Ц.ЭЛБЭГДОРЖ: Нэг мод 10 хүний хэрэглэснийг байгальд эргүүлж нөхдөг гайхамшигтай

2014 оны 10 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан юм. Түүнээс хойш уг өдрийг ес дэх удаагаа орон даяар тэмдэглэж байна. Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш Монгол Улсын хэмжээнд нийт долоон сая мод тарьжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мод үржүүлгийн “УБТ” компанийн үйл ажиллагаатай танилцаж, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаагийн аман дахь Ой судалгааны хөгжлийн төвийн Модлог ургамлын цэцэрлэгт мод тарилаа.

“УБТ” буюу “Улаанбаатар мод” компани нь 2011 оноос эхлэн мод үржүүлэх, уул уурхайн нөхөн сэргээлт, ойжуулалтын чиглэлээр давхар үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж юм. Тус компанийнхан ойгоос ургаа мод сугалж өөр газарт шилжүүлэн суулгах бус модыг үр, мөчрөөр нь үрслүүлж ургуулдаг онцлогтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус компанид очиход Биологийн ухааны доктор, дендрологич Б.Чимид болон компанийн ажилтнууд ажлаа танилцууллаа. Тус компани нь мод үржүүлгийн талбайн үрийн хэсэг, бойжуулах хэсэгтэй. Модлог ургамлын хүлэмжийн үрийн хэсэгт 10 хүлэмжид навчит болон шилмүүст мод, сөөгийг үр, мөчрөөр нь бортгонд тарьж ургуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 80 гаруй мянган суулгац ургаж байна. Бортгонд ургуулсан суулгацыг хавар,намар, зуны аль ч улиралд шилжүүлэн суулгах боломжтой юм. Тэгэхдээ нэг га-д 2500 ширхгийг тарих нормтой аж. Үрийг 40 метрээс доошгүй  өндөртэй шилмэл сайн чанарын модноос сонгон цуглуулж авдаг юм байна. Самрын нэг боргоцойноос 30-40 үр авдаг. Нэг боргоцой 30-40  хуш мод болж үржих боломжтой, нэг стакан мойлны яснаас моносны бүтэн цэцэрлэг байгуулж болно гэдгийг дендрологич Б.Чимид тайлбарлалаа. Үрийг суулгац болтол нь өсгөөд 2-3 настайд нь тарих газарт нь шилжүүлэн суулгадаг ажээ. Энэ хооронд суулгацын бортого буюу өлгийг хэд дахин сольж томруулан ургах нөхцөлийг нь хангадаг байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж модыг үрээр үрслүүлж ургуулдаг аж ахуйн нэгжүүд олон болж, ажлын байрууд шинээр нэмж гаргаж байгааг сайшааж байлаа. Үрээр тарьсан мод нь ердийн тарьцаас гурав дахин түргэн ургадаг. Тэсвэр сайтай, дасан зохицох чадвар өндөр, эрт боловсорч үр жимс, самар өгөх, цэцэглэх чадвартай, үндэс нь өтгөн тул хөрс бэхжүүлж сэргээх боломжоор илүү, нүүрстөрөгчийн шингээлт сайтай зэрэг давуу талтай юм байна. Модлог ургамлын цуглуулгын талбайд 20 гаруй зүйлийн мод тарьжээ.

Модны суулгац бойжуулж буй үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд ярилцлага өгөв. Тэрээр хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд байгаль орчны чиглэлээр дөрвөн удаа зарлиг гаргасан. Эхний зарлигийг 2010 онд гаргаж Мод тарих Үндэсний өдөр бий болгосон. Жилд хоёр удаа мод тарьдаг болсон. Энэ зарлиг гарснаас хойш Мод тарих өдрийг ес дэх удаагаа тэмдэглэж, нийт долоон сая модыг Монгол Улсын хэмжээнд тариад байна. Их ажил хийсэн. Эндээс гарсан нэг сайн үр дүн бол модыг үрсэлж ургуулдаг аж ахуйн нэгж олон болсон байна. Ажлын байр олон болсон. Ой модонд өөрөө ургаж байгаа модыг сугалж хот суурин газарт тарих нэрээр ой сүйтгэх бус, цөмөөд хаядаг самар, боргоцойг үрслүүлж олон төрлийн мод тарьж байгаа нь их сайн. Зуун үр зуун мод, мянган үр мянган мод болж нэмэгдэнэ. Үүгээрээ их сайн. Үрээр үрслүүлж тарьсан модны амьдрах чадвар асар өндөр байдаг. Мод тарих нэг хэрэг. Цаашдаа ургуулах нь чухал. Үрээр тарьсан модны 90 хувь нь амьдардаг гэсэн судалгаа байна.

Бидний гаргасан хоёр дахь шийдвэр бол Улаанбаатар хот, аймаг, сумдад цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай зарлиг гаргасан. Үр дүн их сайн байгаа. Цэцэрлэгт хүрээлэнг уралдаж байгуулдаг болсон байна. Байгууллага, хүмүүс ойр орчиндоо модтой, ногоон байгууламжтай байхыг хичээдэг болжээ. Эндээс их сайн үр дүн гарч байна.

Гурав дахь чиглэл бол ард иргэдийн хамгийн их анхаардаг хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхтэй холбоотой зарлиг гаргасан. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэний байгууллагууд гартаа барих шийдвэртэй болсондоо баярлаж байгаа. Зарлигийн хэрэгжилт жаахан тааруу байгаа ч ард иргэд, аж ахуйн нэгжүүд нийлж хамтарч ажиллахад үр дүн гарахаар харагдаж байна.

Дөрөв дэх нь байгаль орчны дулааралтай холбоотой нийтлэг шийдвэрүүд байгаа. Эдгээр үйл ажиллагаа ажил болж, хэрэгжиж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн “Мод тариад орхих нэг хэрэг. Мод ургуулах, хүүхэд арчлах хоёр ижил. Байнга арчилж тордож, өлгийг нь сольж байх учиртай. Монголын үрс маш олон болтугай гэдэг шиг Монголын ногоон мод улам олон болтугай гэж ерөөмөөр байна. Нэг хүн амьдралынхаа туршид маш их ус, хүчилтөрөгч хэрэглэдэг. Нэг мод 10 хүний хэрэглэснийг байгальд эргүүлж нөхдөг гайхамшигтай. Байгалиа бид ойлгох ёстой. Байгаль өөрөө мод гэдэг гайхамшгийг бүтээсэн. Үүнийг үрслүүлж, байгалийн бүтээсэн янзаар нь ургуулна гэдэг дэлхий нийтийн үйлсэд нэмэрлэх том ажил юм. Хууль тогтоох байгууллага, бодлого гаргадаг хүмүүс үүнийг дэмжиж хамтарч ажиллаж байгаад баяртай байгаа.

Нэг мод 500 наслахдаа хэчнээн хүний байгальд учруулсан хохирлыг эргүүлж нөхөх вэ гэдгийг бодох ёстой” гээд телевиз, сонинууд экологийн ногоон булан хөтөлж, түүнийг хариуцсан, экологи, байгаль орчны хойноос хөөцөлддөг зүрх сэтгэлтэй  сэтгүүлчидтэй болсонд талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хавар, тавдугаар сард тэмдэглэсэн Мод Тарих үндэсний өдрийн үеэр хэвлэлд ярилцлага өгөхдөө нийт 20 гаруй мянган мод тарьж, 500 гаруй мянган тарьц бий болгосон хэмээж байсан юм. Өнөөдөр түүний тарьсан мод дахин шинэс, хуш модод, улаалзганын суулгацаар нэмэгдлээ.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд тус Модлог ургамлын цэцэрлэгт мод тарьж цэнэг усалгаа хийлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10010
0 эможи
keyboard_arrow_up