Ц.Элбэгдорж: Бид үнэхээр нэрээ боддог хүмүүсийн үр сад юм бол хувийн хэвшлээ, үйлдвэрлэгчдээ бодох цаг болжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний бизнес эрхлэгчидтэй өчидөр уулзалт хийлээ.
Уулзалтад Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцох юм.
Мөн Ноос, ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, мод, хэвлэл, сав баглаа боодол, цемент, бетон, төмөр, барилгын материал, мал аж ахуй, газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүний мэргэжлийн холбоод, Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Сүү ХК, Дархан нэхий, Мон-Сүү ХХК, Монголшевро, Говь ХК, Гоёо ХХК, Гацуурт ХХК, Газар шим ХХК, MCS, Тесо зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр уулзалтыг хөтлөн явууллаа. Тэрээр уулзалтын эхэнд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл санаачлаад яг нэг жилийн хугацаа өнгөрч байна. Улс орнуудын туршлага судаллаа, улсынхаа дотоод нөхцөл байдлыг ч байгаа тоо баримт, бодит байдалд нь тулгуурлаж үнэлж дүгнэлээ. Иргэний танхимд үйлдвэрлэл эрхлэгчидтэй 3 удаагийн хэлэлцүүлэг хийж санаа бодлыг нь авч хуулийн төсөлт тусгалаа. Салбарын онцлогоос хамаарч үйлдвэрлэлийг дэмжих бодлого өөр өөр байдаг юм байна. Үйлдвэрлэлийн аль ч салбарт нийтлэг таарч нийцэх бодлого нь нэгдүгээрт, экспортын баримжаатай үйлдвэрийг дэмжих, хоёрдугаарт, импортыг орлох дотоодын үйлдвэрийг тарифийн бодлогоор дэмжих гэсэн 2 үндсэн бодлогыг хуульчилж тодорхой болгох шаардлагатай юм байна гэдэг нь ойлгогдож байгаа. Товчхондоо бол төрөөс экспорт, импортын бодлогоо сайжруулах асуудал үйлдвэрлэлийг дэмжихэд түлхүү тавигдах ёстой юм.
Үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг бол экспортыг дэмжинэ гэсэн үг. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх үйлдвэрлэл явуулж чадаж байгаа эсэхийн нэг том шалгуур үзүүлэлт бол бүтээгдэхүүн нь экспортод гарч чадаж байна уу, үгүй юу гэдгээр хэмжигднэ.
Өнөөдөр энд Монголын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл цугларч Ерөнхийлөгчийн үгийг сонсч, санал бодлоо илэрхийлэх гэж байна. Та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв.
Шинэ оны мэндчилгээгээ Эрдэнэт үйлдвэрээс дэвшүүлсэн нь санаандгүй зүйл байгаагүй
Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүмүүс, Засгийн газрын гишүүд, бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн төлөөлөгчид, албаны улсуудад талархаж байна. Он гармагц үйлдвэрлэгчид, бүтээгчид, бизнесийнхний төлөөлөгчидтэй уулзаж байгаа маань учир холбогдолтой. Шинэ оны мэндчилгээгээ манай орны хамгийн томд орох Эрдэнэт үйлдвэрээс дэвшүүлсэн нь ч санаандгүй зүйл байгаагүй. Ер нь Монголын төр, Монгол Улс үйлдвэрлэлд, хийж бүтээж буй хүмүүстээ анхаарлаа хандуулах нь туйлын чухал байна гэдгийг хэлэх гэж, тийш нь олны анхаарлыг хандуулах гэж тэндээс мэндчилгээ дэвшүүлсэн юм. Та бүхэн бизнес эрхлэхдээ, шийдвэр гаргахдаа тодорхой эрэл хайгуул хийж явдаг шиг би ч мөн тодорхой эрэл хайгуул хийж явдаг. Тэгээд жил гаруйн өмнө “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн санаачилга гаргаж ярьж, хоёр асуулт тавьж байсан. Эдийн засгаа яаж өсгөх вэ, төрөө яаж засах вэ гэж.
Монголын хөгжлийн зам бол хүчтэй хувь хүн, хүчтэй хувийн хэвшил
Эдийн засгаа яаж өсгөх вэ гээд бодоод байхад ер нь хувийн хэвшлээ л дэмжих ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Монголын хөгжлийн зам бол миний бодлоор хүчтэй хувь хүн, хүчтэй хувийн хэвшил. Хувийн хэвшлийг яагаад бодит сектор гэж нэрлэдэг вэ гэвэл төрөөс ангид орших чадвартай. Энэ нь улс орныг аваад явах чадвар учраас, нөгөөтэйгүүр бид үнэхээр хүн төрөлхтний нийтлэг замыг сонгосон юм бол хувийн хэвшлээ дэмжих ёстой. Хувийн хэвшил гэдэг өөрөө өргөн ойлголт юм. Тиймээс хамгийн түрүүнд үйлдвэрлэгчдээ дэмжих учиртай юм байна. Үйлдвэрлэл нь босоод ирэхээр бусад салбарласан хувийн хэвшил нь дагаад босох юм байна гэж бодсон. Оны өмнө Засгийн газар өөрчлөгдөхөд би Ерөнхий сайдтай санал солилцож “Үйлдвэрийн яам бий болгоё. Энэ манайд их чухал байна. Шинэ Засгийн газар, Ерөнхий сайд ажлаа зөв хийж чадвал энэ хамгийн зөв эхлэлийн нэг болж магадгүй” гэж хэлж байсан. Түүнээс гадна манайд үйлдвэрлэлийг дэмжих төсөл гэж байсан. Яавал, ямар хууль гаргавал үйлдвэрлэлийг дэмжиж болох вэ гэдэг судалгаа бас хийсэн. Үйлдвэрлэлийг дэмжих хуультай улс орон цөөн ч гэсэн байдаг юм билээ. Салбар салбарынх нь хуулиар зохицуулаад явж буй улс орнууд ч байна. Ингэж нэлээд ажилласан учраас ер нь үйлдвэрлэлийн салбарт Монгол Улсад ямар асуудал тулгамдаж байна гэдэг дээр тодорхой ойлголттой болсон гэдгээ өнөөдрийн уулзалт дээр хэлье хэмээн бодсон юм.
Энэ Засгийн газар, УИХ-ын хувьд нэг амжилттай шийдвэр гаргасан нь Аж үйлдвэрийн яам цоо шинээр байгуулж сайдыг нь томилон ажилд нь оруулсан явдал. Шинэ яам ажлаа эхэлж буй үед үйлдвэрлэгчдийнхээ төлөөлөгчидтэй уулзаж байгаа нь төрийн яам, үйлдвэрлэгчид хоёр ажлаа уялдуулахад аль алинд нь хэрэгтэй болов уу гэж бодож байна.
Үйлдвэрлэлээ хөгжүүлэх нэгдсэн бодлого, зохицуулалт алга
Үйлдвэрлэлийг Ерөнхийлөгчөөс, төр засгаас дэмжих хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт улс төртэй холбоотой шалтгаан байна. Хараад байхад үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого нь олон яаманд салж тарамдсан учраас манай үйлдвэрлэгчид нэг газар асуудлаа очиж шийдүүлэх боломж алга. Тиймээс улс төрчдийг дагасан, нэгдсэн бодлогогүй энэ байдлыг дагасан хандлага харагдаад байна. Үйлдвэрлэгчид маань албан тушаалтнуудын ааш аяыг дагасан, үүд хаалгыг нь сахисан, тодорхой улс төрчдийг л “биднийг дэмжих болов уу” гэж харсан, тэдний хойноос гүйсэн, лоббидсон байдалтай байдаг. Тэд нар нь сонгуулиар баахан юм амласан атлаа сонгуулийн маргаашаас мартчихдаг. Иймд үйлдвэрлэлийн бодлогыг нэгтгэх хэрэгтэй байгаа юм. Хоёр дахь шалтгаан бол улсын нэр хүндтэй холбоотой. Одоо бид юу хийж байна. Үсний хавчаар, шүдний чигчлүүр гээд аваад үзвэл хийж л байгаа байх. Социализмын үед бид хадаасаа ч хийж чадахгүй байна гэж бие биеэ шүүмжилдэг байсан. Хоцрогдлоо ингэж жишээлж ярьдаг байсан. Энэ өнөөдөр ч үргэлжилсэн байдалтай байна.
Бүтээнэ, үйлдвэрлэнэ гэдэг улс орны нэр хүндэд маш чухал
Уламжлалаа аваад үзэхээр монголчууд олон зүйл хийж, бүтээж, үйлдвэрлэж байсан агуу үндэстэн байдаг. Түүнийгээ дэлхий нийтээр тарааж байсан. Монголчуудын хувцас хэрэглэл гэхэд л ямар агуу байлаа. Монголчуудыг хүчээ аваад их гүрэн байгуулаад босоод ирэхэд бусад улс үндэстэн дуурайж байсан. Үсний засалтыг нь хүртэл дуурайж байсан. Монгол жанжнуудын өмссөн хувцсыг, тохсон эмээлийг, барьдаг сэлмийг дуурайж байлаа. Эмэгтэйчүүдийнх нь зүүсэн гоёлыг дуурайдаг байсан. Тэр бүхнийг монголчууд өөрсдөө хийж чаддаг байсан. Бүр ган хайлуулж зэвсгээ хүртэл хийдэг байлаа. Хархорины малтлагаас гангийн маш олон зуух гарч байсан. “Марко Поло” гэдэг кино сая гарлаа гэсэн. Тэр хүний тэмдэглэлд “монголчууд хар чулуу түлж байна” гэж байгаа. Хубилай хааны үед нүүрс түлж ган хайлуулдаг, газрын тос эсгийнд шингээн асааж хэрэм давуулан хаяж шатаан эзэлдэг, дарь гарган ашиглаж тэсэрдэг зэвсэг хийдэг байжээ. Монголчууд хийж бүтээж байсан тэр үедээ дэлхийд нэртэй төртэй гүрэн байгуулж явсан хүмүүс. Үүнээс харахад юм хийнэ, бүтээнэ, үйлдвэрлэнэ гэдэг улс орны нэр хүндэд маш чухал үүрэгтэй.
Юу хийж, бүтээж, үйлдвэрлэж, юуг хүн төрөлхтөнтэй хуваалцаж байна гэдгээр нь улс орны хөгжлийг дүгнэдэг. Зарим орны нэрийг мэдэхгүй атлаа хийсэн, үйлдвэрлэсэн барааны нэрийг нь хүмүүс мэдэх нь бий. Ийм бүтээгдэхүүн улсынхаа нэрнээс илүүтэйгээр тухайн орныхоо нэрийг гаргаж явдаг. Дэлхийд ийм олон брэнд бий болгосон ямар ямар орон байдгийг бид мэднэ. Хүчирхэг, нэр хүндтэй орнууд ийм л байгаа. Тэгэхээр бид үнэхээр нэрээ боддог, “нэр хугарахаар яс хугар” гэж ярьдаг хүмүүсийн үр сад юм бол энэ асуудлыг бодох цаг болжээ.
Манай эдийн засгийн бүтэц буруу байна
Гуравт манай эдийн засгийн бүтэц буруу байна. Энэ бүтэц сүүлийн 30 жилд засагдаагүй. Манай гадагш гаргадаг бүтээгдэхүүний 92 хувь нь уул уурхайн салбарынх. Баялгаа ухаад зөөгөөд гаргадаг. Наймхан хувь нь боловсруулсан, Монголд үйлдвэрлэв гэсэн бүтээгдэхүүн. Ийм улс орон, нийгэм хөгжинө, хүмүүс нь сайн сайхан амьдарна гэсэн ойлголт ерөөс байхгүй. Үүнээс үүдээд дөрөв дэх шалтгаан гарч ирдэг. Яагаад сайн сайхан байх зорилт тавьж ажиллахад хүндрэлтэй байдаг вэ гэвэл маш амархан хямралд өртдөг. Түүхий эдийн үнэ өндөр байхад тансаглаж эхэлдэг, унахаар бүгд хямардаг. Өнөөдөр бид үүнийг хангалттай үзэж, амсаж байна. Энгийн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Түүхий эдийг боловсруулахгүй тэр чигээр нь гаргавал бүрэн хямралд өртдөг. Хагас боловсруулаад гаргавал хагас хямардаг. Бүтэн боловсруулаад гарвал бага хямардаг. Иймээс Монгол хажуугийн зах зээлд нүүрсний үнэ унахад, тэнд татвар тавихад л хямардаг. Бид хийж бүтээдэггүй, хямралд өртөмтгий, гүн хямардаг, түүнээс нь янз бүрийн үр дагавар гардаг болчхоод байна. Үүнийг үргэлжлүүлж болохгүй, одоо бид ухаарч байгаа дээрээ засах хэрэгтэй. Улс төр ярилгүй тал талаасаа хэлэлцээд шийдэх бүрэн боломжтой гэж би бодож байна. Үүнд л хүмүүсийн анхаарлыг хандуулъя гэж би бодсон юм. Тав дахь хэлэх гэсэн зүйл бол бодлого, үйлдвэрлэл байхгүй болохоор үйлдвэрлэлийн соёл бидэнд алга.
Монгол адууны соёлтой болохоос үйлдвэрлэлийн соёлтой улс биш
Монголд үйлдвэрлэл гэж байдаггүй юм шиг хүмүүс нь бүр тийм ойлголттой. Үйлдвэрлэл гэдэг тодорхой соёлыг бий болгодог. Монгол адууны соёлтой болохоос үйлдвэрлэлийн соёлтой улс биш байна. Энэ соёл хэчнээн урт хугацаа зарж байж тогтдог вэ гэдгийг та нар мэдэж байгаа. Эрдэнэт үйлдвэрт очиход манай уул уурхайн бодлого хаа хүрээд зогсдог нь харагдаж байна. Манай бодлого тодорхойлогчдын нүдний хараа хаа хүрээд зогсож байна гэвэл хайх, олборлох, баяжуулах гээд. Үүнээс цааш зохицуулах хууль ч алга. Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа баяжмалаа зэс болгоё гэвэл яаж зохицуулах юм, нөгөө төрийн оролцоо нь байх юм уу, хаана хийх юм, юу болгох юм бүгд тодорхой бус. Ерөөсөө зохицуулалт байхгүй. Шийдвэр гаргах юм уу, хэн мэдэх юм бэ гэсэн хэдэн цаас барьсан, санаа зовсон хүмүүс олон арван жил явлаа. Тодорхойлолт ч алга, эрх зүйн дэмжлэг ч алга. Ийм учраас өнөөдөр манай хөгжил шинэ бодлого, шинэ шатыг шаардаж байна. Төр ард түмнээ боддог юм бол үүн рүү харахаас өөр аргагүй болж байна.
Улс орнуудыг бүтээгдэхүүний экспортын чадамжаар нь үнэлдэг
Үйлдвэрлэлийн бодлого гэхээр толгой эргээд байх юм байхгүй. Хоёр үгэнд л уягддаг шүү дээ. Экспорт, импорт гэж. Экспорт гэдэг нь бидний гадагш гаргаж байгаа зүйл, импорт гэдэг нь бидний гаднаас авч байгаа зүйл. Улс орнуудыг үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний экспортын чадамжаар үнэлж дүгнэдэг. НҮБ-д бүр ийм тусгай салбар байгууллага байдаг. Монгол Улсынх бол 0.00079 гэж гардаг. Японых бол 0.54. Бид хаана явааг дэлхий хүртэл тодорхой хэлэхэд хэцүү болсон байгаа. Экспортын бүтээгдэхүүний чадавхтай эхний таван орон бол Япон, Герман, АНУ, БНСУ, Сингапур гэж байх жишээтэй. Гэхдээ бид бас бүр нэг болохгүй зүйл яриад ч байгаа юм биш. Экспортын чадавхыг хийж бүтээсэн бүтээгдэхүүний нь хэн худалдан авч байна, хэнд очиж байна, хэнтэй хуваалцаж байна, хүн авч байна уу үгүй юу гэдгээр л тодорхойлдог юм байна. Аливаа үйлдвэрлэл эрхлэгчид дэлхийн дэвжээ л хэрэгтэй. Дэлхийд л чансаагаа үзэх хэрэгтэй. Дотооддоо хэрэгцээгээ хангаж, зарж борлуулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ гадаадын хүн худалдан авч байна уу, захиалга ирж байна уу гэдэг л өөрсдийн чинь цаашдын чадамжийг тодорхойлно.
Хамгийн том далай манай улсын эргийг угаагаад байж байна
Монголд нэг гайхамшигтай давуу тал бий. Бид гадагшаа явахдаа ч ярьдаг. Ер нь бол хүмүүс далайд гарах гарц гэж яриад байдаг. Монгол бол далайд гарах гарцгүй орон гэж ярьдаг. Яг үнэндээ бол зах зээлд гарах гарцыг л хэлж байгаа. Түүнээс далайд гарах дуртай хэдэн хүн яваад л, тэнд шумбаад л, сэлээд л байна гэсэн үг биш. Тэгвэл дэлхийд хамгийн том зах зээл БНХАУ манай улстай хамгийн урт хилээр хиллэдэг. Энэ бол хамгийн том далай манай улсын эргийг угаагаад байж байна гэсэн үг. Юу ч хийсэн болохоор. Гэтэл улс орнууд далай гаталж гэрээ байгуулахаар манай урд хөрштэй ярилцаж байна. Бид боомтоор гарах тухай л ярьж байна. Энэ бол том боломж. Нөгөө талаар манай хойд хөрш бас том зах зээл. Бид чинь том улсуудтай харьцдаг болохоор бүр том юм бодоод байдаг. Хятадаас том, хурдан хөгжиж буй зах зээл дэлхийд байхгүй. ОХУ-аас өөр манай ноос, ноолууран бүтээгдэхүүнийг авах том зах зээл дэлхийд байхгүй. Хэдхэн хоногийн өмнөөс визгүй зорчдог боллоо. Нөгөө хаагдаад байсан ресторанууд, зоогийн газраар чинь дүүрэн орос, буриадууд явж байна гэсэн шүү дээ. Манай нөгөө ноос, ноолууран бүтээгдэхүүн хийдэг хүмүүс “Борлуулалт 60 хувиар нэмэгдлээ” гээд бөөн баяр. Хиам, махан бүтээгдэхүүн чинь жигтэйхэн сайн борлож байна гэсэн сурагтай. Юм хий л дээ. Хийвэл боломж байна шүү дээ.
Өндөр дээд хэмжээнд ярьсан зүйл ингэж ард иргэдийн амьдралд тусч байгаа нь сайн хэрэг. Юу үйлдвэрлэх юм бэ гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа учраас энэ талаар олон зүйл ярихаа больё. Монгол бол бүх юм хийх гэж гүйх шаардлагагүй. Тийм боломж ч байхгүй. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулах хэрэгтэй. Мах, сүү, яс, арьс шир гээд малаас гардаг хэдхэн зүйлийг л бид ярьдаг. Тэдгээрийг дахин боловсруулаад ажиллахад л гайхамшигтай олон зүйл хийж болох юм билээ. Би нэг махны үйлдвэрт очиж байсан. 110 гаруй нэр төрлийн эм бэлдмэл гаргаж авч байсан. Тэр тусмаа манай дөчин хэдэн хэмийн хасах хүйтэн, дөчин хэдэн хэмийн нэмэх халуунд өсөн үржиж буй гентэй мал гэдэг бол гайхалтай юм билээ. Зөвхөн энэ талаар судлаад ажиллахад дэлхийд гайхагдах бүтээгдэхүүн гаргаж авах боломж бий. Манайд ургаж байгаа ургамал, ногоо ч адилхан. Ингээд явахад болно.
Энэ цагаас хойш гахиурын үйлдвэр гэж ярих ёстой
Одоо гангийн үйлдвэр байгуулагдаж байна. Сайн хэрэг. Цементийн үйлдвэр байгуулагдаж байна. Энэ цагаас хойш цементийн биш “гахиурын үйлдвэр” гэж ярих ёстой. Алийн болгон гадаад үгээр ярих вэ. Гайхаж байх шиг байна. Тэнд хүн алга ташиж байна. Бид чинь өөрийн хэл соёлтой ард түмэн шүү дээ. Дээрээс нь цөөхөн болоод ч тэр юм уу монголчуудын оюуны чадавх нь гайхамшигтай. Би ер нь ирээдүйд, 2050 он гэхэд Монголд тэргүүлэх салбар программ хангамж болсон байж магадгүй гэж боддог. Ингэж бодож ч явах ёстой. Энэ их уудам орон зайтай, дэлхийд нэг хүнд ногдох зай талбайгаараа тэргүүлэх ийм улсад хийх юм маш их байна. Гаднаас зүгээр бэлэн зүйл авчраад угсарч болно. Одоо эрдэмтэн судлаачид, бүтээгчид гэрээс гараад алхмын зайд л миний амьдрах орчин байгаасай гэж хүсч байна. Машин унах, хотын шуугиан зэргээс бүрэн залхжээ. Би энэ сэдвээр өнгөрсөн онд хоёр газар лекц уншсан. Хүмүүс сонирхож байсан. Бидэнд үнэхээр гайхамшигтай боломж байгаа. Нэг хүнтэй уулзахад хуванцрын үйлдвэрлэл бол гангийн үйлдвэрлэлээс дутуугүй чухал юм шүү гэж хэлж байсан. Үнэн байх гэж бодож байна. Хуванцар ордоггүй юм гэж байхгүй шүү дээ. Ингэж харж юм хийвэл Монголд өөрт нь асар их боломж байна.
Ийм уудам нутагтай, дэлхий дээр нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр тэргүүлдэг тэр чинээгээрээ бидэнд хийх бизнес маш их байна. Гаднаас бэлэн эд ангийг нь авч ирээд угсарч болж байна. Өнөөдөр хүмүүс бидний алхах орон зайн дунд амьдрах бүх орчин маань байгаасай гэж хүсдэг. Ер нь хүмүүс утаа,хотын бөглөрөл, чимээ шуугиан зэргээс үнэндээ залхсан. Би энэ сэдвээр өнгөрсөн жил хоёр газар лекц уншсан. Хүмүүс сонирхож байсан.
Үйлдвэрлэл гэдгийг их өргөн утгаар ойлгох хэрэгтэй
Ер нь үйлдвэрлэл гэдгийг их өргөн утгаар ойлгох хэрэгтэй байгаа юм. Нэг хүн надад хэлж байсан. Хуванцарын үйлдвэр гэдэг бол гангийн үйлдвэрээс дутуугүй чухал юм шүү гэж. Би үүнийг үнэн байх гэж боддог. Хуванцар ордоггүй юм гэж байхгүй. Хэрэв ингэж харж чадвал Монголд өөрт нь асар их боломж бий.
Та бүхэн үндэсний үйлдвэрлэгчидээ чухам яаж дэмжих вэ гэдэг асуултыг надаас асуухыг хүсч байгаа байх. Би үүн дээр маш тодорхой гурван зүйлийг хэлье.
Нэгдүгээрт татвар тарифтай холбоотой асуудал байна. Би сая экспорт гэж ярьсан, одоо харин импорттой холбоотой хэдэн зүйл хэлье гэж бодож байна. Аливаа улс оронд иргэд нь жаахан юм хийгээд бүтээгээд ирэхээр, түүнтэй холбоотой зүйлүүдийг нь харж байгаад яг халууны шил шиг л хандаж байх ёстой юм л даа. За манайхан энэ бүтээгдэхүүнээрээ жаран хувиа хангаад эхэллээ. Тэгэхлээр өмнө нь импортын бүтээгдэхүүний татварын хэмжээ бага байсан бол татварын хэмжээг нь тодорхой хэмжээгээр нэмээд дотоодын үйлдвэрлэгчиддээ өрсөлдөх боломжийг нь дэмжээд өгье гэх мэтээр бодлогоо боловсруулаад явдаг байх хэрэгтэй байгаа юм. Импортын бодлого гэдэг бол тухайн улсын үйлдвэр лүүгээ хандсан хамгийн чухал бодлого байдаг.
Өнгөрсөн онд Японд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийж байсан ажлын хэсгийнхэн бүр гайхаж ирсэн. Хэлэлцээрийн импортын татварын хэсэгт Японы талынхан инээгээд байх юм гэнэ. Учир нь манай ихэнх бүтээгдэхүүний татвар таван хувьтай байж. Японд бол долоон хувийн татвартай ч бүтээгдэхүүн байна. Тэг хувьтай бүр хорин хувийн татвартай нь ч байна. Сар татвар тавиад өөрчилдөг бүтээгдэхүүн ч байна. Гэтэл манайд бүх юм нь тав. Таван төрлийн хүнсний ногоо нэг 15-20 хувийн, өндөг,гурил 15, шар айраг 25 хувийн ч билүү татвартай байдаг. Тэд нар танайх худалдаа хийдэг юмуу,ямар хачин зохицуулалттай юм бэ гээд бүр гайхаж байна гэсэн.
Татварын бодлого ер нь бодлого гэдэг чинь байнга хөдөлж байдаг зүйл шүү дээ. Гэтэл импортын татварын асуудал хариуцсан манай тарифийн зөвлөл дөрвөн жил цуглаагүй л гэж байгаа юм. Нөгөө таван хувь дээрээ тавьж аваад л унтчихгүй юу.
Үйлдвэрлэгчид хэчнээн их зовж байна. Хүмүүс хэчнээн удаа асуудал болгож тавьж байна. Төрийн чих тийм л хатуу байгаа байхгүй юу. Ерөөсөө мэдрэмж байхгүй. Ажлаа мэдэхгүй, сэтгэл гаргадаггүй ийм л болчихоод байна. Энэ бол хамгийн анхаарах ёстой асуудал юм.
Бид хоёр хөрштэй. БНХАУ-ын импортын татварын хэмжээ дунджаар 20 хувь,ОХУ-ынх 30-35 хувьд эргэж байгаа. Ийм өндөр татвар дээр байж дотоодын үйлдвэрлэлээ хамгаалдаг, бусад улсуудтай найрамдалт хамтын ажиллагаатай бол тодорхой бүтээгдэхүүн дээр сараа