Ц.Элбэгдорж: Монгол хүн эхлээд үндэсний монгол бичгээ сурч оюуны мэлмийгээ нээх нь монгол үндэстний оршин байхын бас нэг баталгаа юм
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиодог "Мөнх тэнгэрийн бичиг-2014" монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Ч.Өнөрбаяр, А.Ганбаатар, эрдэмтэн мэргэд, монгол бичгийн мэргэжилтнүүд, оюутан сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов.
Уран бичлэгийн үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Энэ танхимд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Дэлхий дахины соёлын их давалгаан дунд монгол хэмээх үелзээ давал үзэгдэхийн үндэс нь бидний хэл соёл, зан заншил болоод түүнийг илэрхийлэх бичиг үсэг буюу.
Монголчууд уйгаржин бичиг, дөрвөлжин бичиг, Тод үсэг, Соёмбо үсэг зэрэг арав гаруй бичиг үсгийн тогтолцоог зуун зууны туршид бүтээж, бодол оюунаа илэрхийлэн дэвтэрлэж, басхүү хэл шигээ сэтгэлгээ, сэтгэлгээ шигээ хэлний өвөрмөц хэв маягийг бүтээжээ. Энэ бол Монголчуудын оюуны бахархал яах аргагүй мөн билээ.
Тэдгээрийн дундаас Монгол бичиг бол олон монгол хэл аялгуутныг бичиг үсгээрээ нэгтгэн нийт дунд өргөн хэрэглэгдсээр ирсэн бичиг учраас “олуулаа” байхын үндэс болдог юм. Эл бичиг нь Монгол хүний хэл, сэтгэхүйн хөгжлийн хувиралд зохицох чанараараа гоц сайнаар тогтохгүй монгол бичгээр дэлхийн аль ч хэлний үг хэллэгийг бүрэн дүүрэн тэмдэглэж болдогоороо онцлогтой. Тиймээс дэлхийн монголчууд маань даяар монгол бичгээ сэргээн хэрэглэвээс өөр хоорондоо чөлөөтөй харилцахаас гадна даяаршилд монгол бичиг соёл өвөрмөц гойд төрх, өв соёлын баялагаараа гайхагдан, монгол хэлний амин амьсгал үл тасарч, монгол угсаатан дэлхийн цээжнээ тодорч vлдэнэ хэмээн би хувьдаа бодож байна.
Хүмүүн төрөлхтөнийг бие биеэс нь ялгах гол шалгуур бол хэл, соёл, зан заншил юм. Үүнийг судлаачдын хэлээр бол “соёлын хээ угалз” гэдэг. Тодруулбал, бөс даавуу, торгон дээр ч юм уу, нэгэн адилхан хээ тодорхой зай, хэмжээнд олонтаа давтагдаж байдагтай аливаа соёлын мөн чанарыг адилтган үзсэн хэрэг. Монгол бичиг бол монгол соёлын хээ угалз мөн.
Хүмүүн бид энэ хорвоод мэндлэхдээ эхийн цагаан сүүг амлан ирдэгтэй адил монгол хүн эхлээд үндэсний монгол бичгээ сурч оюуны мэлмийгээ нээх нь монгол үндэстний оршин байхын бас нэг баталгаа юм. Бид монгол бичгийн гайхамшгийг сэтгэлд өгүүлэх үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулж олон түмэнд толилуулдаг боллоо. “Мөнх тэнгэрийн бичиг” хэмээх энэ тэнгэрлэг үзэсгэлэнг өдгөө тав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийн өмнөхөн болж байгаагаараа онцлог юм. Монгол бахархалын өдөр энэ долоо хоногт болно.
Эзэн хаан маань эртний согд, уйгар бичгийн үндсэн дээр монгол бичгээ зохиолгож, улмаар төрийн бичиг болгох зарлиг гаргасан билээ. Эзэн хаан билиг оюуныг, мөнх тэнгэрийг дээдэлдэг байсан. Өөрийн билиг оюун хийгээд мөнх тэнгэрийн хүчинд итгэдэг байжээ. “Бие хэврэг, билиг мөнх” хэмээн эзэн Чингис бидэнд сургасан.
Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цаг дор сайн цаг оршино гэдэгт би итгэдэг. Монгол хэл бичиг, соёлыг сонирхдог, судалдаг, дэмждэг, хамтран ажилладаг улс орон, хувь хүмүүс, нийгэмлэг, байгууллагын цар хүрээ ихэд өсөн тэлж буйд миний бие туйлын баяртай байна.
Монгол хэл, бичгээ дээдлэн хүндэтгэж, сурч мэдэж, суу билгийн рашаанаас нь оюун билгийнхээ саванд утган авч чадваас сайны гэрэл гэгээ бүрэн хурах болно. Би энэ үгийг монголоо дээдэлдэг, хэл бичиг, соёл, ёс уламжлал, зан заншлаа мэддэг нийт монголчуудад, монгол үндэстэн, угсаатан, хүн бүрт хандан хэлж байна” гэлээ.
Үүний дараа уран бичлэгийн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн уран бүтээлчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч батламж гардууллаа.