Ц.Элбэгдорж: Шинэ ерөнхий сайд эрч хүчтэй, бусадтай гар нийлэн ажиллаж чадна гэдэгт итгэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг томилуулах асуудлаар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд танилцуулга хийв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ,
“УИХ-ын гишүүд, эрхэм гишүүд ээ.
УИХ-д хамгийн олон суудал авсан Ардчилсан нам бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Монгол Улсын Ерөнхий сайдад Чимидийн Сайханбилэгийг нэр дэвшүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.
Чимэдийн Сайханбилэг нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэгээрлийн сайд, Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж ирснийг та бүхэн сайн мэднэ. Тэрбээр 1969 онд Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн. МУИС болон Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль, Жорж Вашингтоны их сургууль төгссөн. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Чимэдийн Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд хууль, хариуцлага, ёс зүйг дээдэлж, улс орныхоо эрх ашгийг урьтал болгон тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө санаачлагатай, эрч хүчтэй, бусадтай гар нийлэн ажиллаж чадна гэдэгт итгэж байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.