Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, НҮБ-ын Вена дахь салбар төвийн удирдлагуудтай уулзав
Бүгд найрамдах Австри улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Вена дахь НҮБ-ын салбар төвийн Ерөнхий захирал бөгөөд Мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх албаны Гүйцэтгэх захирал Ю.Федотов болон Вена дахь НҮБ-ын салбарын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Хар тамхи мансууруулах бодисын хор уршиг, аюулыг дэлхий дахинд сурталчлан таниулах ажлыг гол зорилт болгохоос гадна мансууруулах бодисын үйлдвэрлэл, мансууруулах бодистой холбогдрх гэмт хэргийн эсрэг олон улсын үйл ажиллагааг дэмжих нь уг байгууллагын үндсэн чиглэл юм.
Энэ чиглэлээр хийж байгаа маш олон чухал санал санаачилгуудад Монгол Улс идэвхтэй оролцож байгаад ноён Ю.Федотов талархаж байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хар тамхины хор хөнөөлтэй тэмцэж буй тус байгууллагаас хийж байгаа арга хэмжээг дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлээд Монгол улсын иргэн Хятад улсад хар тамхины гэмт хэрэг үйлдэн цаазын ял сонсож байсан талаар дурдаад иргэдэд хор хөнөөлийн талаарх мэдээлэл сурталчилгаа чүхал үүрэгтэйг онцолсон.
Дараа нь мансууруулах бодисыг танин мэдэх лабораторитой Ерөнхийлөгч биечлэн танилцлаа. Хилээр орж ирж байгаа маш олон төрлийн бодис байдаг. Өвс, синтетик бодис зэрэг нэрээр орж ирж байгаа хар тамхины төрлийн бодисыг таньж мэдэх, тэдгээр нь мансууруулах бодисын төрөлд хамаарч байна уу, үгүй юу гэдгийг таньдаг тийм том хэмжээний лабораторийг Монгол Улсад нэвтрүүлж, хилийн боомтуудад байрлуулах асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс маш онцгой чухал ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Тийм учраас энэ чиглэлээр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын албатай ойрын хугацаанд хамтран ажиллахаар тохирлоо.
Дээр нь олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шугамаар хил дамжсан малын өвчинг хэрхэн зогсоох, тухайлбал, шүлхий болон бусад өвчнийг бууруулах, холбогдох вакцинийг үйлдвэрлэх чиглэлээр тодорхой төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр Монгол Улсаас хоёр хөрш болон бусад зах зээлд мах, махан бүтээгдэхүүн экспортлоход маш чухал нөлөө үзүүлэх юм.