“Улаанбаатар хотын бүтэц, эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлэг болов

2014 оны 4 сарын 15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Улаанбаатар хотын бүтэц, эрх зүйн шинэтгэл” уулзалт хэлэлцүүлэг болж, оролцогчид уг асуудлаар харилцан ярилцаж шийдвэрлэх арга замын талаар байр сууриа илэрхийллээ.

Тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгээр Улаанбаатар хотын бүтэц, эрх зүйн зохицуулалтын хязгаарлагдмал байдал, өөрчлөлт, шинэчлэл хийх бодит санал, санаачилга, одоо хийж буй ажил, өнөөгийн улс төр, засаглалын нөхцөлд хэрэгжүүлж болох шийдлийн хувилбарууд, богино, дунд, урт хугацааны үйл ажиллагааг багтаасан төлөвлөгөө боловсруулах зэрэг сэдвийг хөндөн ярилцав.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, АНУ-ын Азийн сангийн Хөтөлбөр, стратеги, шинэчлэл, сургалт хариуцсан дэд захирал Марк Коэниг болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл, Улаанбаатар хотын дүрэм боловсруулахад оролцож байгаа зөвлөх мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Нийслэл бол хотуудын том нэгдэл байх ёстой

Хэлэлцүүлгийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хотын бүтэц, эрх зүйн байдлыг дэлхийн жишигтэй харьцуулж үзвэл ихээхэн гажуудсан, ээдрээтэй, эргэлзээтэй байдгийг тайлбарлалаа.Нийслэлийн Засаг дарга хэлэхдээ “Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал хэчнээн чухал болохыг би нэг жишээгээр тайлбарлая. Би АНУ-ын Денвер, Канадын Калгари хотуудад очиж Засаг дарга нартай нь уулзаад нэрийн хуудсаа өгөхөд миний нэринй хуудсыг хараад ойлгохгүй байсан. Миний нэрийн хуудас дээр “Нийслэлийн governor,Уланбаатар хотын  mayor” гэсэн байдаг. АНУ-ынхаар бол Колорадо мужийн Засаг дарга бөгөөд Денвер хотын захирагч гэсэнтэй ижилхэн болчихсон. Калгари хотын мэр “Би өмнө нь ийм албан тушаал харж байгаагүй. Та их мундаг том албан тушаалтай юм шиг байна” гэж гайхаж байсан. Энэ нь өнөөдрийн Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хотын бүтэц, эрх зүйн байдал дэлхийн жишигтэй нийцэхгүй байгааг харуулж байна.

Уг нь засаг захиргааны нэгж бол тухайн нутаг дэвсгэр дээрээ хуулийн хэрэгжилтийг хангадаг чиг үүрэгтэй байдаг. Хот бол улс төрөөс ангид, аж ахуйн үйл ажиллагаагаа хариуцдаг. Жишээ нь, Денвер, Калгари хотуудад хотын мэрийн сонгуульд намууд нэр дэвшүүлэхийг хуулиар хориглодог. Монголд бол СӨХ-ны даргад намууд нэр дэвшүүлэх шахдаг. Хот толгойноосоо хөлөө хүртэл улстөржчихөөд  ерөнхий үйл ажиллагаа нь хаягдсан байдаг. Гэтэл хот бол өмч хөрөнгөөрөө нийлсэн хүмүүсийн корпораци юм. Бүдүүлгээр хэлбэл хот болСӨХ-нуудын СӨХ юм. Хот бол үл хөдлөх хөрөнгөө жилээс жилд сайжруулж, орчноо тохижуулж, үнэ цэнийг нь алдагдуулахгүй байх ёстой.

Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулиар нийслэл гэдэгзасаг захиргааны нэгж дотор тосгон байгуулах эрхийг хаачихсан. Хэрэг дээрээ нийслэл нь хотуудын том нэгдэл байх ёстой юм. Зайсан хот, Яармаг хот, Баянхошуу хот байх ёстой. Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваах талаар ярьж байгаа. Гэтэл ингэх биш, хоёр хот болгох ёстой. Хотууд өөр өөрийн асуудлаа шийдээд явах учиртай. Хот бол улс төрийн байгууллага биш. Үүнд намууд оролцох ёсгүй. Ингэвэл нийслэлийн асуудлыг амархан шийдэж болно. Энэ талаар хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Одонтуяа нарт талархаж байна. УИХ дахь АН-ын бүлэг үүнийг дэмжиж байгаа” гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1556
0 эможи
keyboard_arrow_up