Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсанаар 52900 хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Монгол Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны нийт 247104 хүүхэд бүртгэгдээд байна. Тэдний 10 хүүхэд тутмын гурав нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэсэн судалгаа гарчээ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийннөхцөл байдал, нөөц бололцооноос хамаарч 2-5 насны бүх хүүхдийг ийнхүү сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах боломжгүй байгаа юм.
Монголын нийгмийн өмнө тулгамдаад байгаа энэ асуудлыг төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор шийдвэрлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулсан юм.
Хуулийн төсөл өргөн барьсны дараа Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд сэтгүүлчдэд хандан товч мэдээлэл өгөв. Тэрээр хийсэн мэдээлэлдээ “Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхдийн 30 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын гурав нь гэртээ цоожлогдож, эрсдэлтэй нөхцөлд хоцорч байна гэсэн үг. Үүнээс болж хүүхэд бэртэж гэмтэх зэрэг сөрөг үр дагавар дагуулж байна. Хүүхдийг асарч хамгаалах асуудал өнөөдөр нийгмийн өмнө тулгамдсан асуудал болж байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Үүнийг шийдвэрлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл боловсруулсныг УИХ-ын даргад өргөн барилаа.
Хуулийн төслөөр бол Хүүхэд харах үйлчилгээний төв гэсэн албан ёсны нэгж энэ ажлыг гүйцэтгэнэ. Хүүхэд харах ажлыг 18-60 хүртлэх насны, эрүүл, халдварт өвчингүй, бүрэн дундаас дээш боловсролтой хүмүүс эрхэлнэ гэж хуулийн төсөлд заасан. Хүүхэд харах үйлчилгээний төвийн нэг бүлэгт байх хүүхдийн тоо 20-иос илүүгүй байна. Мөн хориглох зүйл, шаардлагыг хуулийн төсөлд тусгаж өгсөн.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсанаар 52900 хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах юм” гэлээ.