Эрх баригчдын дотоод улстөржилтөөс болж “Төсвийн тодотгол“-ыг хэлэлцэж чадалгүй бүтэн сарын нүүр үзлээ

Улс орны эдийн засаг, иргэдийн амьдралтай шууд холбоотой асуудал болох 2026 оны төсвийн тодотгол улс төрийн маргаан, дотоод зөрчлийн дунд хугацаа алдаж байна.
Засгийн газар 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг наймдугаар сарын 20-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Үүнд улсын төсөв төдийгүй Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт өөрчлөлт оруулах төслүүд багтсан.
Гэвч иргэд, аж ахуйн нэгжүүдэд хамаатай төсвийн бодит шийдвэрийг хурдан гаргаж, тодорхойгүй байдлыг арилгах ёстой атал эрх баригчдын улс төрийн зөрчил, талцал гол асуудлаасаа давсан дүр зураг харагдав.
УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 7-нд эхэлж, энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт төсвийн тодотголыг нэн даруй хэлэлцэж, иргэдэд ирж буй дарамтыг бууруулах арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж байв.
Гэвч асуудал үүгээр дууссангүй.
Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг есдүгээр сарын 14-нд явагдаж, улмаар гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлсэн.
Өөрөөр хэлбэл, төрийн санхүү, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой чухал шийдвэрийг яаралтай гаргах ёстой байсан цаг хугацаанд улс төрийн тохироо, дотоод зөрчил, талцал асуудлыг улам сунжруулж байна гэх шүүмжлэл дагуулж байгаа юм.
Төсвийн тодотгол хойшлох бүрд төрийн байгууллагуудын санхүүжилт, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээ, иргэдэд чиглэсэн зарим шийдвэрүүдийн хэрэгжилтэд тодорхойгүй байдал үүсэх эрсдэлтэй.
Өнөөдөр иргэн бүрийн амьдралд улс төрийн дотоод зөрчлөөс илүүтэй үнэ өсөх эсэх, ажлын байр хадгалагдах эсэх, төрөөс үзүүлэх үйлчилгээ тасалдах эсэх, цалин тэтгэвэр болон нийгмийн хамгааллын бодлого хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг нь чухал байна.
Гэтэл эрх баригчид эдгээр асуудлыг нэн тэргүүнд тавихын оронд өөрсдийн улс төрийн зөрчил, эрх мэдлийн тэмцлээ түрүүлж тавьж байгаа мэт харагдах нь иргэдийн итгэлийг улам сулруулна.
Нэг сар гаруйн хугацаанд төсвийн тодотгол тойрсон хэлэлцүүлэг үргэлжилж байгаа нь өөрөө төрийн шийдвэр гаргалт хэр зэрэг удааширсныг харуулж байна. Есдүгээр сарын сүүлчээр ч УИХ-ын товт төсвийн тодотголтой холбоотой хэд хэдэн асуудал дараагийн хэлэлцүүлгийн шатанд байгааг харж болно.
Иргэдийн амьдралтай холбоотой төсвийн асуудлыг нэн тэргүүнд тавих уу, эсвэл дотоод улс төрийн зөрчил, эрх мэдлийн тэмцлээ үргэлжлүүлэх үү?
Төсөв бол улс төрчдийн маргааны сэдэв төдий зүйл биш. Төсөв бол иргэн бүрийн амьдрал, бизнес бүрийн орлого, төрийн үйлчилгээ бүрийн санхүүжилттэй холбоотой бодит шийдвэр.
Тиймээс эрх баригчид дотоод улс төрийн зөрчлөө хойш тавьж, төсвийн тодотголыг ажил хэрэгчээр хэлэлцэн, тодорхой шийдвэр гаргах шаардлагатай байна.
