Б.Сэргэлэнбаатарын “булхай”-г илчилсэн гавьяагаараа НИТХ-ын дарга болохыг хүссэн Д.Ихбаярт Н.Учрал итгэл үзүүлэх үү

МАН дотрох хотыг авах гэсэн фракциудын зодоон ид өрнөж байгаа энэ цаг үед хэн бүхэн эрх мэдлийн төлөө өөрийгөө ч голохгүй зүтгэж буй.
Үүний нэг нь НИТХ-ын төлөөлөгчөөс гадна гурван албан тушаал зэрэг хашдаг Д.Ихбаяр юм.
Д.Ихбаярын хувьд аль эртнээс Ерөнхий сайд Н.Учралын нэр дор хотын удидлага болох хүсэлтэй дээгүүр доогуур нилээн гүйсэн. Тэрбээр хотын дарга Х.Нямбаатарын фракцыг задлах үүрэг авч, ойр тойрны хүмүүсийнх нь “булхай”-г илчлэх, олон нийтэд түгээхэд ихээхэн голлох үүрэгтэй оролцсон нэгэн. Түүний ажлын үр дүн гарч НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг АТГ-аас хорьж, 48 цаг байцаалт авч шалгаад эхэлсэн.
Х.Нямбаатар, Э.Бат-Амгалан нарын Нийслэлийн МАН-ын төлөөх зодоонд хамгийн их боломжийг өөртөө бүрдүүлж, Ерөнхий сайдын нэрийг барьж НИТХ-ын дарга болохоор гүйж буй сүйхээтэй төлөөлөгч бол Д.Ихбаяр.
Хийсэн ажилгүй ч албан тушаалыг бол зэрэг зэрэг хашдаг гэдгээрээ нийслэлийн МАН-д алдаршаад буй.
БГД-ээс сонгогдсон Д.Ихбаяр нь өнөөдрийн байдлаар НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дэх МАН-ын бүлгийн дарга, Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжил хариуцсан орон тооны зөвлөх, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг дөрвөн “давхар дээлтэй” хурган дарга болоод буй.
Нам дагавал ямар ч “угжны хурга” томорч болдогийг төлөөлөгч Д.Ихбаяраас харж болно.
2028 оны сонгууль болоход хоёрхон жил дутуу байхад нийслэлийг гал авч үзээгүй, намын угжны хургууд удирдаад явна гэдэг хэцүү. Нийслэлийн 45 төлөөлөгчөөс эхлээд Ерөнхий сайд Н.Учрал хүртэл Д.Ихбаярт итгэл үзүүлж, “гал”-аа даатгах нь юу л бол?!
Цагтаа бүх боломжоор нь дэмжээд сонгуульд нэр дэвших квот хүртэл олгосон нийслэлийн МАН-ын дарга асан Д.Сумьяабазар, Х.Нямбаатар нарын итгэлээр Д.Ихбаярт сонгогчид нь хүртэл итгэх үү?







