Ц.Оюундарь: Фракц бүрээс нэг сайдыг татах хэрэгтэй гэх хүн ч байна
-УИХ-ын чуулганы хуралдаан эхлэх дөхөж улс төр идэвхижиж байна. Нийгэм, эдийн засгийн хувьд асуудалтай байгааг энэ намар хаа хаанаа хөндөх бололтой. Энэ бүх асуудалд АН-ын удирдлагад байгаа хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Манайхан дотоод шүүмжлэлд дасаагүй ард түмэн юм. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд МАН зонхилон эрх барьж байсан. Бүх асуудлыг дотооддоо, хаалттай шийддэг байлаа. Гаднаас нь харахад бүх зүйл өнгөлөг хэрнээ асуудал хүндрээд задрахаараа ямар зүйл болдгийг өнгөрсөн сонгууль харуулсан.
Тэгэхээр эрх баригч хүчний бүх асуудал нээлттэй байх ёстой. Энэхүү нээлттэй байдалд сэтгүүлчид, ард түмэн дасахгүй байна. Хэрэлдээд эхэллээ юу болох бол гэж хүлээгээд л. Авгай, нөхөр хоёр хэрэлдэхээр хөрш нь сандрахдаа цагдаа дуудаж, ирэхэд нь тэврэлдчихсэн сууж байдаг шиг. Тийм л зүйл болоод байна гэж би харж байгаа.
Хоёрдугаарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд сонгогдохдоо авилгатай тэмцэнэ гэж гарч ирсэн. Сая 2013 онд сонгогдоход нь ч мөрийн хөтөлбөрийнх нь багагүй орон зайг авилгатай холбоотой асуудал эзэлж байсан. Авилга гэдэг зүйл эрх мэдэлтнүүдэд л байдаг. Тиймээс эрх мэдэлтнүүдийг хүний өөрийн гэлгүй шалгаж байж авилгатай тэмцэх ажиллагаа эхэлнэ.
Энэ тохиолдолд “Өөрсдийн хүмүүсээ бариад эхэллээ. Дараа нь яах бол” гэх мэтээр хүлээж, хошуурч байгаа нь шинэ соёлд дасаагүйнх. Авилгатай тэмцэх энэ процесс бол АН-аас нэр дэвшин гарч ирсэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа.
АТГ бол бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ жишээн дээрээс үндэслээд хэлэхэд нийгэмд болж байгаа энэ бүхэн жирийн процесс юм. Жирийн процессийг хүмүүс хэтэрхий дөвийлгөж хараад байна.
-Таны хэлж буй жирийн процесс дотор олон асуудал нуугдаж байгаа гэдгийг хүмүүс шүүмжилж байгаа. Жишээ нь эдийн засаг хүндрэлтэй байна. Гэтэл ийм зүйлийг шүүмжилж байсан АН-ынхан өөрсдөө энэ удаа төрийн эрхэнд байдаг?
Эдийн засгийн асуудал өнөөдөр гэнэт бий болчихоогүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Олон жил хуримтлагдсаны зэрэгцээ эдийн засаг сайн байхад Монголд хөрөнгө хуримтлуулж чадаагүй. Байгаагаа, үрээд, зарцуулаад ирсэн.
Эцэст нь асуудал үүсэхээр тансаг хэрэглээг нь буцаан хумихад ихээхэн хэцүү байдаг. Эхнээсээ тансаг хэрэглээгээ хязгаарлаад, хуримтлал үүсгэчихсэн байсан бол өнөөдөр нүүрсний үнэ бараг гурав дахин унаж байхад тэр хэмжээгээр нь нийгмээ аваад явах боломж байсан.
Жишээ нь 2012 оны сонгуулийн өмнө тавьсан өрийг жилийн дотор төлж дуусгах байсан бол түүхий эдийн үнэ буурах тусам эргэн төлөлтийн хугацаа уртсаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор орлого орж ирэхгүй байгаа нь үнэн. Энэ нөхцөлд менежмент хийх үүрэг нь Эдийн засгийн хөгжлийн яаманд байсан. Тус яам үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна" гэдэг шүүмжлэл бодитой.
Үүнийг нам дотор ч тэр хэвлэлийнхэн ч тэр ил тод ярьж байгаа. "Эдийн засгийн хөгжлийн яам зөв бодлогоо явуулаач ээ. Ганц хүний толгойгоор удирдаад байна.
Дор хаяж орон нутгаа яаж хөгжүүлэх юм. Орлого тасалдлаа гээд суугаад байлгүй ажиллах хэрэгтэй байна" гэдэг шүүмжлэл байнга гарч байсан. Тэгэхээр хариуцлага тооцох ёстой гэдэг асуудлыг хангалттай ярьж байна гэсэн үг.
-Ийм шүүмжлэлийг аргацааж өнгөрөөхийн тулд Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм биш биз. МАН-ынхан хөтөлбөрийн хэрэгжилтэд хангалтгүй гэсэн дүн тавьснаа хэлчихлээ. Харин АН-ын хувьд?
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хөтөлбөрийг санаачлах болсон нь олон хууль нэгнээ чагталчихаад байсан учраас тэр чагтыг мултлах гол зорилготой байсан.
Яагаад яаралтай, эдийн засгийг эрчимжүүлэх гэж томъёолсон бэ гэвэл УИХ дээр дараалал зөрчиж, хуулиудыг хурдан хэлэлцэж шийдвэрлэхийн тулд хөтөлбөр болгон дэвшүүлсэн.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хөтөлбөрийг санаачлах болсон нь олон хууль нэгнээ чагталчихаад байсан учраас тэр чагтыг мултлах гол зорилготой байсан.
УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө гол хуулиудаа баталж чадсан ч төлөвлөсөн хэмжээнд хүрч чадаагүй. Гэхдээ гадны хөрөнгө оруулалтыг татах, таатай нөхцөл бүрдүүлэх эрх зүйн орчингоо баталж гаргасны үндсэн дээр Оюу толгойн гэрээ хэлэлцээр нэлээд нааштай болж Таван толгойд хөрөнгө оруулалт орж байна. Энэ мэтээр эхлэл тавигдсан байна.
-Бодит үр дүн гарахыг хэн хүнгүй хүлээж байгаа. Та нар хийсэн, эхлүүлсэн энэ ажлаа ямар үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа юм?
Бодит өсөлт түүхий эдийн үнийн өсөлттэй шууд холбоотой. Манай эдийн засаг өөрөө өөрийгөө тэтгэх хэмжээний өсөлтийг МАН- ын үед ч манай үед ч гаргаж байгаагүй. Бүх л цаг үеийн эдийн засгийн өсөлт түүхий эдийн үнийн өсөлтөөс л хамаардаг шүү дээ
-Та бүх зүйл гадны хүчин зүйлтэй холбоотой гэж байх шиг байна. Харин Н.Алтанхуяг сайд “Бидэнд буруу байж. Xариуцлага тооцно. Цомхотгоно” гээд мэдэгдчихлээ?
Намын мөрийн хөтөлбөр бол сонгогдсон улсын их хурлын гишүүд болон томилсон засгийн газраараа дамжиж хэрэгждэг. Одоо явж буй бодлого 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт шүү дээ. Мөрийн хөтөлбөрөөс гажсан зүйл байвал нам үүнийг нь авч хэлэлцэх ёстой.
Тэгээд ямар хэмжээнд ажиллаж байгаагаа мэдэхийн тулд хоёр жил тутамд бид суурь судалгаа хийдэг. Суурь судлагаа ид хийгдэж байна. Судалгааны дүн гарахаар АН-ын бүлэг алдаа, оноогоо дэнслэнэ. Оны эхэнд Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн концепц гаргасан. Үүний дагуу зардлыг танаж засаг цомхон чадварлаг болох ёстой болсон.
Харин өмнө нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд хүн бүр ажилтай орлоготой болох ёстой учраас Хөдөлмөрийн яамыг эдийн засаг солонгорох ёстой учир Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулъя гэж шийдсэн.
Ингэж л “Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаа бас эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор яамдынхаа тоог цөөлвөл яасан юм. Зардлыг хэмнэх ажлаа Засгийн газраасаа эхэлвэл яасан юм” гэж нам дотор ихээхэн яригдсан.
Тиймээс ерөнхий сайд Н.Алтанхуягийг мэдэгдэл гаргаж засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх нь зүйтэй юм байна гэдэг санааг дэвшүүлсэн. Тодотгож хэлэхэд Ерөнхий сайд Засгийн газрын тэргүүнийхээ хувьд мэдэгдэл хийсэн гэж ойлгож байгаа.
Үүнийг нь намын бүлгээр хэлэлцэх ёстой. АН-ын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг удахгүй хийх гэж байгаа. Энэ зөвлөгөөнөөр Засгийн газрын бүтэц ямар байх ёстой вэ гэх мэтээр хэлэлцэнэ.
-Тэгэхээр Засгийн газрын хэдэн хувийг цомхотголд оруулах бол гэх мэтээр таамаглал гараад эхэлчихэж. Ямар болгохоор ярилцаж байгаа юм?
Нарийн хэлэлцэж эхлээгүй байна. Н.Алтанхуяг сайд Засгийн газрын тэргүүнийхээ хувьд төлөвлөгөө гаргах ёстой. Үүнийгээ бүлэг дээр танилцуулсных нь дараа бид хэлэлцэж эхэлнэ. Чуулган эхлээд бүлгийн эхний хуралд төлөвлөгөөгөө танилцуулчих байх. Одоо судалж байгаа учраас ямар нэг тоо хэлэх боломж алга.
-Нам, Засгийн газрын нэр хүндэд халтай гишүүд гэж хэнийг тодотгох вэ? Н.Батбаяр сайдтай хамт хэнээр туг тахих вэ гээд танай намд томоохон хэрүүл эхэлсэн гэх яриа тархсан?
Ажлаа хийж чадахгүй байгаа сайдуудыг хүнийх нь хувьд ч өөрчилнө гэж Ерөнхий сайд мэдэгдэлдээ хэлсэн. Давхар бүтцийн өөрчлөлт ч хийнэ гэж байгаа.
Энэ өөрчлөлтийг хийхийн тулд их нарийн судалгаа хийх ёстой. Яагаад вэ гэвэл бүтцийн өөрчлөлтийг олон асуудал дагадаг. Өмнө нь хэрэгжиж байсан төсөлт хөтөлбөр зогсох уу, үргэлжлэх үү гэх мэтээр. Судалгаагаа ч хийгээд эхэлсэн. Аль яамыг алинтай нь нийлүүлбэл эхлүүлснээ зогсоолгүй хадгалах боломжтой вэ гэж.
Магадгүй Н.Батбаяр сайд олон сар, жил балбууллаа. Тэр хүнд бодол байгааг үгүйсгэх аргагүй. Тэр хүнд тайлбар хийх эрх нь бий. Бид л балбаад байгаа болохоос өөрийгөө хамгаалж дуугарах эрхтэй. Хэрэв өөрийгөө хамгаалж чадахгүй бол хариуцлагыг нь тооцох ёстой.
-Фракц бүрээс нэг сайдыг явуулъя гээд л асуудлыг шийдчих байх даа?
Яах вэ гэдгээ шийдээгүй. Олон өөр санал ирж байгаа. Фракц бүрээс нэг сайдыг татах хэрэгтэй гэх хүн ч байна. Гэхдээ ажил хийсэн байдлаар нь ангилж асуудалд хандах ёстой гэсэн үзэл давамгайлж байгаа.
Гэхдээ ажил хийсэн байдлаар нь ангилж асуудалд хандах ёстой гэсэн үзэл давамгайлж байгаа.
-Засгийн газарт орох энэ өөрчлөлтийг далимдуулах магадлал өндөр. Бүтцийн өөрчлөлт хийх бус Засгийн газар огцрох хэмжээнд асуудал яригдах юм биш биз. Тийм мессеж цацагдаад эхэлсэн?
-Намын нийт гишүүд дунд 1996 оны үе давтагдах вий гэсэн болгоомжлол бий. Хүн бүхэн ийм айдас өвөрлөж байгаа учраас тухайн үеийн үйл явдал давтагдахгүй гэсэн үг. Хэрвээ хэн нэгэн гарч ирээд томоохон концепц дэвшүүлбэл нам хэзээд хуралдаад түүнийг нь хэлэлцэж болно.
АН-ын дүрмээр ҮЗХ-ны 2014 оны хоёр дахь хурлаа хийгээгүй байна. Тэгэхээр тийм үзэл санаа дэвшүүлбэл арав, арваннэгдүгээр сард хуралдаад хэлэлцэж болно. Харин өнөөдөр концепц огт ярихгүй, тэрийг соливол энэ очно гэх мэтээр сандал ширээ яриад байгаа юм. Нам сандал ширээг бус үзэл санааг хэлэлцэнэ.
-Би намын дарга болъё. Н.Алтанхуягийн оронд очоод ийм ажил хийнэ гээд хэн нэг нь хэлбэл асуудлыг яаралтай хэлэлцэж болно гэсэн үг үү?
-Тийм. Яагаад гэвэл эдийн засгийн хүндрэлээс яаж гарах юм. Нөгөө л түүхий эдийн үнэ өсөхийг хүлээгээд суугаад байх юм уу гэдэг асуудал бий. Эсвэл өөр концепц дэвшүүлээд “Ийм багаар ингэж ажиллахад хоёр жилийн дотор үр дүнг нь үзэх юм байна. Энэ Засгийн газар үүн дээр алджээ. Одоо ингэж хожих юм байна” гэсэн бодлого байвал гаргаад ирэг. Тэр тохиолдолд нам хэлэлцэхэд бэлэн.
-Саяхны нэг жагсаал дээр ардчиллаас татгалзъя гэдэг үг хүчтэй хэлэгдэж байсан. АН л ийм байдалд хүргэсэн гэгдэж байна билээ?
-Ардчиллыг зөвхөн АН бэхжүүлнэ гэж байхгүй. Бид 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсан. Тэр Үндсэн хуульд Монгол улс ардчилсан зарчмаар улс орныг удирдана. Ардчилсан, хүнлэг нийгмийг байгуулна. Зах зээлийн чөлөөт нийгэм рүү шилжинэ гээд заачихсан. Тэгэхээр тэр жагсагчид ардчиллыг байхгүй болгоё гэж байгаа бол Үндсэн хуулийн эсрэг үйлдэл юм.