Шүүгч Д.Тогтохсүрэнгийн эрүүл мэндийн байдлыг харгалзан суллаж, хилээр гарахыг хязгаарлах захирамж гаргажээ

УИХ-ын гишүүн асан, МАН-ын бүлгийн дарга байсан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” буюу “Монголросцветмет”-ийн ТӨҮГ-ын захирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд АТГ-ынхан прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд энэ сарын 3-ны өдөр НЭГЖЛЭГ хийж, 48 цаг түр саатуулаад байсан талаар өмнө бид мэдээлж байсан.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй.
Мөн түүнийг зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, хятадуудаас онц их хэмжээний хахууль авсан хэрэгт нэмж шалгаж эхэлсэн билээ.
Тэгвэл дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун яллагдагч Д.Тогтохсүрэнгийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнийг суллаж, хилээр гарахыг хязгаарлах, хэргийн бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглосон захирамж гаргажээ.





