Н.Номтойбаярын санал болгосноор ХЗДХ-ийн сайдад томилогдох Г.Тэмүүлэн ₮2,2 тэрбумын 3 ОРОН СУУЦТАЙ, ₮1,2 тэрбумын 2 МАШИНТАЙ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2026.09.17/ хуралдаж, дараагийн Хууль зүйн сайдын томилгоог хэлэлцэнэ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилуулах тохироо хийгдсэн гэх мэдээлэл байна.
Тодруулбал, Хууль зүйн сайдад Д.Цогтбаатар, Л.Мөнхбаатар нар яригдсан бөгөөд Г.Тэмүүлэнг залуу хүний хувьд итгэл үзүүлэхээр болсон гэв. Г.Тэмүүлэнгийн хувьд энэ удаагийн засагт оруулах саналыг Шадар сайд Н.Номтойбаяр гаргаж, Ерөнхий сайдад танилцуулсан гэх яриа дотроос гарсан. Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр, Д.Амарбаясгалан нар эртний найзууд, олон жил МАН-д мөр зэрэгцэн нөхөрлөж яваа залуус. Тухайн үед баян айлын хүүхдүүд нэг фракц болж намд хүч түрэн орж ирлээ гэх яриа газар аваад байсан. Ерөнхий сайд Н.Учралын хувьд Н.Номтойбаярт найр тавих, түүний эвийг олж тогтоох шалтгаан бас бий. Тиймээс Шадар сайд Н.Номтойбаярын санал болгосон хүнийг ийнхүү дэмжиж оруулж иржээ.
Сүүлд Шадар сайд Н.Номтойбаярын хамаарал бүхий МАК компани Шүүхийн шийдвэрт 53 тэрбумын өртэй хэмээх мэдээлэл гарсан. Түүний хувьд ШШГЕГ-ын дарга А.Намсамандыг шүүмжилсэн мэдээлэл өгч байсан тул шинээр томилогдох ХЗДХ-ийн шинэ сайд Шадар сайдын энэ өрийн асуудал дээр хэрхэн ажиллахыг харах л үлдлээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төрийн албанд Ашигт малтмал, газрын тосны газраас ажлын гараагаа эхэлж, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дэд захирал, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, улмаар Уул уурхайн дэд сайдын албыг хашиж байв.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд 2016 оноос УИХ-д 3 удаа дараалан сонгогдсон. Тэрээр өмнө нь Сангийн сайд, эдийн засгийн сайдын суудалд нэр нь яригдаж байсан ч фракциудын дэмжлэг авч чадалгүй үлдэж байсан удаатай.
Тэгвэл ХЗДХ-ийн сайдаар томилогдох Г.Тэмүүлэнгийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮75 сая
Гэр бүлийн орлого: ₮134 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,2 тэрбум /Орон сууц-3 /
Тээврийн хэрэгсэл: ₮1,2 тэрбум / Lexus LX 600 , Mercedes Benz G 500 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮523 сая /Адуу-52, Адуу-20/
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮15 сая
Хадгаламж: ₮94 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮303 сая гэж мэдүүлжээ.







