Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АПЕК-ийн дээд түвшний уулзалтанд оролцож байна
АПЕК-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд болж байгаа “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээнд оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн ирээд буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзав.
Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д сууж байгаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, тус яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын зэрэг албаны хүмүүс, БНХАУ-ын талаас ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ван Хунин, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Төв хорооны Тамгын газрын дарга Ли Жаньшу, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи, Гадаад хэргийн сайд Ван И, Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Ся Шаоши, Худалдааны сайд Гао Хучен нарын зэрэг хүмүүс оролцлоо.
Уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Си Зиньпин хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хуучин андын ёсоор уулзаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн наймдугаар сард миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Энэхүү айлчлал надад маш гүнзгий сайхан сэтгэгдэл төрүүлсэнд баяртай байна. Танд дахин талархал илэрхийлье.
Мөн миний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д ирж АПЕК-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд болох “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээнд оролцож байгаад талархал илэрхийлье. Энэ 2014 онд миний бие ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой таван удаа уулзаж байна. Мөн саяхан БНХАУ-д айлчилсан УИХ-ын дарга З.Энхболдтой уулзсан. Эдгээр нь хоёр орны харилцаа өндөр түвшинд байгааг харуулж байна. Би ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамтран хоёр талын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт Дарга та энэхүү уулзалтад оролцох урилгыг надад ирүүлж, миний бие АПЕК-ийн дээд түвшний уулзалтын яриа, хэлэлцээнд оролцож байгаадаа баяртай байна. Өнгөрсөн наймдугаар сард таны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал үнэхээр түүхэн чухал айлчлал болсон. Манай ард түмэн таны айлчлалаас маш их сайхан сэтгэгдэлтэй үлдсэн. Энэ жил эрхэм Дарга тантай тав дахь удаагаа уулзаж, хоёр талын болон олон талын асуудлаар санал солилцох боломж гарч байгаад би их баяртай байна. БНХАУ энэ жил олон улсын хэмжээний олон чухал арга хэмжээг маш амжилттай, үлгэр жишээ зохион байгуулж байгаад талархаж байна” гэв.
Уулзалтын үеэр БНХАУ-ын даргын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал болон Тажикийн нийслэл Душанбе хотноо болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохын төлөө хоёр тал хамтран ажиллана. Нүүрс хийжүүлэх болон дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Мөн Монголоос нийлүүлэх махан бүтээгдэхүүний экспортын тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна гэдгээ хоёр тал илэрхийлж байлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян бараалхав
Бээжин хотноо болж байгаа АПЕК-ийн дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян бараалхав.
БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян уулзалтын эхэнд “Монгол Улсын Ерөнхийлөгч таныг Хятадад айлчилж байгаад БХАТИХ-ын нэрийн өмнөөс баяр хүргэе. Ноён Ерөнхийлөгч та энэ удаа БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар хүрэлцэн ирж, АПЕК-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд болж байгаа “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээнд оролцож, Си Зиньпин даргатай уулзлаа. Хоёр улсын Төрийн тэргүүн нар нэг жилийн дотор таван удаа уулзаад байгаа нь их ховор тохиолдол юм. Энэ нь Монгол Улс, БНХАУ-ын найрамдал зузаарч, Төрийн тэргүүн нарын хувийн харилцаа нягт байгааг илэрхийлж байна.
Хагас сарын өмнө миний бие Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой уулзаж албан ёсны хэлэлцээ хийсэн. Бид хоёр талын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны талаарх Санамж бичигт гарын үсэг зурсан. Хоёр улсын Парламентын хамтын ажиллагааг хөгжүүлснээр Хятад, Монголын бүх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр болно гэж найдаж байна. Маш их баярлалаа” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлэхдээ “Баярлалаа. Эрхэм дарга Жан Дөзян та биднийг БХАТИХ-ын танхимд хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Хоёр орны харилцаа бүх салбарт иж бүрэн, маш эрчимтэй хөгжиж байна. Өнгөрсөн наймдугаар сард Си Зиньпин дарга Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Тухайн айлчлалын үеэр хоёр улс Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд харилцаагаа хөгжүүлж бэхжүүлэхээр тохирсон. Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа гэдэг бол хоёр тал бүх салбарт иж бүрнээр, эрх тэгш харилцана гэсэн үг юм” гэлээ.
Уулзалтын үеэр хоёр тал дэд бүтэц, эрчим хүч, нүүрсний салбарт хамтарч ажиллах талаар БНХАУ-ын даргын төрийн айлчлалын үеэр хөндөгдсөн сэдвүүдээр ярилцав.
Бараалхах уулзалтад Монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, тус яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын зэрэг албаны хүмүүс, Хятадын талаас БХАТИХ-ын Хуулийн байнгын хорооны дарга Чяо Сяо-ян, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Цао Вэйжоу, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч нарийн бичгийн дарга Шэнь Чуньяао нарын хүмүүс оролцов.