ХБНГУ-ын Бундестагийн гишүүнийг хүлээн авч уулзав

2014 оны 12 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Манфред Грунд, Конрад Аденауэрийн сан /КАС/-гийн Зүүн хойд Ази хариуцсан дарга Томислав Делинич, КАС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханнес Рай, тус сангаас Монголд шинээр суух суурин төлөөлөгч Даниел Шмакинг нарыг хүлээн авч уулзав.

 

  Уулзалтад тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тиедеманн байлцав.

Уулзалтын эхэнд ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Манфред Грунд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд маргааш Улаанбаатарт болох гэж байгаа Герман-Монголын чуулга уулзалтын талаар дурдав. Тэрээр “Хоёр орны харилцаа олон жилийн түүхэн улбаатай. Германтай уламжлалт сайхан харилцаагаа өндөр итгэлцлийн түвшинд үргэлжлүүлж байгаа цөөхөн орны нэг нь Монгол Улс юм. КАС өнгөрсөн жилүүдэд Монголд ажил үүргээ амжилттай гүйцэтгэж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол хүчтэй улстөрч хүн. Монголд маргааш Эвслийн Засгийн газар тайван замаар бүрдэх гэж байна. Энэ Засгийн газрын өмнө том үүрэг, зорилтууд тулгарах нь мэдээж” гээд Засгийн газар бүрдсэний дараа улстөрчдийн өмнө нэн түрүүнд ард түмэнд хүртээлтэй ямар үүрэг, зорилт тулгарч байгаа болон хөрөнгө оруулагчдад тустай ямар ажил хийх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас өөрийн байр сууриа илэрхийлэхийг хүслээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ХБНГУ-аас, ялангуяа КАС-гийн шугамаар ирсэн Германы төлөөлөгчидтэй уулзахдаа ямагт баяртай байдгаа илэрхийлээд хоёр орны хоорондын соёлын харилцаа зуу шахам жил болж буйг, мөн Герман хэлээр ярьдаг хүнийхээ тоогоор Монгол Улс бүс нутагтаа ямагт тэргүүлж ирснийг дурдав. Мөн Монгол дахь Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгааг тэмдэглэж, ХБНГУ нь Европын орнуудаас Монголын ардчиллыг нэн  түрүүнд дэмжиж, улс төр, эдийн засгийн хос шилжилт хийхэд хамгийн их тусалж дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. “Өнгөрсөн 25 жилийн тайван шилжилтийг хийхэд Герман улс, Германы ард түмэн, КАС, бусад сангууд маш их тусалсан. Иймд энэ түүхэн ойн өдрүүдэд та бүхнээр дамжуулан Германы төр, засаг, ард түмэнд гүн талархал илэрхийлье. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтарч ажиллаж ирсэнд талархал илэрхийлье.

Өнгөрсөн 25 жилд Монгол Улс сонгуулиар засаг төрөө байгуулдаг ардчилсан нийгэм хөгжүүлсэн бол ирэх 25 жилд иргэдийн оролцоог дэмжиж эдийн засгийн үсрэнгүй том хөгжилд хүрэх зорилт тавиад байна. Монгол Улс бүс нутагтаа хөгжлийн гайхамшгийг бүтээхэд Герман улс мөн хамт байна гэдэгт итгэж байна” гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Холбооны Канцлер А.Меркель нар өргөн харилцаатай байдгийг дурдаж Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх 2015 оны хавар Германд болох аялал жуулчлалын дээд хэмжээний уулзалтад оролцох урилгатай байгаа гэдгийг хэллээ.

Шинээр бүрдэж байгаа Эвслийн Засгийн газар богино хугацаанд үр дүнтэй ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байгаа. Одоогийн Засгийн газарт эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудал тулгамдсан асуудал болж байна. Энэ чиглэлээр ОУВС, Дэлхийн банк, АХБ зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллага, хоёр талын байгууллагатай илэн далангүй яриа, хэлэлцээ өрнүүлж бодлогын болоод хөрөнгө, санхүүгийн тусламж авах ёстой. Гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалтын итгэлийг татах бодлого явуулах нь чухал гэдгийг мөн онцлон хэлж байв.

ХБНГУ нь Монгол Улсын гол түншийн хувьд эрчим хүчний үр өгөөжийг дээшлүүлэх, биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг уулзалтад оролцогчид тэмдэглэж байлаа. Монгол дан ганц уул уурхай бус олон төрлийн эдийн засагтай улс болохыг эрмэлзэж байгаа гээд эдийн засгийн хамтын ажиллагаанд итгэлцэл чухал гэдгийг онцолж байсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монголд ажиллах хугацаандаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлд их зүйл хийсэн Суурин төлөөлөгч Йоханнес Райд талархал илэрхийлж, шинээр уг ажилд томилогдоод байгаа Даниел Шмакинг болон КАС-гийн Зүүн хойд Ази хариуцсан даргаар томилогдсон Томислав Делинич нарт ажлын амжилт хүсэн ерөөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13489
0 эможи
keyboard_arrow_up