Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Чех Улсын Сенатын танхимын дарга Милан Штех бараалхлаа
Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Милан Штех бараалхав. Уулзалтын эхэнд Милан Штех өөрийн орны парламентын талаар товч танилцууллаа.
Чехийн Парламент нь Сенатын танхим, Төлөөлөгчдийн танхимаас бүрдэх бөгөөд Сенатын танхим нь 81 гишүүнтэй. Сенатын танхимын гишүүдийн гуравны нэгийг хоёр жил тутам сонгодог. Тус танхим нь Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцүүлээд дэмжигдсэн хуулийн төслийг баталдаг. Гэхдээ улсын төсвийг баталдаггүй. Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцийг Сенатын танхимаасаа томилдог юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ,халуун дотноор хүлээн авч буйд баярлалаа. Энэ онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Чехословак Улс 1990 оноос өмнө Монгол Улсын хувьд ЗХУ-ын дараа орохуйц хоёр дахь том хөрөнгө оруулагч байсан. Үүнээс харахад манай хоёр улсын хоорондын харилцаа хэр өргөн болохыг харуулж байна. Мөн манай улсаас олон оюутан Чех Улсад ирж, боловсрол эзэмшиж байсан.
Би өнөөдөр Чех Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, халуун дотно яриа өрнүүллээ.Бидний хамтын ажиллагаа эдийн засаг, боловсрол, уул уурхай, дэд бүтэц зэрэг олон салбарт өргөжих боломж харагдаж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд монголын хувийн хэвшлийн төлөөлөл багтсан байгаа. Маргааш Монгол, Чехийн бизнес форумыг зохион байгуулна. Энэ үеэр бизнесийнхэн яриа, хэлэлцээ хийх боломж нээлттэй байгаа гэлээ.
Милон Штех хэлэхдээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг үнэлсэн Таны үнэлгээтэй санал нэг байна гээд Монгол Улс бол манай улсын хувд сайн түнш. Чех Улс нь Европт аж үйлдвэр өндөр хөгжсөн гурван орны нэг. Энэ утгаараа 1989 онд эхэлсэн шилжилтийн үеийг амжилттай давж чадсан. Чингэхийн тулд гадны хөрөнгө оруулалтыг сайн татсан. Жишээ дурдвал, өнөөдөр дэлхий дээр явж байгаа аливаа машины ямар нэг эд ангийг Чехэд үйлдвэрлэсэн байдаг. Мөн уул уурхайн хүнд машин, механизмын үйлдвэр сайн хөгжсөн.
Чехийн томоохон компаниуд өөрсдийн бараагаа экспортлохоос гадна өөрийн төлөөлөгчийн газрыг тухайн улсад нээх хүсэлтэй байдаг. Монгол Улс нь эдгээр орны нэг юм. Монголын хувьд хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Чингэснээр хамтын ажиллагаанд түлхэц болох юм. Цаашид хамтын ажиллагааны салбарыг хувийн хэвшил тодорхойлох байх.
Миний зүгээс парламент хоорондын харилцааг өргөжүүлэх бололцоотой гэж үзэж байна. Аливаа харилцаанд харилцан айлчлал чухал бөгөөд сүүлийн жилүүдэд парламентын түвшинд харилцан айлчлал тогтмолжсон.
Эдгээрээс гадна үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд онцгой анхаарах болно. Боловсролын салбарыг дэмжих нь хүн амын амьдрал, амьжиргааг дээшлүүлэхэд том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг гэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улс 2016 онд АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна. Энэ үеэр парламентын гишүүдийн уулзалт мөн болно гэдгийг дурдаад манай талаас анхаарч сонирхож буй нэг салбар нь аялал жуулчлал, байгаль хамгаалал. Түүнчлэн Тахийг Монголд нутагшуулах төсөл амжилттай хэрэгжсэн. Энэхүү төсөл нь байгаль хамгааллын салбар дахь хамтын ажиллагааны том жишээ юм. Тахийг монголд нутагшуулахад тусалж, анхаарч ажилласанд талархалтай байна. Нэгэн үе Монгол Улсын тахины тоо толгой маш цөөрсөн. Одоо 100 гаран тахь монголд байна. Гадны жуулчдын очих хамгийн дуртай газруудын нэг нь зүй ёсоор Хустайн нуруу байдаг гэлээ.