Ц.Элбэгдорж: Монголын ард түмний зүрх, сэтгэлд хоногшсон мөнхийн бүтээл бол “Хонхны дуу” юм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын ардчиллын цогтой уриа болсон “Хонхны дуу”-нд өнөөдөр Төрийн соёрхол хүртээв. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташа, “Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр нар сэтгэгдлээ илэрхийллээ.
Төрийн соёрхол хүртээх ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Одоогоос яг 25 жилийн өмнө, 1989 оын 12 дугаар сарын 10-ны өдөр, тэр үед нэрлэдэг байснаар Хүүхэд, залуучуудын ордны өмнө МоАХ байгуулагдсаныг зарлаж, тухайн үеийн МАХН-ын Улс төрийн товчоо, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдэд хандаж 14 зүйлийн шаардлага тавьсан анхны цуглаан болсон. Тэр бол Монголд ардчилсан хөдөлгөөн үүссэнийг зарласан анхны цуглаан байсан. Улс төрийн тэр цуглаан дээр анх удаа манай С.Цогтсайхан, Н.Энхбаяр хоёр “Хонхны дуу”-г яг энэ цаг мөчид дуулж, эгшиглүүлж байсныг дурсахад таатай байна. Цуглааныг би нээж үг хэлж байсан. “Бид олон жил дуугүй явлаа” гэж үгээ эхлүүлж байсныг санаж байна.
Төрийн соёрхлыг бүтээлд олгодог. Өмнө нь ч тийм уламжлал байсан. Дөрвөн мөртэй шүлэгт ч олгож байсан уламжлал бий. “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол олгож байгаагийн ач холбогдлыг би энд бас хэлье. ХХ зуунд, хүйтэн дайны үед нийгмийг өөрчлөхөд, хувьсгалд дуудсан дуунууд капиталист ертөнцөд ч, социалист ертөнцөд ч зохиогдож байсан. ХХ зуунд нийгмийн өөрчлөлт, ардчилалд дуудаж гарч байсан тэр бүтээлүүдтэй зэрэгцэж очих тийм бүтэл бол “Хонхны дуу” байгаа юм. Монголд ч тухайн үед тийм шүлэг бичдэг үе байсан боловч Сосорбарамын Цогтсайханы ая, үгийг нь зохиосон “Хонхны дуу” шиг нийгмийг өөрчлөлтөд татсан, түүнийг бүрэн утгаар нь гаргаж чадсан ийм гайхамшигтай, сүлд дуу болтлоо хоногшсон бүтээл байхгүй юм.
Ер нь “Хонхны дуу”-г өнөөдөр ч дуулмаар санагдах юм гэж хүмүүс ярьдаг. Ойрын өдрүүдэд ардчилсан хувьсгалын ой, ардчилсан хөдөлгөөний ой гэж ярьж байна. Ардчилал бол ялаад орхичихдог зүйл ерөөсөө биш. Өнөөдөр бид хүний амьдралд байдаг жаргал, зовлонгоор л амьдарч байна. Бид өөрсдөө амьдрал, хувь заяаныхаа эзэн болсондоо л гол асуудал байгаа юм. Монголчуудын олон зууны турш хэлсэн “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэсэн нэг сайхан үг байдаг. Тэгэхээр өөрийн эрхээр байдаг энэ л нийгмийг байгуулах гэж “Хонхны дуу” уриалга нь болж, бид дунд нь явж байсан, ийм л учиртай юм. “Хонхны дуу” цаашдаа ч ач холбогдлоо алдахгүй. Хэдэн үедээ нийгмийг өөрчлөлтөд, шинэ зүйлд дуудсан уриа дуудлага байсаар байна. Үнэхээр ийм мөнхийн бүтээл болж чадсан, Монголын ард түмний зүрх, сэтгэлд хоногшсон мөнхийн бүтээл бол “Хонхны дуу” юм гэдгийг давтан хэлье.
Өнөөдөр тэр цуглаан дээр эгшиглэснийх нь яг 25 жилийн ойн өдөр, энэ цаг мөчид “Хонхны дуу”-нд зарлиг гаргаж Төрийн соёрхол олгож, энэ бүтээлд Монголын төрийн нэрийн өмнөөс, Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн хүндэтгэл үзүүлж байгаадаа туйлын баяртай байна.
С.Цогтсайханы ах Майнбаяр гэж ардчиллын партизан мөн л энэ өдрүүдэд баяраа тэмдэглэж яваа. С.Цогтсайханы гэргий Н.Наташа, хүү Ц.Түшиг, “Хонхны дуу”-г хамт дуулсан Н.Энхбаяр нар энд байна. “Хонх” хамтлаг 1989 онд анхны концертоо тоглож байсан. Энд байгаа хэвлэлийнхний зарим нь тэр үед дөнгөж төрж, зарим нь хөлд орж байсан тул энэ түүхийг би товчхон ярьж байгаа юм.
Та нарт бүгдэд нь Монголд ардчилсан хөдөлгөөн үүсэн байгуулагдсаныг зарласны 25 жилийн ойн мэндийг хүргэе.
Монголын нийгэм байнга өөрчлөгдөж, бид сайнаа хадгалж, муугаа өөрчилж, байнга урагшилж байх ёстой юм. Өнөөдөр ч “Хонхны дуу” ач холбогдлоо алдаагүй, хойшид ч алдахгүй мөнхийн бүтээл хэвээр байх болно гэдэгт итгэж байна. Баярлалаа” гэлээ.
С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташа: Түүхэнд мартагдашгүй үйл явдал болж байна
-Өнөөдөр ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ардчиллын сүлд дуу болсон “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээсэнд нь манай гэр бүл, ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь бүгд их баярлаж байна. Ийм үйл явдал болно гэж бид зүүдлээ ч үгүй. Гэтэл ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн энэ өдрүүдэд Цогоогийн маань гэрэлт хөшөө босч, түүний зохиож дуулсан дуунд Төрийн соёрхол хүртээж байгаа нь түүхэнд мартагдашгүй үйл явдал болж байна.
“Хонхны дуу”-нд нь Төрийн соёрхол хүртээж байгаа нь өөрөө их онцлогтой гэж сая Монгол Улсын Ерөнхийлөгч хэллээ. Зохиогч нь байхгүй ч дуунд нь Төрийн соёрхол хүртээсэн нь бас их шинэлэг үйл явдал юм. Энэ сайхан бэлгэ дэмбэрэлтэй өдрийг тохиолдуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчид сэтгэлийнхээ үгийг хэлье гэж бодлоо. Талийгаач нөхрийг маань Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх энэ хувьсгалд оролцсон үеэс эхэлж хамгийн их ойлгож, мэдэрч тусалж явсныг би гэр бүлийнх нь хүний хувьд их сайн мэднэ. Талийгаач маань өнгөрөөд 10 жил болсон боловч ард үлдсэн хоёр хүүхэд, гэр бүлд нь яг Цогоо маань байгаа юм шиг энэ жилүүдэд тусалж ирлээ. Үүнийг би их тодорхой хэлэх ёстой гэж бодож байна. Аавынх нь оронд аав болж, хоёр хүүхдийн маань эрдэм боловсролд маш их анхаарал тавьж, амьдралынхаа анхны алхмыг гишгэхэд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхийлөгчийн Тамгын газар тусалсан. Үр хүүхдийг маань тохьтой нөхцөлд амьдраасай гэж бодож Ерөнхийлөгчид өгсөн хоёр өрөө өргөө байрыг үр хүүхдэд минь бэлэглэсэнд бид бүхэн их бэлгэшээж явдаг.
Хамт тэмцэж явсан журмын нөхөр нь өнөөдөр энэ хорвоод байхгүй ч гэсэн хүнлэг сайхан сэтгэлээр ар гэрийнхэнд нь хандаж, бүтээлийг нь мөнхлөхийн төлөө сэтгэл гаргаж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгчид гэр бүлийнхнийхээ өмнөөс дахин дахин баярласнаа илэрхийлж, гэр бүл, үр хүүхдэд нь урт удаан наслахыг хүсэн ерөөе. Та бүхэнд баярлалаа.
“Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр: Энэ дуу хэзээ нэгэн цагт Төрийн соёрхол авах байх гэдэгт итгэж байсан
-Энэ дуу хэзээ нэгэн цагт Төрийн соёрхол авах байх гэж итгэж байсан. Ялангуяа Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд би өөрийнхөө энэ бодлыг олонтаа илэрхийлж байсан. Энэ бол үнэхээр яахын аргагүй олон түмэнд түгсэн ардчиллын сүлд дуу гэдэгт надтай маргах хүн байхгүй байх. Монголын Хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны зааланд энэ дууг анх бичсэн түүхтэй. Энэ дууг бүтээхэд өөрсдийн оюун ухаан, ур чадвараа дайчилсан хүмүүсийг нэрлэе гэж бодож байна.
Энэхүү дууг бичихэд “Соёл эрдэнэ” хамтлаг агуу туслалцаа оруулсан юм. Тус хамтлагийн бөмбөрчин Цолмон, даралтат хөгжимчин Батболд, басс гитарчин, талийгаач Дамдинсүрэн анх энэ дууг тоглосон юм. Мөн дууны бичлэг хийх үеэр бидний сэтгэл санааг дэмжиж, маш их эрч хүч өгч байсан хүмүүс бол “Соёл эрдэнэ” хамтлагийн Галсанбат, дуучин Баяраа агсан нар юм. Эдгээр хүмүүст талархлаа илэрхийлье. Мөн олон түмний дунд Вовка нэрээрээ танигдсан Энхболд маань гоцлол гитар тоглосон.
Эдгээр хүмүүст хандаж хэлэхэд энэ та бүгдийн баяр шүү, та нартаа баярлаж явдгаа илэрхийлье гэв.
Хонхны дуу
Урьд шөнө хар дарж зүүдэллээ
Урт гар намайг зовооно
Хэлэх үгийг минь боогдуулж
Харах нүдийг халхална
Аз болж хонх дуугарлаа
Арай ядан нойрноос сэрлээ
Хонхны дуу биднийг сэрээ сэрээ
Хонхны дуу биднийг сэрээ
Хонхны дуу биднийг сэрээ сэрээ
Хонхны дуу бидний сэрээ
Гэгээн наран илчээрээ
бээрсэн толгодыг гэсгээнэ
бэлгэдлийн хонх нь эгшгээрээ
Нойрноос бүгдийг сэрээнэ
Өглөө намайг сэрээсэн
Өнгөлөг хонхны дуу
Өртөөлөнхөн цуурайтсаар
Өргөн талыг туулаарай
Аяа бэлгэдлийн минь хонх
Бидний хүслийг тээгээрэй
Хонхны дуу хүслийг түгээ түгээ
Хонхны дуу зоригийг бадраа
Хонхны дуу хүслийг түгээ түгээ
Хонхны дуу зоригийг бадраа гэсэн үгтэй “Хонхны дуу” ийнхүү Төрийн соёрхолт бүтээл боллоо.