МАН-ын гишүүдэд Удирдах зөвлөлийн шийдвэр үйлчлэхээ БОЛЬЖЭЭ

МАН дангаараа сүүлийн 10 жил олонх болж, төрийн эрхийг барьж байна. Энэ хугацаанд тав дахь Ерөнхий сайдын нүүр үзэж, 7 удаагийн Засгийн газрыг байгуулжээ.
Удаа дараагийн сонгуулийн ялалт, олонх болсон МАН өөрөө өөрийнхөө зовлон болов. Өнгөрсөн хугацаанд сайд, гишүүн, дарга хийж үзээгүй намын гишүүн үлдсэнгүй. Эрх мэдлийн төлөө ах дүү, амраг садан, найз нөхөд, хамтрагчид гээд бүгд хоёр хуваагдаж, нэгнээ хулгайч, авлигачаар нь цоллож, нэр цэвэр, төрийн төлөө гэх сэтгэлтэй хүн ч үлдсэнгүй.
МАН-ын даргаар Н.Учрал сонгогдсон цагаас эхлэн намаа нэгтгэн, төрийг төвшитгөх байх хэмээн хүлээсэн боловч өнөөдөр эх баригч нам хэдэнтээ хуваагдаж, эв зүйгээ олохгүй явна.
Намын даргынх нь үг үг байхаа больж, Удирдах зөвлөлийнх нь шийдвэр ч намын гишүүддээ үйлчлэхээ больж аргаа барж байна.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд МАН-ын Удирдах зөвлөл төрийн ордонд хуралдаж ХЗДХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох саналыг дэмжсэн шийдвэр гаргасан. Атал уг шийдвэр 09 дүгээс сарын 17-нд гарснаас хойш тав хоногийн хугацаанд УИХ-ын чуулганы ирц бүрдэлгүй, УИХ дахь МАН-ын гишүүд чуулгандаа орохгүй “бойкотлож” байна.
МАН-ын генсек Я.Содбаатар мэдээлэл хийхдээ “УЗ-ийн шийдвэрийг дагахгүй намын гишүүдээ намаасаа хөөнө” гэж хүртэл мэдэгдсэн. Нарийн бичгийн даргын энэ үг тунхагийн шинжтэй болж хувирч, өнөөдөр чуулгандаа ороод өгөөч хэмээн намын гишүүд нь УИХ-ын гишүүд рүүгээ утас цохин, аргадаж гуйж байна. Байдал ингэтлээ дорджээ.
МАН-ын гишүүдээ удирдлагууд нь нэгтгэж, удирдаж чадахаа больсон нь сүүлийн нэг жилийн хугацаанд өрнөсөн кэйсүүд тод харуулна.
Монголын төрд хямралыг авчирсан МАН өөрөө удирдлагын хомсдолд нэгэнт оржээ!

