Ардчиллын уриа-“Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын нийт ард түмнийг ардчилалд уриалан дуудсан цогтой уриа болсон “Хонхны дуу”-нд өнөөдөр Төрийн соёрхол хүртээв. Монголд Ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойг тохиолдуулан хүртээж буй Төрийн шагналыг уг дууны үг, аяыг зохиож, өөрөө анхлан дуулсан Сосорбарамын Цогтсайхан агсны гэр бүлийнхэнд гардуулан өгөв. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс С.Цогтсайхан агсны хүү Ц.Түшиг гардан авсан юм. Уг арга хэмжээнд С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташа, "Хонхны дуу"-г хамтран дуулж олонд хүргэсэн Н.Энхбаяр нар оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт "Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын сүлд дуу-Сосорбарамын Цогтсайханы үг, ая “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээсүгэй" гэжээ.
“Хонхны дуу” нь Монголын ард түмний зүрх сэтгэлд хүрсэн мөнхийн бүтээл болж, өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байгааг шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмдэглэн хэллээ.
Урьд шөнө хар дарж зүүдэллээ
Урт гар намайг зовооно
Хэлэх үгийг минь боогдуулж
Харах нүдийг халхална
Аз болж хонх дуугарлаа
Арай ядан нойрноос сэрлээ
Хонхны дуу биднийг сэрээ сэрээ
Хонхны дуу биднийг сэрээ
Хонхны дуу биднийг сэрээ сэрээ
Хонхны дуу бидний сэрээ
Гэгээн наран элчээрээ
бээрсэн толгодыг гэсгээнэ
бэлгэдлийн хонх нь эгшгээрээ
Нойрноос бүгдийг сэрээнэ
Өглөө намайг сэрээсэн
Өнгөлөг хонхны дуу
Өртөөлөнхөн цуурайтсаар
Өргөн талыг туулаарай
Аяа бэлгэдлийн минь хонх
Бидний хүслийг тээгээрэй
Хонхны дуу хүслийг түгээ түгээ
Хонхны дуу зоригийг бадраа
Хонхны дуу хүслийг түгээ түгээ
Хонхны дуу зоригийг бадраа гэсэн үгтэй “Хонхны дуу” ийнхүү Төрийн соёрхолт бүтээл боллоо.