Г.Занданшатар: А.Ариунзаяа та Тусгаар тогтнолын ордонд биш Төрийн ордонд байна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын 10 гишүүн асуулт асуухаар нэр өгөв.
Ерөнхий сайд Г.Занданшатар "А.Ариунзаяа та Тусгаар тогтнолын ордонд биш Төрийн ордонд байна. Тиймээс би энд намын асуудлыг ярихгүй.
Би нүүрсний хулгай дээрмийг таслан зогсоох тухай анх ажил авахдаа л ярьж эхэлсэн. Тиймээс намын асуудлыг энд ярихгүй.
Би Засгийн газрын тэргүүний хувьд эдийн засгаа яаж сэргээж, багш, эмч нарын цалин яаж нэмэх вэ гэдэгт л анхаарсан. Энэ бүх асуудал нүүрсний хулгайг яаж таслан зогсоохтой л холбогддог.
Би Үндсэн хууль зөрчөөгүй. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тодорхойлдог хүн нь та биш" гэв.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн: Засгийн газрын тэргүүнээ 4 сарын өмнө бид нэгдсэн саналтайгаар сонгосон. Гэтэл 4 сарын дараа огцруулах талаар яриад сууж байна. Засгийн газрыг огцруулах эсэхэд ултай суурьтай ханддаг баймаар байна. Ерөнхий сайдыг гурван үндэслэлээр огцруулах талаар хэлэлцэж байгаа юм байна. Ерөнхий сайд аа, гадаа талбайд багш, эмч цалингаа нэмүүлэх гээд жагсаж байгаа. Гэхдээ та хулгай, дээрэм, авлигын асуудалтай жинтэй тэмцэх гээд яваад байх шиг байна. Гэтэл энэ үед таныг огцруулах асуудал сөхөгдөж байгааг та юу гэж харж байна вэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газар сайн ажилласан, огцруулах үндэслэл хайгаад би олсонгүй. Засгийн газрын гарааны 3 сар эдийн засгаа өөдөн татаж, баялгийн хулгайтай тэмцэж, эх орныхоо эдийн засгийн сэргээсэн өдрүүд байлаа. Жишээлбэл, "Эрдэнэс тавантолгой"-д онцгой дэглэм тогтоосон ганцхан сарын дотор экспорт сая саяаар өслөө. Валютын нөөц өслөө. Бодитой хулгайтай тэмцсэн, Засгийн газар сайн ажилласан. Бүх шатанд байгаа хулгайтай тэмцсэн. Энэ ажлуудыг л хийсэн. Намын их, бага хуралдаа ч байгаагүй юм.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Хэдүүлээ одоо тойрч худлаа яриад яах вэ. АМНАТ-тай холбоотой асуудлыг дандаа л Ж.Оджаргал захирал лоббиддог байсан. Улсаасаа том нэг компанитай болчихсон юм бол улсынхаа нэрийг “MCS” гэж өөрчилье.









