Монгол Улсыг бүс нутгийн түнш орон болгон хөгжүүлэхээр сонгон авчээ

2014 оны 11 сарын 18

 “Туушин” зочид буудалд өнөөдөр “G7 Үр дүнд хурдан хүрэх түншлэл” сэдэвт олон улсын туршлага солилцох бага хурал болж байна. Уг бага хуралд Монгол Улс, ХБНГУ, Вьетнам, Лаос, Мъянмар, Кампучи улсын төлөөлөгчид оролцож байгаа юм. Хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэлэв.

 

Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Хамтын ажиллагааны байгууллага, ХБНГУ-ын GIZ байгууллагатай хамтран зохин байгуулж байгаа “Үр дүнд хурдан хүрэх түншлэл” бага хуралд хүрэлцэн ирсэн нийт төлөөлөгчдөд, ялангуяа Зүүн Өмнөд Азиас, Вьетнам, Лаос, Мъянмар, Кампучийн төлөөлөгчдөд гүн талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөе.

Монгол Улс 1990-ээд оноос ардчилал, зах зээлийн эдийн засаг руу шилжихэд хамгийн их туслалцаа үзүүлсэн орнуудын нэг бол ХБНГУ юм. ХБНГУ энэ удаа Их долоогийн гишүүн орнуудын өмнө Монгол Улсыг Зүүн өмнөд Азийн орнуудын дунд туршлага солилцоог эхлүүлэх, дэмжих үүрэгтэй бүс нутгийн түнш орон болгон хөгжүүлэхээр сонгон авсанд талархал илэрхийлээд Зүүн өмнөд Азиас ирсэн хүндэт зочдод хандаж хэдэн үг хэлье.

Өнөөдөр манай ДНБ-ий 80 хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж байна. 25 жилийн өмнө хувийн өмч, хувийн үйлдвэр хуулиар хориотой байсан. Бизнесийн хувьд, Засгийн газар их муу менежер гэж би боддог. Бизнесийг хувийн хэвшил, хувийн компаниуд хийх нь үр ашигтай гэж үзээд бид төрийн өмчийг эрчимтэй хувьчилсан.  Тийнхүү хувьчилсан нь зөв байсан гэдэгт бид эргэлздэггүй. Одоо тооны хувьд төрийн өмчийн оролцоотой цөөн тооны компаниуд бий.

Монгол Улс түргэн хөгжиж байгаа эдийн засагтай орон. Ингэхэд уул уурхай, эрдэс баялгийн салбар чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс байгалийн баялаг ихтэй орнуудын нэг. Дэлхийн Эдийн засгийн Форум байгууллагын тооцоолсноор байгалийн баялгийн батлагдсан нөөц 3 их наяд ам.доллар. Батлагдаагүй нөөц түүнээс хавьгүй их гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол Улс эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор ихээхэн либерал хуулийг 1997 оны 6 дугаар сард баталсан. Уг хууль батлагдсанаас хойш  гадаадын хөрөнгө оруулалт Монгол руу хандаж эхэлсэн. Монгол Улс уул уурхайн дэлхийн газрын зураг дээр товойн бичигдэж, зурагдаж эхэлсэн. Энэ бол сайн мэдээ. Монголын эдийн засаг сүүлийн 15 жилд 10 дахин өссөн. Уул уурхай, их мөнгийг дагаад байгаль орчны, нийгмийн шинэ асуудал гарч ирсэн. Улстөрчид ч халуурч, хариуцлагаггүй амлалт өгч, хөрөнгө мөнгөний үр ашиг буурч эхэлсэн. Хариуцлагатай бас хариуцлагагүй уул уурхайн компаниуд бий болсон.

Ирсэн өргөдөл болгонд тусгай зөвшөөрөл өгснөөр манай улсын газар нутгийн 46 хувь нь хайгуулын талбай болж хувирсан байсан. Манай газар нутаг 1,6 сая хавтгай дөрвөжин км нутаг шүүдээ. Түүний тал нь хайгуулын болон ашиглалтын талбай болсон. Сүүлийн 3 жилд бид нэг ч хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй,  одоо л олгож эхлэх гэж байна. Ингэхдээ тухайн компанийн мэргэжлийн болон санхүүгийн чадвахийг харгалзаж тусгай зөвшөөрөл олгодог болно. Байгалийн баялгаа өгч ашиглуулчихаад дараа нь олон улсын шүүхэд дуудагдах явдал ч гарсан.

Уул уурхайн бизнес эрхлэгчдээс байгаль орчин, нийгэм, эдийн засгийн болон ил тод байдлын талаар шаардлага тавихын зэрэгцээ Засгийн газрууд, төрийн байгууллагууд хууль дүрэм, гэрээгээ чанд мөрдөх, үйл ажиллагаа нь ил тод, олон нийтийн хяналтад байх нь чухал гэж Монгол Улс үздэг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг УИХ-аас баталж 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн орон даяар хэрэгжиж эхлэхэд бэлэн болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай, Хариуцлагын тухай, Нийтийн сонсголын тухай зэрэг олон хуулийн төслүүдийг өргөн барихаар ажиллаж байна. Энэ бүхэн улс орны хөгжлийг түргэтгэх, хөгжилд хүргэх, төрийн байгуулагуудын үйл ажиллагааг ил тод, үр ашигтай, хариуцлагатай, олон нийтийн хараа хяналтад байлгах олон талын ач холбогдолтой юм.

Энэ хурал нэг удаагийнх биш. Ирэх 2015 онд цуврал арга хэмжээнүүдийг тус бүрийн орнуудад зохион байгуулах учраас магадгүй энэ хамтын ажиллагаа  түргэн үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Орчин үед мэдээлэл мөнгөнөөс чухал байх нь ч бий. Миний бие Дэлхийн эдийн засгийн форумын Хариуцлагатай уул уурхайн зөвлөлд гурав дахь жилдээ сонгогдон ажиллаж байна. Түүгээр дэлхийн хаана, ямар асуудал тулгамдаж байгаа, ямар чиг хандлагатай байгаа, бас хэрхэн яаж шийдэж байгаа талаар, түүнийг шийдэхэд сонирхогч талууд болох Засгийн газар, хөрөнгө оруулагчид, орон нутаг хэрхэн хамтран ажиллах ёстой талаар янз бүрийн нэн сонирхолтой, бас хэцүү тулгамдсан асуудлыг авч хэлэлцдэг. Тэр Зөвлөл глобал асуудлаар ярилцдаг. Манай орнууд газар зүйн болон геополиткийн байршил, тулгамдаж буй нийтлэг асуудал, шийдлийн талаар мэдээлэл, туршлага солилцож, хамтран ажиллавал тулгарч байгаа бэрхшээл сорилтыг бага өртөг зардлаар даван туулж чадна гэж бодож байна.

Ингээд хамтдаа хэлэлцэж хөгжилд хүрье. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12225
0 эможи
keyboard_arrow_up