Эрүүл мэндийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганмаа ажиллана

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэд 11 бодлогын хороо байгуулан ажлуулж эхлээд байна.
Эрүүл мэндийн бодлогын хороо өнөөдөр /2026.01.29/ анхны хурлаа хийж бодлого чиглэлээ тодорхойлж, ажил үүргийн хуваарилалтаа хийлээ. Тус бодлогын хорооны анхны хуралд Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар оролцож үүрэг чиглэл өглөө.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн салбар бол төрөөс иргэдэд хүргэдэд хамгийн том, хамгийн амин чухал салбар. Эрүүл мэндийн салбар гээд ярихаар зөвхөн эмнэлэг, өвчлөл яриад өнгөрөх бус боловсрол, нийгмийн эрүүл мэндийн асуудал, үйлчилгээ, хүртээмж гээд маш олон асуудал хөндөгддөг. Тиймээс Эрүүл мэндийн бодлогын хорооны ажил хариуцлагатай” гэдгийг тодотголоо.
Эрүүл мэндийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганмаа ажиллана.
Харин бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд болон мэргэжлийн байгууллагын төлөөллүүд багтаж байна.
Эрүүл мэндийн бодлогын хороо анхны хурлаараа баг бүрэлдэхүүнээ хуваарилж, хийх ажлуудаа төлөвлөлөө. Тус бодлогын хороо дотроо Дата баг, Эрүүл мэндийн боловсролын баг, Эрүүл мэндийн даатгалын баг, Хяналт шинжилгээ үнэлгээний баг, Эмийн баг гэсэн багуудад хуваарилагдан ажиллаж эхэллээ.





















