“Санаачилга ямар ч эрх мэдлээс илүү”

2014 оны 11 сарын 21

“Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээн дэх харилцан туршлага солилцох үндэсний хоёрдугаар семинар өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Семинарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Азийн сан  хамтран явууллаа. Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сангаас “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийг Монгол Улсын 17 сум, хороонд хэрэгжүүлж байгаа юм.

Семинарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хөтлөн явуулж, Швейцарийн хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн менежер Жак Мера, загвар хороо, сум, багуудын удирдлага, иргэд, иргэний нийгмийн төлөөлөл оролцов.

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж семинарын үеэр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар төвлөрлийг сааруулах, иргэдийн оролцоог дэмжих бодлогыг хэрэгжүүлээд явж байна. Төсвийн тухай хуулиар сум, дүүрэг, орон нутаг бүр Орон нутгийг хөгжүүлэх сантай. Энэ сан 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. 2013 онд улсын хэмжээгээр 198 орчим тэрбум төгрөгийг Орон нутгийг хөгжүүлэх санд хуваарилж 5000 гаруй төсөл хэрэгжсэн.

Саяхан УИХ-аар Монгол Улсын 2015 оны төсвийг баталлаа. Энэ төсвөөр 2015 онд 208 тэрбум төгрөгийг Орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлж, сум, дүүрэг, аймаг, нийслэл рүү зохих томъёоллын дагуу хуваарилахаар боллоо.

Ерөнхийлөгчийн өгсөн чиглэл, үүргийн дагуу улсын хэмжээнд нийт 17 сум, хороо “Загвар сум, хороо” гэсэн статустай ажиллаж байна. Тэдний сайн туршлагыг хооронд нь солилцуулах чиглэлээр энэхүү семинар явуулж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийг сааруулах санаачлагыг дэмжин хэрэгжүүлж байгаа “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төсөл нь хөдөөгийн алслагдсан сумд, нийслэлийн захын хороодын засаг, захиргааг иргэддээ наалдаж хүрсэн үйлчилгээ үзүүлдэг, илүү ардчилсан, иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг болгох зорилгыг агуулжээ.

Төслийн хүрээнд загвар сум, хороодын захиргаанд шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангахад нь зориулан техник, санхүүгийн болон шаардлагатай бусад туслалцааг үзүүлж, Иргэний танхимыг нь бүрэн тохижуулж өгчээ. Мөн иргэдийн хэлэлцүүлгийг хэрхэн явуулах талаар сургалт, зөвлөмжөөр хангасан байна. Мөн орон нутгийн иргэдийг сургалтад хамруулж, эрх үүргээ ойлгох, хэрэгжүүлэх, төрийн байгууллагаас хэрэгцээ, шаардлагадаа нийцсэн үйлчилгээг шаардах, хүсэл сонирхлоо илэрхийлэх талаарх ойлголт, мэдлэг өгчээ.

Семинарын үеэр Төв аймгийн Зуунмод сумын ИТХ-ын дарга Д.Бэрцэцэг иргэдийн оролцоонд ИТХ ямар үүрэг гүйцэтгэх тухай, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ж.Адъяа төрийн үйлчилгээг иргэдийн онооны картаар үнэлэх талаар тус тус илтгэл сонсгов.

Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Засаг дарга С.Өлзийсайхан хэрхэн алслагдсан багт банкны үйлчилгээг хүргэж, тэжээлийн фонд, хүнсний агуулах байгуулж, 9 жилийн дунд сургууль, 30 хүүхэдтэй цэцэрлэг ажиллуулж байгаа талаараа бодит жишээгээр тайлбарлан илтгэсэн нь оролцогчдын сонирхлыг татсан юм. Тэрээр иргэдийн оролцоонд хариуцлага, санаачилга  чухал болохыг тайлбарлаж, санаачилга ямар ч эрх мэдлээс илүү гэдгийг хэлж байлаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12447
0 эможи
keyboard_arrow_up