Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны шагнал хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдыг өнөөдөр шагнав. Хоролрагчаагийн Алтанзул, Тогоогийн Хонгорзул, Цэрэн-Очирын Соёл-Эрдэнэ нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны шагналыг хүртээлээ.
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Хоролрагчаагийн Алтанзул нь Монгол орны ховордож, нөөц нь багасч буй эмийн ургамлын төрөл, зүйл, генофондыг хадгалах, тэдгээрийн биологийн нөөцийг нэмэгдүүлэх, эмийн ургамлыг биотехнологийн аргаар богино хугацаанд их хэмжээгээр гаргаж авах боломжтойг туршилтаар баталсан “Монгол орны зарим ховор, нэн ховор эмийн ургамлын биотехнологийн судалгаа” сэдэвт шилдэг бүтээл туурвисан байна.
Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн багш, доктор Тогоогийн Хонгорзул шинжлэх ухаанд өмнө нь тодорхойлогдож байгаагүй хүний дархлааны тогтолцоо, эсүүдийг дэмждэг шинэ эсийг олж нээсэн “Альфа-гөлгөр булчингийн актины илрэлээр тунгалагийн булчирхайн шинэ бүтцийн эсийг нээж илрүүлсэн дүн” сэдэвт дархлааны эдийн нөхөн сэргээлтэд чухал ач холбогдолтой судалгаа хийж дархлаа судлалын ухаанд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор Цэрэн-Очирын Соёл-Эрдэнэ нь Монгол орны болон дэлхийн байгаль орчны асуудал, хүрээлэн буй орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийг судалсан “Антарктид дахь цагаан алтны бүлгийн элементүүдийн тунадасжилт, тэдгээрийн эх үүсвэрийн судалгаа”, “Говийн бүсийн агаарын тоосонцрын ионы болон хортой хүнд элементийн судалгаа” зэрэг байгаль хамгааллын үйлсэд хувь өгөхүйц дорвитой бүтээл туурвисан.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шилдэг залуу эрдэмтдийн шагналыг гардуулж хэлсэн үгэндээ:
Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны шагналыг эрдэм шинжилгээ, судалгааны салбарт итгэл үнэмшлээрээ зүтгэж, эх орондоо төдийгүй эх дэлхийн хүмүүст хэрэг тустай бүтээл туурвиж яваа гурван залуу судлаачид олголоо.
- ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Хоролрагчаагийн Алтанзул,
- Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн багш, доктор Тогоогийн Хонгорзул,
- МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор Цэрэн-Очирын Соёл-Эрдэнэ нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны шагналыг тус тус хүртээлээ.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртсэн эхний эрдэмтэн Хоролрагчаагийн Алтанзул маань Монгол орны ховордож, нөөц нь багасч буй эмийн ургамлын төрөл, удмын санг хадгалах, тэдгээрийн биологийн нөөцийг нэмэгдүүлэх, эмийн ургамлыг биотехнологийн аргаар богино хугацаанд их хэмжээгээр гаргаж авах боломжтойг судалсан юм.
Шагналыг авсан хоёр дахь эрдэмтэн Тогоогийн Хонгорзул бол хүний дархлаа судлалын ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан бол гурав дахь эрдэмтэн Цэрэн-Очирын Соёл-Эрдэнэ маань хүн төрөлхтний нийтлэг сорилт болсон уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сэдвээр судалгаа хийсэн билээ.
Энэ боломжийг ашиглаад “Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим” гэсэн өвөг дээдсийнхээ сургаалийг дагаж эрдэм номоор биеэ чимсэн эрхэм залуу эрдэмтэд та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе. Та бүхэн олон шилдэг эрдэмтэн, залуу судлаачдаас шалгарч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг гардан авч байна. Энэхүү шагналыг дагаад өндөр хариуцлага та бүхэнд оногдож байгаа. Та бүхэн цаашид улам их зорилго урдаа тавьж, эрдэм номын үйлстээ улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе. Баярыг тань хуваалцаж буй гэр бүл, хамт олон, найз нөхөд, хамтран ажилладаг эрдэмтэн, багш, судлаач нарт баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эрдэм номын ариун цагаан үйлс ашид дэлгэрэх болтугай.