Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийв

2014 оны 12 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлгийг  Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр хөтөлж явууллаа.

 

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хуулийн хэлтсийн дарга Алтанцэцэг Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцуулга хийсэн юм.Сүүлийн 50 жилд уул уурхайг эс тооцвол Монгол Улсын экспортын бүтцэд өөрчлөлт ороогүй байна. Иймд экспортыг нэмэгдүүлэх,импортыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулжээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлосон түүхий эдээр үнэ цэнэ шингээж боловсруулалт хийсэн экспортын бэлэн бүтээгдэхүүний болон дараагийн шатны үйлдвэрлэлийн түүхий эд, материалын үйлдвэрлэлийг төрөөс дэмжих харилцаанд уг хууль үйлчилнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Үйлдвэрлэлийг дэмжихдээ олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгдэж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 90-ээс дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт сүүлийн 3 жилд оруулсан хөрөнгө оруулалтынх нь 50 хувьд төрөөс 10 жилийн хугацаатай хүүгүй зээл нэг удаа олгох, өндөр технологи нэвтрүүлж нутагшуулсан экспортын үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртлэх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлыг нэг удаа улсын төсвөөс буцааж олгохоор хуулийн төсөлд тусгажээ.

Засгийн газар үйлдвэрлэлийг дэмжсэн үйл ажиллагаагаа дараа оны 1-р улиралд багтаан УИХ-д тайлагнаж байх, дотоодын үйлдвэрийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан тайлан, үйлдвэрт олгосон дэмжлэгийн тайлан, тарифын болон тарифын бус тайланг тайлагнаж байхаар мөн тусгасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13797
0 эможи
keyboard_arrow_up