Ерөнхийлөгч АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, Австри, Унгартаа айлчилна

2014 оны 10 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 10 дугаар сарын 16-17-нд Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо болох Ази, Европын 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт (АСЕМ)-д оролцоно. Ерөнхийлөгч мөн 10 дугаар сарын 14-15-нд Бүгд Найрамдах Австри Улсад албан ёсны айлчлал, 17-18-нд Унгар Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт нь эрх тэгш түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан Ази, Европын стратегийн яриа хэлэлцээ, үр ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой бөгөөд энэ удаагийн уулзалтад Ази, Европын 49 гишүүн улсын төр засгийн тэргүүн, Европын Холбооны Зөвлөлийн Дарга, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцоно.

Австри Улсад хийх айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Холбооны Ерөнхийлөгч Хайнц Фишер, Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч хатагтай Дорис Бурес нартай тус тус албан ёсны уулзалт хийхийн сацуу Вена хотноо байрлах НҮБ-ын салбар төвийн байраар зочилж, Монгол, Австрийн бизнес форумыг нээж үг хэлнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгар Улсад айлчлах үеэрээ тус Улсын Ерөнхийлөгч Янош Адер, Ерөнхий сайд Виктор Орбан болон бусад албаны хүмүүстэй уулзана. Айлчлалын хүрээнд Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн дэргэдэх Монгол судлалын төвд зочилж, Монгол, Унгарын бизнес форумыг нээж үг хэлэхийн зэрэгцээ Төв Европын их сургуульд “Монголын ардчилал ба сургамж” сэдвээр мөн лекц уншина.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал нь Бүгд Найрамдах Австри Улс, Унгар Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10027
0 эможи
keyboard_arrow_up