Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон Г.Тэнгэр МИАТ-ийн захирлаар ТОМИЛОГДОХООР намынхаа ах нараас гуйж явна

Төрийн өмчит компанийн удирдлагыг мэргэжлийн чадвар, ажлын үр дүнгээр сонгодог уу, эсвэл намын дэмжлэг томилгоог шийддэг үү? МАН-ын гишүүн Г.Тэнгэрийг МАН ах нарынхаа дэмжлэгээр МИАТ-ийн захирлаар томилохоор тохирсон гэх мэдээлэл энэ асуултыг дахин сөхөж байна.
Г.Тэнгэрийн нэр өмнө нь Элчин сайдын томилгоонд хэд хэдэн удаа яригдаж байсан гэх мэдээлэл бий. Гэвч гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан тул шалгуур хангаагүй гэсэн үндэслэлээр нэр нь буцсан гэдэг.
Тэрбээр Элчин сайдын суудал горилж, хоёр, гурван удаа нэр нь буцсан ч энэ удаа төрийн өмчит МИАТ компанийн захирлын суудалд очихоор хөөцөлдөж байгаа нь энэ.
Түүнийг намынхны дэмжлэгээр уг албан тушаалд томилох тохироо хийгдсэн гэж намынхан нь ярьж байна. Үүнтэй зэрэгцэн цахим орчинд МИАТ-ийн одоогийн удирдлагын нэр хүндийг зохион байгуулалтайгаар харлуулах, унагах агуулгатай мэдээлэл түгэх болсон нь анхаарал татаж байгаа юм.
Энэ давхцал нь томилгооны төлөөх зохион байгуулалттай шахалт байж болзошгүй гэх хардлага төрүүлж байна. Эхлээд одоогийн удирдлагын нэр хүндийг унагаж, дараа нь албан тушаалаас нь чөлөөлөх шахалт үүсгэн, сул гарсан суудалд намын дэмжлэгтэй хүнээ томилуулах зам засдаг дараалал энд давтагдаж байна уу гэдэг нь анхаарал татаж буй.
Энэ арга бол Г.Тэнгэрийн өлхөн хийж чадах ажил гэдгийг ойрын эх сурвалжууд дурдаж байгаа юм.
Г.Тэнгэр өмнө нь намын нэрээр томилогдсон ажил, алба тушаалаа хэрхэн дампууруулж, унагасныг баримттайгаар хүргэе.
Үндэсний аудитын газар 2026 оны гуравдугаар сарын 16-нд Г.Тэнгэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд "Хязгаарлалттай дүгнэлт" өгчээ.
Аудитаар оффисын түрээсийн зардлыг тогтоосон дээд хязгаараас 73 сая төгрөгөөр хэтрүүлсэн, компанийн данснаас зориулалт бусаар хөрөнгө зарцуулсан, шатахууныг нормоос илүү олгосон зэрэг зөрчил илэрсэн байна. Эдгээр зөрчилд акт тогтоож, албан шаардлага хүргүүлжээ.
Мөн гэрээ болон захирлын тушаалын төслийг хянах үүрэгтэй ахлах мэргэжилтэн ажиллаж байхад хувийн өмгөөллийн компанитай давхар гэрээ байгуулж, 36 сая төгрөгийн зардал гаргасныг аудит зөрчил гэж үзсэн байна.
Түүнчлэн Станцын төсөл төлөвлөсөн хугацаандаа хэрэгжээгүй бөгөөд компани 2025 онд 6.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Өөрөөр хэлбэл, Г.Тэнгэрийн удирдсан хугацаанд компани алдагдалтай ажиллахаас өөр үр дүн гаргаагүй байна.
Тэгвэл таван жил удирдсан “Тавантолгой ДЦС"-ыг ₮6.99 тэрбумын алдагдалтай ажиллуулсан Г.Тэнгэрийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮175 сая
Гэр бүлийн орлого: ₮156 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,7 тэрбум /Орон сууц-1, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮195 сая / Жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Criuser 300 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮10 сая /Эзэмших-0.07га-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮101 сая
Хадгаламж: ₮252 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮1,8 сая гэж мэдүүлжээ.
Дашрамд сонирхуулахад, Г.Тэнгэрийн эхнэр А.Шижирмаа нь Монголбанкны дотоод аудитын газрын захирлаар томилогдож, нөхрийнхөө нэрээр сул цалин аваад суудаг гэж хэлэхэд хэлсдэхгүй. 2026 оны сар шинийн өмнөхөн Г.Тэнгэр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэртээ гар хүрч, хүчирхийлэл үйлдсэн хэмээн цагдаагийн байгууллагад шалгагдаж байв.
Энэ удаад Г.Тэнгэр өөрийн эрх ашгийн төлөө МИАТ-ийн даргын албанд тооноор орж залрахаар намынхаа ах нарын өрөөгөөр орж, хүслийг нь биелүүлнэ хэмээн завгүй гүйж яваа сурагтай.

