"МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2014" үзэсгэлэнг Багануур дүүрэгт зохион байгууллаа
Их эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиодог "Мөнх тэнгэрийн бичиг-2014" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн, сургалт, лекц Нийслэлийн Багануур дүүрэгт 2014 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдөр боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2010 оны долдугаар сарын 6-ны өдөр 155 дугаар зарлиг гаргасан билээ. Багануур дүүргийнхэн уг зарлигийг хэрэгжүүлэх талаар ихээхэн анхаарч, идэвх чармайлттай ажиллаж байгаа юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд тус дүүргийн удирдлага, монгол хэл, бичгийн багш нар, сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт монгол бичиг заах аргазүйн уламжлал, шинэчлэлийн талаар лекц уншиж, уран бичээчид багш, сурагч, иргэдэд уран бичих арга ухааны сургалтыг явууллаа.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь, Архангай, Орхон аймагт тус тус зохион байгуулсан билээ.