг би хичээдэг. Тийм учраас гадны сургуулиудад зочилж Монгол судлалыг хөгжүүлж буй судлаачдыг дэмждэг. Энэ үүргийнхээ хүрээнд та бүхэнтэй уулзаж байна. Монгол судлаачид бол их буянтай сайхан ажил хийж байгаа хүмүүс гэж би их хүндэтгэж үздэг. Би өөрийн орон, өвөг дээдсийнхээ түүхээр бахархаж явдаг хүн. Монголчуудын төрт ёс, уламжлал нь хэдэн мянган жилээр тоологдох баялаг түүхт улс юм. Мөн дэлхийн олон улсын хувь заяанд монголчуудын байгуулсан төрт улс, дэлгэрүүлж байсан шинэ дэг журам маш гүн гүнзгий ул мөр үлдээсэн байдгийг бид сайн мэднэ. Монголчуудын хүн төрөлхтөнд гүйцэтгэсэн үүргийн талаар судалж үндэслэлтэй судалгаа хийж байгаад бид баярлаж явдаг. Тиймээс Монгол судлалыг хөгжүүлж байгаа та бүхэнд зориулж бяцхан бэлэг бэлдэн авчирсан. Үүнийгээ үлдээгээд явна. Энэ бэлэг та бүхний ажилд тус болох байх гэж итгэж байна гэв.
Дараа нь тус сургуулийн багш, оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа.
-Монголын нүүдэлчдийн соёл одоо ямар хэмжээнд байна вэ?
-Монголын нүүдэлчдийн соёл гэдэг бол Монголын уламжлалт соёлыг авч явах гол амин сүнс нь гэж болно. Би хөдөөгийн малчин айлд төрж, өссөн хүн. Өнөөдрийн хотод амьдарч байгаа хүмүүсийн өмнөх үе нь дандаа хөдөө нүүдэллэж амьдарч байсан хүмүүс байдаг. Монголын нүүдэлчний соёл нь зөвхөн ахуйтай холбоотой төдийгүй, байгальтай нь холбоотой юм. Байгалиасаа үүдэлтэй, түүнтэйгээ нягт уялдсан соёл. Монголчуудын мал ахуйгаа адгуулж буй соёл бол хэдэн мянган жилийн түүхтэй. Нүүдэлчдийн соёлыг өөрчлөхийг хүссэн ч чадаагүй. Хамгийн хүчтэй коммунизм ч өөрчлөөгүй. Коммунизмын нөлөөгөөр Монгол гэрт ганц радио л нэмж тавьсан байх. Өөрөөр өөрчилж чадаагүй. Ямар ч хувьсал, өөрчлөлт болж байсан Монголыг монголоор нь харагдуулдаг соёл. Гэхдээ орчин үед техникийн дэвшлийг хослуулан уялдаж хөгжиж байна. Мянган километрийн цаанаас охин руугаа утасдаад сэрээж байна. Эсвэл ноос, ноолуурын үнэ ханшаа асуудаг болжээ. Гаднаа сансрын антен тавьчихаад 60 гаруй суваг үзэж байх жишээтэй. Энэ бүх техник, технологийн дэвшил нүүдэлчдийн соёлд сайнаар нөлөөлж байна.
-Олон монголчууд Чехэд сургууль төгсөөд нутагтаа очдог ч ажил олдохгүй эргэж ирээд энд ажилладаг. Энэ үзэгдэл Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ?
-Европын орнуудаас БНЧУ-д монголчууд их ирж ажиллаж ирсэн. Одоо ч тийм онцлогтой. Монголчууд аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэж ярьдаг. 1990 оноос хойш олон монголчууд гадаадад сурч, ажиллахаар явсан. Энэ асуудлыг бид дутагдал гэж үздэггүй. Сайн зүйл. Тухайн оронд очоод соёл, ахуйтай нь танилцаж, суралцахын дээр тэндээ амьдарч байгаад нутагтаа ирж байгаа ч хүн бий. Эсвэл гадаадаас ар гэрээ дэмжээд явж байгаа хүмүүс ч байна. Энэ явдал дэлхий нийтээр байж л байгаа зүйл. Тийм учраас энийг дутагдалтай зүйл гэж бодохгүй, харин тэр хүмүүсийгээ дэмжээд, туслаад явахыг л хичээдэг. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаагийн хэрээр манай иргэдийн гадагшаа явдаг байдал эргэж татраад Монголдоо ажилладаг, нутаг руугаа буцах явдал ажиглагдаж байна. Цаашдаа ч энэ үйл явц үргэлжилнэ гэж бодож байна.
-Чехэд амьдарч буй монголчуудын нөхцөл байдлаас үзвэл, гадаадад амьдарч буй залуу гэр бүлийн хүүхдүүдийн эх хэлний баялаг их муу. Танай төр, засгийн зүгээс гадаадад амьдарч байгаа иргэдийн хүүхдүүдийг эх хэл, соёлын мэдлэгийг сайжруулахад чиглэсэн бодлого байна уу?
-Чехийн иргэдээс ийм олон хүн босоод Монголоор асуулт асууж байгаа нь үнэхээр сайхан байна.Наргиантайгаар хэлэхэд, та бүхэн Прагийн гудамжинд Монголоор яриад явбал хэн ч ойлгохгүй. Монголчуудын хувьд хэл, соёлоо үр хүүхдүүддээ өвлүүлэх нь үнэхээр чухал. Гэхдээ энэ асуудалд эцэг, эхийн үүрэг, оролцоо, хариуцлага хэрэгтэй. Дээр нь мэдээллийн технологийн хөгжлийн дэвшил өөрсдийн соёлд, эх хэлдээ шамдан суралцах боломжийг олгож байна. Гадаадад байгаа монголчууд маань хоорондоо холбогдоод аль улсад байгаагаас үл хамааран цугларч, өөрсдийн уламжлалт баяр ёслолыг хийхийн зэрэгцээ үр хүүхэддээ уламжлал, зан заншил, соёлоо заан түгээж байна. Бид монголчууд олноороо байгаа улсад Монгол сургууль байгуулахыг дэмждэг. Сурах бичгүүдийг нь явуулж, хүсэлтийг нь хүлээж авч шийддэг. Иргэдийнхээ санаачлагыг дэмжих нь л нээлттэй орны төр засгийн бодлого шүү дээ. Түүнээс Ерөнхийлөгч нь хэл, соёлоо заагаад явах боломжгүй. Харин энэ бүхнийг дэмжих нь зөв бодлого. Ийм л бодлогоор бид ажилладаг.
-Хөдөөнөөс хот, суурин газарт шилжин суурьшиж байгаа иргэдийн талаар та юу гэж бодож байна вэ. Үүнийг зохицуулж, зогсооход юу нөлөөлж болох уу?
-Монголын ардчилсан Үндсэн хуульд нэг чухал заалт бий. Тэр заалтаар бол, Монгол Улсын иргэн хаана амьдарч, суурьшихаа өөрөө шийддэг. Залуучууд мэдэхгүй байх л даа. 1990 оноос өмнө нэг сумаас нөгөө рүү явахад “зам явах” гэж авдаг байсан. Тэр нь виз авдаг байсан. Тийм хатуу хяналттай байлаа. Харин одоо дэлхий даяар явсан ч болохоор нээлттэй болсон. Хот руу шилжих хөдөлгөөн их байсан. Гэхдээ энэ явдал эргээд саарч байгаа. Эсэргээрээ эргээд хөдөө рүүгээ нүүх үзэгдэл ажиглагдах болсон. Ийм хандлага, сайн мэдээнүүд их дуулдаж байгаа. Энэ чиглэлийг анзаарч олон хууль баталж, хэрэгжүүлж байна. Оршин суугаа газраа сайхан амьдрах боломжийг нь бүрдүүлэхийн тулд татварын таатай нөхцөл, тэндээ ажиллаж, амьдрах боломжийг нь бий болгох юм бол өөрийнхөө жамаар зохицуулагддаг. Энэ чиглэл рүү би маш их анхаардаг. Энэ чухал асуудлыг та бүхэн хөндөн асууж байгаад үнэхээр талархалтай байгаагаа хэлье.
Улстөрч хүнээс асуулт асуугаад байвал яриад л байдаг. Гэхдээ улстөрч хүний яриа их уйтгартай. Тийм яриаг сонссон хүн байтугай арслан ч ундаг гэсэн үг бий. Монголын хөгжлийн философи их өөр. Та бүхэнд сайхан мэдээ дуулгахад энэ долоо хоногт Монголын гурван сая дахь иргэн төрнө. Монгол Улс бол 1.5 сая километр хавгай дөрвөлжин нутагтай, гурван сая хүнтэй, 50 сая малтай орон. Монголын хөгжлийн онцлог бол төр нь, дарга нь хүчтэй, эрх мэдэлтэй байхдаа биш иргэн нь, Монгол хүн хүчтэй, чадвартай байхад оршино гэж би хувьдаа боддог. Жишээлбэл, Хятадын төр нь хүчтэй байвал энх тайван, хөгжил дэвшил нь байдаг. Монгол хүн эрхтэй байна гэдэг бол ардчиллын сонголттой нийцдэг. Их эрхтэй, сонголттой, бүх хуулиа ингэж гаргах ёстой гэж би боддог.